Коронавирус ба дэлхийн Монголчууд

712-15851792993-26-11

Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Коронавирусын халдварын үед эдгээр иргэдэд тухайн орных нь Элчин сайдын яамдаар дамжуулан сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг хүргэсээр байгаа.   Онцгой  цаг үед хэд хэдэн улсад байгаа монгол иргэдтэй цахимаар холбогдож, цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Х.Болор-Эрдэнэ /Францын  Centre Val de Loire муж/:
ЭМНЭЛЭГ, ЦАГДААГААС БУСАД ТӨРИЙН АЛБАНЫ  АЖИЛ  ЗОГССОН
-Энэ мужид ойролцоогоор 170 орчим монголчууд амьдардаг. Бид бүгд  сайн байгаа. Монголчууд эх оронтойгоо холбоотой байж, мэдээлэл сайн авдаг учраас эртнээс хамгаалалтаа сайн хийсэн. Бүгд хорио цээрийн дэглэмээ сахиад гэр гэртээ байж байгаа.Ер нь бол энд  эзэнгүй болсон хотууд, айдастай мэдээллүүд  дүүрэн байна. Айгаад зурагт ч үзэж чадахгүй байгаа. Ард иргэдийг эмнэлэгт маск хандивлаач гэсэн уриалга манай хотын мэдээлэл дээр явж байсан.Тэгсэн хэрнээ маск зүүхийг огт зөвлөхгүй  байгаа нь хачирхалтай. Монголчууд өөрсдөө маск оёод  зүүчихсэн. Сүүлийн үед торгууль өсөж, хөл хориог чангалж, биедээ авч явах бичиг цаасыг  шинэчилж  байна. Түргэний машины дуу зогсолтгүй хангинаж байснаа одоо  дуулдахаа ч байсан. Зам тэртэй тэргүй чөлөөтэй болохоор машинуудад нь дохио орилуулах шаардлагагүй байгаа бололтой. Францын хэмжээнд нэг монгол эмэгтэй өвчилсөн гэсэн мэдээлэл байна. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Францад ирээд удаагүй учраас хэлний  бэрхшээлтэй байгаа дуулдсан. Гэхдээ орчуулга хийгээд, ойр зуурын харилцаа холбооны тус дэм үзүүлье гэсэн сэтгэгдлүүд их явж байна лээ. Францын монголчууд группуудээрээ дамжуулаад хоорондоо байнгын холбоотой, мэдээлэл сайтай байгаа.Харья, буцъя гэсэн хүн одоогоор байхгүй байна. Энэ улсад ажиллаж амьдардаг монголчуудын зүгээс эх орноо төлөөлөн хандив өргөх үйл ажиллагаанд хүмүүс нэгдэж байна. Бүх сургуулиуд онлайн хичээлийн зарчимд шилжсэн. Эмнэлэг, цагдаагаас бусад төрийн албаны үйл ажиллагаа зогссон. Улсын төв ассамблейн гаргасан шийдвэрүүдийг бүгд дагаж байгаа. Гэрээсээ 1 км-ээс илүү хол явах, гүйх, салхилахыг хориглосон. 1 км дотор ч байсан биедээ тусгай зөвшөөрлийн хуудас бөглөж авч гарч байх журам мөрдөгдөж байна. Франц даяар орой бүр 20 цагт эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан алга ташилт болдог уламжлал тогтсон.
Б.Сонсонбаясгалан /Япон улс Миеэ муж, Инабэ хот/:
ЯПОНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААГҮЙ ХЭВИЙН БАЙНА
-Би Японд ирээд зургаан сар болж байна. Миний амьдарч, ажиллаж байгаа  Миеэ мужийн Инабэ хотод ажил, амьдрал хэвийн үргэлжилж байна. Өглөө эрт ажилдаа яваад орой ирдэг болохоор коронавирусын талаар нарийн мэдээлэлгүй байна. Японд анх илэрснээс хойш халдварласан хүний тоо 1000  давсан ч япончуудын нэг сайн тал нь вирусыг цаг алдалгүй илрүүлдэг төхөөрөмж өөрсдөө ашиглаж байгаа гэж фэйсбүүкээс уншиж байсан юм байна. Мөн энэ сарын 2-ноос дунд сургуулиудаа амраасан. Хэрэв халдвар авбал Засгийн газраас нь гадаад, дотоодын иргэн хамаарахгүй эмчилгээг 100 хувь даана гэсэн. Нойлын болон нэг удаагийн амны цаас, гар ариутгагч, амны  хаалт олдохоо больсон байсан. Гэхдээ одоогийн байдлаар амны хаалтаас бусад нь байгаа. Миний хувьд дэлгүүрийн гадаа гурван цаг зогсоод амны хаалт авч чадаагүй буцсан тохиолдол гарсан. Япон иргэд дор дороо маш хариуцлагатай гэж байна. Учир нь энд метронд суух хүний тоо хүртэл эрс багассан. Онц байдал зарлахгүй байгаа нь энэ вирусын тархалтыг хянаж чадна гэсэн бэлтгэлтэй байгаагийнх гэж иргэд нь ярилцаж байна. Төр, засгаас зарласан арга хэмжээг дагаж мөрдөхөөс гадна япон хүмүүс өөрсдөө хариуцлагатай шүү. Урьдчилан хамгаалах хэрэгслийн хувьд аль эрт хомсдолд орсон. Хүрэлцэхгүй байгаа. Энд байгаа монголчууд маань өөрсдөө амны хаалт хийж зүүх, гараа тогтмол угаах, хоол ундаа анхаарах, шаардлагагүй бол олны хөлийн газар явахгүй гэж бодож байна. Халдвар тархсан орноос иргэдээ татахыг 100 хувь зөв алхам гэж үзэхгүй байна. Эрсдэл гаргах нь аюултай. Гэвч ирсэн даруйд нь тусгаарлаж хянаж чадаж байгаа бол өөр хэрэг гэж бодож байна.
Э.Шижир /Нидерланд улсын Эйндховен хот/:
ДЭЛГҮҮРТ ОРОХ ХҮМҮҮСИЙН ТООГ ХЯЗГААРЛАСАН
-Нидерланд улсын засгийн газар гэрээсээ ажиллах боломжгүй тохиолдолд ажил руугаа явах, хүнсний дэлгүүр орох болон бусад хүнд тусламж үзүүлэх үед л гадуур явж болно. Гадуур гарахдаа олуулаа явж болохгүй. Бусад хүмүүсээс 1.5 метрийн зай барьж явах хэрэгтэй. Гэртээ зочноор хүлээж авах хүмүүсийн тоо нь гурваас их байж болохгүй. Энэ хүмүүсээс мөн адил 1.5 метрийн зай барих хэрэгтэй. Таны хоолой өвдсөн, ханиалгаж байгаа үед та гэртээ байх хэрэгтэй. Танай гэр бүлийн нэг гишүүн өвчтэй тохиолдолд гэр бүлээрээ гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй. Оршуулах ёслол болон сүм дэх хуримын ёслолоос бусад олон нийтийн арга хэмжээг зургадугаар сарын 1-нийг хүртэл хориглосон. Дээрх арга хэмжээнд цуглах хүмүүсийн тоо 100-гаас хэтрэхгүй байх ёстой. Хүнсний дэлгүүр болон нийтийн тээврийн хэрэгсэлд хүмүүсийг бие биеэсээ зай барьж явах боломжоор хангаж өгөх шаардлагатай. Дэлгүүрт орох хүмүүсийн тоог хязгаарлан тогтоох хэрэгтэй. Бүх казиног энэ сарын 24-ний өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар хаахаар болсон. Мөн үсчин гоо сайхан, шивээс хийдэг газар болон адил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бүх газрыг хаана. Бүх шатны сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг ирэх сарын 6 хүртэл зогсоогоод байна. Харин цагдаа, эмнэлэг, гал команд болон нийтийн тээврийн салбарт ажиллагсдын хүүхдүүд үнэ төлбөргүйгээр сургууль болон өдөр өнжүүлэхэд явж болно. Ресторан, хоолны газрууд энэ сарын 15-наас ирэх сарын 6 хүртэл оройны 18:00 цаг хүртэл ажиллана. Түүнээс гадна спорт клуб, саун, кофе шоп болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосоод байгаа. Хоорондоо 1.5 метр зай барьж яваагүй, гурав болон түүнээс дээш хамтдаа явж байгаа хүнийг 400 еврогоор, албан газар үйлчилгээний байгууллагыг 4000 еврогоор торгоно гэсэн. Мөн иргэддээ дараах арга хэмжээ авахыг зөвлөсөн. Тухайлбал, шаардлагагүй тохиолдод гэрээс гарахгүй байх, ханиах болон найтаах тохиолдолд тохой руугаа найтаах, хүнтэй гар барихгүй байх, гараа тогтмол сайн угааж байх, дархлаагаа дэмжихийг зөвлөсөн.
Д.Дэжидмаа /Япон улс Чиба муж/:
ЗАРИМ КОМПАНИУД АЖИЛЧДАА АМРААХАД ХҮРЧ БАЙНА
-Засгийн газар нь бусад улс орноос хоцронгуй байдлаар хандаж зарим цэцэрлэг, сургуулийг хаасан байна. Одоогийн байдлаар зарим улс болон БНХАУ-тай хилээ хаасан. Урдчилсан сэргийлэх арга хэмжээ авсан гэж дорвитой мэдэгдэхгүй л байна. Үйлчлүүлэгч цөөрснөөр нисэх онгоцны буудал дахь олон компани, ресторан зоогийн газруудын ажил багасаж ажилчдаа амраахад хүрч байна. Олон нийтийн үйл ажилагаа явуулж буй газрууд зогссон. Мөн зарим жижиг компани хувийн байгууллагууд хаалгаа барьсаар байна. Хүмүүс дорвитой арга хэмжээ авахаасаа илүү нойлын цаасаа нөөцөлж, амны хаалт зүүх, гараа ариутгах болон бусдаас зайтай арга хэмжээ авч байна. Засгийн газраас нь өгсөн үүрэг даалгаврыг иргэд нь биелүүлэлгүй яахав. Ганц нэг хувь хүмүүс коронавирус албаар тараасан гэх мэт асуудлаас бусдаар ёс журмаа сахиж байна. Гэвч халдвар авсан хүний тоо нэмэгдэх хандлага байсаар байна.  Амны хаалт, гар ариутгагч нь ховордож хаа сайгүй хоосон лангуутай газар их байна. Нойлын цаас хэсэг тасраад буцаад хэвийн хэмжээндээ зарагдаж эхэлсэн. Харин монгол хүнтэй нэг ч уулзаагүй учраас энд байгаа монголчууд энэ өвчнөөс хэрхэн сэргийлж байгаа талаар мэдээлэл алга. Иргэдээ эх орондоо авчирах зайлшгүй шаардлагатай, визний асуудалтай, хувийн асуудал ажил албатай, энд удаан байх боломжгүй иргэд буцах нь зөв гэж бодож байна. Харих эх оронтой, хүний эрхээ эдэлж яваа улс шүү дээ. Нутагтаа очоод дүрмээ даган мөрдөж, шинжилгээгээ өгвөл болно гэж бодож байна. Би энд суурин амьдардаг. Гурван сая монгол иргэнээ эх оронч сэтгэлээр хандаж халдваргүй байлгахын тулд дүрмээ сайн баримтлах хэрэгтэй.
Б.Ургамалцэцэг /АНУ, Техас муж, Порт Артур хот/:
ЭХ ОРНОО САНАЖ БАЙНА, ЭНЭ БҮХЭН ХУРДАН ДУУСААСАЙ
-Эх орон хичнээн чухал болохыг, эх оронтой байна гэдэг нь ямар их хувь тавилан, аз ерөөл гэдгийг энэ удаагийн аюулт тахал харуулж байна. Америкийн нэгэн жижигхэн хотхонд жирэмсний хордлоготой, гэрийн хорионд хэвтэх энэ мөчид яс махандаа хүртэл  мэдэрч байна.  Өчнөөн олон жил гадаад дотоодоор амьдарч, олон орны янз бүрийн хүмүүстэй нөхөрлөж, муудаж сайндаж явахдаа хангалттай  эргэцүүлэн бодож, эх орныхоо үнэ цэнийг мэдэрч явсан ч энэ удаагийнх үнэхээр л өөр байна.  Жирэмсэнтэй холбоотой ч байж магадгүй. Гэхдээ л, миний юу хэлээд байгаа нь яг энэ мөчид аймшигт тахлын улмаас дэлхий хаа нэгтээ гацаад буй монголчууд, “Би буцахгүй” гээд чаллэнж хийгээд буй, яаж ийгээд буцахсан гээд горьдлого тээгээд сууж байгаа, бас саяхан тусгай нислэгээр эх орондоо харьж, эх орноороо бахархаж байгаа хүмүүст энэ бүхэн хамгийн тод ойр мэдрэгдэж байгаа болов уу.  АНУ-д байдал маш ноцтой байна. Халдварт өвчин маш хурдацтай тархаж байна. Хүн болгон айдас түгшүүртэй байна. Тиймээс энэ бүхний ард хүн төрөлхтөн хурдан гарч, энэ аймшигт өвчнийг ялан дийлээсэй. Эх ороноо санасан сэтгэл бүхэн энх тунх эрүүл мэнд эх орон хайртай бүхэндээ элэг бүтэн очоосой. Монгол сайхан эх орныхоо сайхан бүхнийг арчлан тордоосой. “Монгол ийм, тийм. Монголд бүтэхгүй ээ” гэх үгс  хойшдоо ямар ч монгол хүний амнаас дахин бүү гараасай.
Н.Батчимэг /Солонгос улс Илсан хот/:
АМНЫ ХААЛТЫГ ХУУЛЬ ЁСНЫ ҮНЭМЛЭХЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙГАА
-Солонгост нэг үе өдөрт 500 хүн халдвар тээж байсан оргил үеэ бодвол байдал харьцангуй тайван болж байна. Сүм цуглаан гэх мэт олон хүн цугларах үйл ажиллагаануудыг л хориглож, цэцэрлэг сургуулийг хойшлуулснаас бусдаар албан ёсны хөл хорио тогтоогоогүй. Ерөнхийдөө иргэд өөрсдөө аль болох хөл хөдөлгөөн багатай байхыг зөвлөж байгаа. Автобус, метроноос эхлээд лифт, тоглоомын талбай, бүр гарцан дээр хүртэл гар ариутгагчууд байрлуулсан. Маскны хувьд хүрэлцээ муутай хэвээрээ. Солонгос иргэн эсвэл хууль ёсны оршин суугчдын үнэмлэх дээр үндэслэж худалдаалж байгаа болохоор хууль бусаар ажилладаг Монголчууд авч чадахгүй гэсэн үг. Бүр оршин сууж, удаан хугацаагаар амьдарч байгаа Монголчуудын хувьд буцах бодолгүй ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна. Харин богино хугацаагаар ирсэн, визний хугацаа нь дуусч байгаа иргэдийн визийг сунгаж өгч байгаа юм билээ. Гэсэн ч ажил амьдралын олон шалтгаанаар буцах хэрэгтэй хүн олон байх шиг байна.
Б.Халиунаа /Австри улсын Линз хот/:
ЗӨВХӨН ӨВЧИЛСӨН БУЮУ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД МАСК ЗҮҮХ ЁСТОЙ
-Энд хөл хорио тогтоож, хоёроос дээш хүн хамт явах, олуулаа сэлгүүцэхийг хориглосон байгаа. Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд 3000 евро хүртэлх торгууль ногдуулахаар болсон. 65-аас дээш настай хүмүүсийг гэрээс гарахыг хориглож чухал шаардлагатай үед нь туслах хүмүүсийг гаргасан. Эмийн сан, банк, эмнэлэг, супермаркетаас бусад олон нийтийн үйлчилгээний газар, үйлдвэр, албан байгууллагуудад хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш орон нутгийн иргэд хууль дүрэмдээ захирагдан гэр гэртээ байна. Гэхдээ шаардлагатай хүнсээ цуглуулах, чухал албан ажилд томилогдсон хүмүүс гадагш гарахдаа амны хаалт зүүхгүй байгаа. Хэдийгээр цэрэг, цагдаагийн хүчээ дайчлан ажиллаж байгаа ч 10 сая орчим хүн амтай учраас хүн бүрийг хянах боломж бага байна. Тиймээс зарим хотод хэсэг бүлгээрээ хүмүүс цугларч чөлөөтэй сэлгүүцэх явдал гарсаар байна. Мөн урьдчилан хамгаалах хэрэгсэл болох амны хаалт болон гар ариутгагч энэ өвчин бүртгэгдэхээс өмнө бүх эмийн сан болон дэлгүүрүүдэд дууссан. Энд амьдардаг монголчуудыг амны хаалт зүүж өөрийгөө хамгаалахыг хүсч байгаа. Гэвч зөвхөн өвчилсөн буюу сэжигтэй тохиолдолд зүүх ёстой гэсэн Европын холбооны улсын Эрүүл мэндийн сайдын зөвлөмжөөс болоод амны хаалт хэрэглэж чадахгүй байгаа нь үнэн. Гэвч одоогийн Австри улсын нөхцөл байдал өөрчлөгдөж өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй учраас монголчууд гэртээ амны хаалт хийх, бусаддаа үнэгүй тараах ажлыг хийж байна. Түүнээс гадна энэ хүнд хэцүү цаг үед хүний нутагт амьдарч байгаа бидний хувьд өөрсдийн дархлаагаа дэмжиж монгол хоол хүнсээ идэх, нэмэлтээр витамин авч ууж байна. Энэ цагт эмнэлгийн тусламж зөвлөгөө авах боломжгүй учраас гэрийн нөхцөлд чацаргана олж уух, гэрээрээ аарц хийх аргаар бор зүрхээрээ энэ үеийг даван туулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: