Монголчууд аа, санаа амрах биш илүү сэрэмжтэй байх цаг ирлээ

41

Монгол саяхныг болтол коронавирус илрээгүй орны тоонд багтаж байлаа.  Харин манай улсад энэ сарын 2-ы өдөр ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч, түргэн авахуулав.  Төр засгийнхан ч яаралтай шийдвэр гаргаж, хойд хөршөөс чиглэлтэй хөдөлгөөний урсгалыг хэсэгтээ хязгаарлалаа.  Гэхдээ л оройтсон шийдвэр.  Бид Азиас биш Европоос чиглэсэн урсгалд өртчих шахлаа.  Сайтар сэрэмжлэхгүй бол Франц эр халдварыг ямар амархан тараах боломжтой гэдгийг харууллаа. Хоёр гуравхан өдөр л Улаанбаатар хотод хэдэн газраар орж хоол унд эргүүлэхэд ойрын хавьтагч нь маш хурдтай нэмэгдэж байх жишээтэй.

Азаар нэгдүгээр хавьтагч болох 150-иад хүний шинжилгээний хариу сөрөг гарч, сэтгэл уужраад байна.  Гэхдээ бид сэтгэл амрах арай болоогүй байна. Эрсдэл өндөртэй байж магадгүй гэж байгаа хүмүүсийн шинжилгээ эхний ээлжинд сөрөг гарсан байж болно. Тэглээ гээд яаран дүгнэж, “Монгол хүнд халдахгүй юм байна. Монголчууд мах иддэг нь нөлөөлж байгаа байх” гэх мэт хэт өөдрөг хувийн дүгнэлт гаргах хэрэггүй.  Тэнгэрлэг заяа, төрөлхийн дархлааны талаар ч ярих цаг нь биш.  Аюул одоо ч байсаар байгаа. Байх байхдаа бүр ч илүү аюултай болсон. Монголд вирус илрээгүй байхад аюул бага байсан. Илэрчихсэн учраас аюулын “даралт”-ын түвшин нэмэгдчихсэн.

Хэзээ ч дэлбэрч мэдэхээр “бөмбөг” бидний дунд булаастай байж болзошгүй.  Шинжилгээний хариу сөрөг гарна гэдэг эхний л үр дүн. Цаашлаад 14 хоног харна, хянана. Юу ч болоо билээ. Ийм эгзэгтэй үед тэнгэрлэг заяандаа найдаад, “Монгол хүнд вирус тусахгүй” гэж хэнэггүйтээд, зарим байгууллага бүр ажлаа цуглаж хийхээр болж байгаа гэнэ.  Гадуур ч гэсэн амны хаалтаа тайлж шидэх нь холгүй сэтгэл хөөрсөн хүмүүс цөөнгүй л явна.  Тэгж болохгүй ээ. Вирус тэнгэр заяа энэ тэрийг харах нүдгүй.

Италийн албаныхан уйлах нь холгүй сэрэмжлүүлж байна. Бидний алдааг битгий давтаарай гэж гуйсан байсан.  Тэд хэнэггүйтэж, хөл хорио тогтоохгүй, иргэд нь тоохгүй байж байгаад алдчихсан. Италийн Засгийн газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жиакомо Грасселли “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй бусад орнууд маш болгоомжтой, нямбай, хариуцлагатай, хүн бүр ухамсартай хандах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол нүдээ цавчих хооронд л хяналтаас гарч эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь үгүй хийнэ. Тэр цагт танай улсын эрүүл мэндийн систем ямар орчин үеийн, хэр үр дүнтэй ажилладаг байх эсэх нь огт хамааралгүй болж эцэст нь над шиг аль өвчтөнийг түрүүлж эмчлэх ёстой вэ гэх хүнд шийдвэрийг гаргахад хүрнэ” хэмээн ярьж байна.

Яг л энэ.  Санаа амраад, амны хаалтаа аваад явах зуур чинь нүд цавчихын зуур л өвчлөл гарах магадлалтай.  Ядаж хэдүүлээ Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийнхээ 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа бага зэрэг сэтгэл амаръя. Тэгээд Хятадын зарим эрдэмтэд зургадугаар сар хүртэл коронвирусийн халдварын тархалт намдахгүй гэсэн мэдээлэл өгөөд байна. Мөн +8-аас дээш градуст энэ вирус идэвхтэй болдог гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Тиймээс гуравдугаар сарыг дуустал хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ өндөр хэмжээнд авсаар байх нь зөв байна.


URL:

Сэтгэгдэл бичих