Коронавирусийн халдвартай иргэдийн биеийн байдал сайжирч эхэлжээ
Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээний хариу өнгөрсөн бямба гарагт гарсан. Шинжилгээгээр дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингээд манай улсад коронавирусийн халдвар авсан арав дахь тохиолдол бүртгэгдлээ. Манай улс коронавирустэй холбоотойгоор нийт 3115 хүнийг ажиглалтад авснаас одоогоор 1951 хүн тусгаарлалтад байгаа аж. ЭМЯ-наас өчигдөр “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээг хийж дууслаа. Сүүлийн 153 хүнээс коронавирус илрээгүй. Гуравдугаар 21-нд нийт 90 хүн ажиглалтад орсон. Эмнэлэгт уушгины хатгаагаар хэвтэж байгаа хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ нь коронавирус байгаа эсэхийг тандаж баталгаажуулах судалгаа. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй. Бид онгоцоор ирж байгаа болон эмнэлгүүдэд хэвтэж байгаа хүмүүсийг тандаж, хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд энэ нь зөв эмчилгээ хийж байна гэсэн үг. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан бол өдөр ирэх тусам сайжирч байна” гэв. Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад шинэ стандарт барьж ажиллахыг уриалж байна. Тухайлбал, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлж байгаа хүмүүс өмнө нь бие биенээсээ метрийн зайтай байхыг зөвлөдөг байсан бол одоо энэ зай хоёр метр боллоо. Мөн цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутамд хийж байхыг зөвлөж байна” гэлээ.
Харин ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч, өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. ДЭМБ-аас “COVID-19” халдварын тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Тохиолдлын болон голомтын судалгаа хийх аргачлалыг шинээр гаргасан байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс, Африкийн бүсүүдийн Элчин сайдын яамд болон дипломат албыг оруулсан хурал зохион байгууллаа. Уг хурлаар “COVID-19” халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг онцолсон. Иймд улс орнуудын Засгийн газар олон улсын хамтын ажиллагаа эв нэгдлийн зарчмыг баримтлахыг уриаллаа. Эрүүл мэндийн салбар өнөөдөр болон ирээдүйд төрийн бодлогын тэргүүлэх салбар байх ёстойг онцолж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалсан. Олон нийтийн хамтын ажиллагаа нь “COVID-19” халдварыг даван туулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэсэн” гэв.
Мөн ОХУ-ын Тува Улсын Кызыль хотод сурдаг 53 оюутныг эх орондоо эргүүлэн авчрах шийдвэрийг Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан. Гуравдугаар сарын 21-нд Боршоогийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор дээрх ажлыг зохион байгуулжээ. Үүнд Завханы ес, Ховдын 15, Улаанбаатарын ес, Төв аймгийн дөрөв, Хөвсгөлийн тав, Баян-Өлгийгийн гурав, Увсын хоёр, Архангай аймгийн нэг оюутан байгаа аж.
Үндэсний шуудан
URL: