АТГ-ын үүдийг ардчилалынханд дэлгэх үү

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэвч тэд хуулиар баталгаажсан бүрэн эрхтэй учраас УИХ зөвшөөрөхгүй бол шүүгдэхгүй. УИХ Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хэлэлцэлгүй долоон сарыг үдэж байна. Эрхэм гишүүд тэдний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх асуудалд кноп дарах завгүйдээ биш сонирхолгүйдээ хойшлуулаад байгаа гэх. Тиймээс АТГ-ын даргын бүрэн эрхийн тухай үлгэр мэт яриа үргэлжилсээр байх болно. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон л бол ял эдлэхгүй юм гэхэд албан тушаалаа өгөх нь тодорхой. Харин хуулийн байгууллагуудаас хамгийн их мөнгөний эрх мэдэлтэй АТГ-ыг Ч.Сангарагчаагийн дараа хэн толгойлохыг улс төрийн хүрээнийхэн ажиглаж, хуульчид өөрсдийнхөө төлөө ханцуй дотроо залбирч суугаа. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг мэдлэг чадвараас нь гадна хэний хүн бэ гэх шалгуураар томилдог нь нууц биш. Үүнийг Д.Энхбат гишүүн “Хуулийг шинэчлэхгүй л бол ялсан намынх нь “харьяа”-ны хүн томиллогддог жишиг хэвээр байна” гэж тодорхойлсон удаатай. АТГ-ын даргын зөөлөн сэнтийд Д.Батсайхан шүүгчийг зүтгүүлж байгаа гэх яриа бий. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн шүүгч нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Ч.Сангарагчааг “хөөрхөн” чимхэчихсэн нь дээрх хардлагыг эхлүүлжээ. Бас түүнийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай дотно найз гэдгийг хуулийнхан хэлсэн. Тиймээс Д.Дорлигжав Ч.Сангарагчаатай “дайтаж” байгаа үед Д.Батсайхан байж болох л хувилбар.  Д.Батсайхан Булган аймгийн харьяат. Эрдэнэтийн прокурорын газарт ажиллаж байхаасаа Д.Дорлигжавтай нөхөрлөсөн гэх. Аймгууд дамжин прокуророор ажиллаж байсан тэрбээр ардчилалын эхэн үеэс тушаал дэвшиж Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогджээ. Улмаар 1999 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгчээр томилогджээ. Харин 2002 онд тушаал буурч Дээд шүүхийн шүүгч болж байжээ. Д.Батсайхан 2005 онд дахин Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн шүүгч болж хоёр жилийн өмнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд багтжээ. “Авлигтай тэмцэхэд загасны дэгээ ямар хэрэгтэй юм бэ” гэж албан тушаалынхаа зарчмыг үл тоон үзэл бодлоо илэрхийлсэн түүнийг Улсын ерөнхий прокурорын орлогч болно гэсэн яриа нэг үе байсан. Бүр “АТГ-ын даргаар томилохгүй бол Д.Дорлигжав дэргэдээ авах юм гэлээ” гэж ярих хуульчтай ч таарав.

Д.Батсайхан шүүгчтэй ардчилалын гэгдэх Ж.Энхнасан өрсөлдөж байгаа гэх яриа хуулийнхны дунд байна. Ж.Энхнасанг Д.Дорлигжав бус Ерөнхийлөгч АТГ-ын даргад зүтгүүлж буй гэх. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан түүнийг ардчилагчидтай холбохоос аргагүй. Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ж.Энхнасан 1996 онд Тагнуулын ерөнхий газрын дарга болсон. Тэр нь Эвслийн засгийн газар төрж барьж байсан үе. Тиймээс “Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Элбэгдоржийн халааснаас томилогдлоо” гэх яриа тухайн үед гарч байжээ. Харин “Гааль”-ийн Ж.Баатарын гэх хэрэг дуулиан дэгдэж улс төрийн хүрээнийхэн нэгийгээ тагнаж чагнасан гэх хэрэг мандахад ажлаа өгчээ. Түүнээс Тагнуулын ерөнхий газрын экс даргын сураг алдарсан билээ. Ж.Энхсайхан дарга ажлаа өгснөөс хойш нэг үе төрийн албанаас хол байхыг эрхэмлэсэн бололтой. Тэрбээр өдгөө Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэрбээр “Эх орон дуудлаа” гээд АТГ-т очиход бэлтгэж Ерөнхийлөгч найзынхаа дуудахыг хүлээж байгаа бололтой.

Харин улс төрд “улаан”-ыг баригчид ардчилагчдад мөчөөгөө өгөхгүй саяхан Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр сайн дураараа явсан С.Батдэлгэрт найдлага тавьж байгаа аж. С.Батдэлгэр Ерөнхий шүүгчийн албан тушаалд “түр” суусан аж. Түүнийг дараагийн томилгоог хүлээж суугаа гэдэгт хуулийнхан л лав эргэлзэхгүй байна. Дараагийн “том” томилгоо нь АТГ биш биз.

Б.Цэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих