Жижиг дунд бизнесээ зээлээр дэмжээч сайд аа!?

26

Төсөв тодотгохгүй гэдгээ Сангийн сайд дахин дахин мэдэгдэж байв. Түүнчлэн энэ онд бонд гаргахгүй, үнэт цаас  арилжихгүй гэдгээ зарлаж төсвөө хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Гэтэл коронавирусын тархалттай холбоотойгоор нүүрс экпспортлохгүй хоёр сар гаруй хугацаанд төсөв 210 гаруй тэрбум төгрөгөөр тасарч энэ сарын 15-наас нүүрсээ экспортлох ч БНХАУ-ын талаас хүлээж авахгүй дотооддоо бэлтгэл ажлаа хангаж байна гэсэн хариу тайлбар өгсөн. Түүнчлэн сүүлийн долоо хоногт алтны үнэ унаж зэсийнх 5200 ам.доллар болж уруудсан. Гэтэл 2020 оны төсөвт зэсийн үнийг 5990 ам.доллараар төсөөлсөн. Тэгэхээр Сангийн сайд түүхий эдийн таваарын зах зээлээс орж ирэх орлого төсөөлсөн шиг өөдрөг байхгүй болж буй энэ үед төсөв тодотгохгүй гээд байгаа нь эргэлзээ төрүүлсээр. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Монголбанкны хийж буй үйлдлийг дэмжих байр суурьтай байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг эдийн засагчид шүүмжилж байгаа юм. Тухайлбал, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Хямралын үед гарч байгаа эрсдлийг бууруулах эдийн засгийн өсөлтийг дэмжих гол институц нь Сангийн яам. Тиймээс алдагдалтай баталсан төсвөө эргэж харан сайжруулах боломж гарч ирснийг ашиглах хуулийн дагуу төсвөө тодотгох онцгой нөхцөл үүссэнийг харгалзаж шийдвэрээ яаралтай гаргах. Мөн эдийн засгийн суурийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалтын төслийг Хөгжлийн банкаар дамжуулан хөдөлгөх хэрэгцээ бий болсон” гэсэн юм.  Гэтэл Сангийн сайд төсвийг таначихвал “царцана”, “борцлогдоно” гэсэн байр суурьтай байгаа нь харамсалтай. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтцийг харвал үр ашиггүй, аминд тулаагүй бүтээн байгуулалтын зардал 800 орчим тэрбум төгрөг байгааг эдийн засаг Б.Лут-Очир онцолсон байв. Төсөвт танаж болох олон боломж байгааг эдийг засагчид хэлсээр байна.

Иргэн тус бүрт зургаан сарын турш 200 мянган төгрөг олгох боломж ч байна гэх. Тиймээс эдгээр зардлыг үр ашигтай, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, ажлын байр нэмэгдүүлэх төсөл рүү шилжүүлэх засварыг хийх хэрэгтэйг сануулсаар. Харин эдийн засгийн хүнд үеийг эрсдэл багатай даван туулах стратегийг яг энэ цагт Засгийн газрын 2010 оны тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн банк хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тус банк байгуулагдсанаас хойш Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хэрхэн сайжруулсан хичнээн бонд босгож хэдэн мега төслүүдийг санхүүжүүлсэн. Түүнчлэн зээлийн эргэн төлөлт, үр дүнтэй ажилласан эсэхэд дүн шинжилгээ хийх цаг болсон мэт. Дэлхийн даяр эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсонтой холбоотойгоор 20 орчим орон жижиг дунд бизнес, болон иргэддээ дэмжлэг үзүүлэхээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж олон зуун ам.долларыг зарцуулахаа мэдэгдсэн. Энэ тухай ч манай сонин удаа дараа бичиж байна. Эдийн засаг хүнд байдалд орох нь тодорхой болсон энэ үед эдийн засгийн дорвитой арга хэмжээ авахгүй байгааг хэн хүнгүй шүүмжилсээр. Жижиг дунд бизнес болон иргэдээ зээлээр дэмжихийг олон нийт шаардсаар.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: