ЭМЯ: Өнөөдрөөс эхлээд 40-өөс дээш насны хүмүүс эрсдэлт бүлэгт орж байна

33

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг мэдээллээ хийлээ.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл,  Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Өчигдөр бид мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 117 оронд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийг цар тахал хэмээн мэдэгдсэн. Ямар нэгэн халдварт өвчин дэлхийн ихэнх орныг хамарч тархахыг  цар тахал гэж зарладаг.  Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий дахин 4 цар тахалтай тулгарсан. Хамгийн сүүлчийн цар тахал гэвэл 2009 онд гарсан гахайн томуу байсан. 1918 онд дэлхий дахинд хамгийн олон хүнийг өвчлөл, эндэгдэлд хүргэсэн Испанийн томуу байсан юм.

Энэ өвчлөлийн байдал цаашдаа ноцтой болох магадлалтай байгаа учраас  ДЭМБ-аас цар тахал гэж зарлалаа. Энэ бол коронавирусээр үүсгэгдэж байгаа анхны цар тахал. Мөн эмчилж, хамгаалж болж байгаа цар тахал юм.  Яагаад гэвэл БНХАУ энэ вирусийн халдварыг хяналтдаа авч чадаж байна. Энэ цар тахлын үед айдас хүйдэст автаад байж болохгүй.  Цар тахлын үед Эрүүл мэндийн байгууллага толгойлж, зөвлөгөөгөө мэдээллээр хангаж ажилладаг.  Иргэдэд хандаж хэлэхэд, хэтэрхий айж, түгшиж, дархлаагаа унагаж болохгүй. Хоёрдугаарт, цуу ярианд итгэх, тарааж болохгүй.

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас авч байгаа арга хэмжээг мушгин гуйвуулах, хэт эрт өөрийнхөөрөө дүгнэх зэргийг хийж болохгүй гэдгийг анхааруулъя. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийг өгч ирсэн. Тэр ажлаа ч үргэлжлүүлж, зөвлөнө.  Гэхдээ зөвлөгөө, зөвлөмж өөрчлөгдөж байгаа. Өндөр настай иргэдэд эрсдэлтэй гэж байсан. Өнөөдрөөс эхлээд 40-өөс дээш насны хүмүүс эрсдэлт бүлэгт орж байна. Тиймээс тохирох зөвлөмжийг хүргэж эхэллээ” хэмээлээ.

Түүний дараа ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ”ДЭМБ-ын гуравдугаар сарын 10-ны мэдээгээр нийтдээ 117 улсад өвчлөл бүртгэгдэж, 118326 хүн халдвар аваад байна. 24 цагийн дотор дэлхий нийтээр 280 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4922 болсон.  БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн.  Ирэх долоо хоногуудад тохиолдол, нас баралтын тоо илүү нэмэгдэнэ гэж үзэж байна.  ДЭМБ-аас зарим орон халдварыг тархаахгүй байх чиглэлд арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ өвчнийг цар тахал гэж үзэж, зарласан.  Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь 4 оронд гарч байна. Тэр дундаас БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байгаа юм” хэмээлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ”Нэгдүгээр сарын 9-өөс өнөөдрийг хүртэл 1240 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт 8, “Жаргалант”-ын амны сувилалд 23 хүнийг өнөөдөр ажиглалтаас гаргана. Биеийн эрүүл мэнд сайн, ямар нэгэн зовиургүй байгаа. Бид эмэгтэйчүүд, дотор гээд төрөлжсөн мэргэжлийн эмч хэрэгтэй иргэдэд зориулж эмнэлгүүдээс эмч томилж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн байгаа. Энэ хүмүүс Өвөрмонголын Бортал аймагт айлд байсан юм билээ. Хөл хорио цуцлагдахад эх орондоо ирсэн. Ховд аймгийн Онцгой байдал хуралдаад, тэнд нь хоёр өрөө байранд тусгаарлаад ажиллаж байна.  Хүмүүсийн биеийн байдал сайн, ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа.

ХӨСҮТ-д байгаа өвчтөний биеийн байдалд хүндэвтэр байгаа. Гэхдээ аль нэг амин үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй, хэвийн байна. Эмч нарын заавар зөвлөгөөг сонсож, дагаж мөрдөж байгаа.  БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай өнөөдөр өдөр цахим хурал хийхээр бэлтгэлээ хангаж байна” хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих