Испанид “Covid-19”-ийн шинээр илэрсэн тохиолдол БНСУ-аас 12 дахин их байна
Испанид коронавирусийн хурдацтай тархалтын улмаас улсын хэмжээнд хөл хорио тогтоохоор болжээ. Энэхүү арга хэмжээ нь Испани улс урьд өмнө хэзээ ч авч байгаагүй хязгаарлалтуудыг тавьж, нийт 46 сая иргэнээ гэртээ байхыг уриалж, хүнсний дэлгүүрүүд, эмийн сан, ШТС-уудаас бусад бүх үйлчилгээний газрыг хаажээ.
Өчигдрийн байдлаар Испанид нийт 9191 хүн коронавирусийн халдвар авсан бол 309 хүн уг вирусийн улмаас нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар газрын хилээ хаахаа зарлав. Энэ талаар Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка “Хөл хорио тогтоосон үед зөвхөн Испанийн иргэд, оршин суугчид эсвэл магадлан итгэмжлэгдсэн дипломат ажилтнуудад аливаа давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед хилээр гарч болно” гэв. Түүнчлэн “Франц, Португал, Андорра, Гибралтартай хил дамнасан улсууд руу хоёр долоо хоногийн хугацаатай газрын хилээ хаасан байгаа. Одоогийн байдлаар агаарын хөдөлгөөнд ийм хязгаарлалт тавихгүй, гэхдээ зайлшгүй нөхцөл байдал тулгарвал агаарын хилээ ч хааж магадгүй” хэмээн нэмэн хэлэв.
Испанид коронавирусийн дэгдэлт түймэр шиг тархаж байгаа нь Европын улс орноос Итали улсын дараа буюу 4-р байрт бичигдэхээр болжээ.
Тус улс өнөөг хүртэл гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил, мөн хөдөлгөөний хязгаарлалтыг дагаж мөрдөхөд туслах зорилгоор 14 хотод цэргүүдээ байршуулжээ. Түүнчлэн Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 10 орчим хувийг эзэлдэг автомашины үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гарсан байна. Тухайлбал, Испани улс нь Европт автомашин үйлдвэрлэлээрээ хоёрдугаар байранд бичигддэг бөгөөд Renault, Seat, Nissan зэрэг втомашины үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоосон аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Испанид коронавирусийн 1954 тохиолдол шинээр илэрч, нийт 9942-т хүрчээ. Харин уг вирусийн улмаас 342 хүн өвчилж нас барсан бол 530 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Тэгвэл өчигдрийн шинээр бүртгэгдсэн 1954 тохиолдол нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн их бүртгэгдсэн тохиолдол байв. Тодруулбал тус улсад илэрсэн тохиолдол БНСУ-д шинээр 158 хүн халдвар авсантай харьцуулахад 12 дахин их байгаа юм.
Эх сурвалж: Koreatimes
Х.Дэлгэрэх
URL: