Ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа байлгах нь эрсдэлийг бууруулна
- Аяга халбага, хувцас хунараа хольж солихгүй байх нь таны болоод хайртай хүмүүсийн тань эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой
Бид үр хүүхдэдээ хүнээс юмаа битгий харамла, хувааж хэрэглэж сур гэж заадаг ч бусадтай хуваалцаж болохгүй зүйлс гэж бий. Хэдийгээр гэр бүлийн гишүүд, нэг гэрт өсөж төрсөн ах дүүс, бие биедээ хайртай хань ижил ч гэлээ эрүүл мэнд, хувийн ариун цэвэр сахих үүднээс бусдаас юугаа “харамлах” ёстой вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Учир нь бид бүгд тусдаа хувь хүн, бие махбод, хэрэглээтэй тул ахуйн хэрэглээний зүйлс, аяга халбага, хувцас хунараа хольж солихгүй байх нь таны болоод хайртай хүмүүсийн тань эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой юм. Энэ нь өдгөө дэгдээд байгаа коронавирус болоод бусад халдварт өвчнөөс таныг болон хайртай хүмүүсийг тань хамгаалах эхний алхам болно.
Шүдний сойз
Амны хөндий эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэвч зарим хос дундаа нэг сойзоор угаадаг гэвэл та итгэх үү. Цөөнгүй хос жилээс ч урт хугацаанд дундаа нэг сойз хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Их Британид хийсэн нэгэн судалгаанд дурджээ. Хосууд үүнийгээ ариун цэвэрт тийм ч харш зүйл гэж үздэггүй байна. Гэтэл Америкийн шүдний холбооноос шүдний сойзоор олон төрлийн нян, халдварт өвчин дамждаг болохыг анхааруулж, амны хөндийн болон хоол боловсруулах эрхтний эмчилгээ хийлгэснийхээ дараа шүдний сойзоо солихыг зөвлөжээ.
Сахлын татуурга
Сахлын татуургыг арьсны гадна талд (эмэгтэйчүүдийн татуурга мөн багтана) хэрэглэдэг учраас заавал тусдаа байх албагүй гэж та бодож магадгүй. Гэвч татуургууд арьс зүсэгдэж гэмтээгүй байсан ч үү, үсний уутанцарт үүссэн үрэвсэл, мөөгөнцрийн халдвар зэрэг арьс болон зөөлөн эдийн халдвар тараадаг байна. Тиймээс хэдий нэг гэрт амьдарч байгаа ч тусдаа татуургатай байх нь чухал. Түүнчлэн 5-10 удаа хэрэглэснийхээ дараа хутгыг нь солих шаардлагатай гэдгийг арьсны эмч нар зөвлөжээ.
Гарын болон биеийн алчуур
Гэр бүлийн гишүүд нүүр гарын алчуураа дундаа хэрэглэж огтхон ч болохгүй. Тэр ч байтугай биеийн алчуур нь ч тусдаа байх хэрэгтэй. Алчууранд стафилококкийн халдвар хэдэн цаг, хоног, сараар ч амьдрах чадвартай байдаг аж. Тиймээс хамгийн багадаа долоо хоног болгон угааж, чийгтэй алчуураа дэлгэж хатаан, хэн нэгэнтэй хуваалцахгүй байхыг хичээгээрэй.
Саван
Саван (хатуу саван) нь цэвэрлэгээний бодис ч гэлээ нян үржих таатай нөхцөл болдог. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шингэн саван хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ та хатуу савангаар угаах дуртай бол бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөжээ. Учир нь саван чийгтэй байх үед нян, мөөгөнцөр үрждэг бөгөөд дараа дараагийн хүн гараа угаахад хатаж амжилгүй дамждаг байна.
Сам
Самаар бөөс, хамуу, заримдаа бүр стафилококкийн халдвар дамждаг аж. Тиймээс хүн болгон хувьдаа самтай байх хэрэгтэй бөгөөд үсчинд орохдоо ч самаа ариутгасан эсэхэд анхаарч, шаардлага тавьж байх нь чухал. Мөн та өөрөө ч самаа хоёр долоо хоног болгон цэвэрлэж, бактерийн эсрэг савантай усанд цаг орчим ариутгахыг зөвлөжээ.
Аяга, халбага
Зарим эцэг, эхчүүд халуун хүйтнийг нь мэдэхийн тулд хүүхдийнхээ хоолноос амссан халбагаа буцаагаад хоол руу нь хийдэг. Мөн өөрийн идсэн аяганаас хоол өгөх, хүүхдэдээ амандаа зажилж өгөх нь ч бий. Аяга халбагаар амны хөндийн бүхий л төрлийн өвчлөл, тэр дундаа хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян дамждаг. Тухайлбал, гэрт нэг л хүн хеликобактерийн халдвартай, хоолойн ангинатай бол гэр бүлийн бусад гишүүнд маш амархан халдварлах эрсдэлтэй. Тиймээс нэг савнаас ус, ундаа дамжуулж уух, хүнсний зүйлээ дамжуулан хазаж, хувааж идэх зэргийг хязгаарлах шаардлагатай.
Дотуур хувцас, ор хөнжлийн даавуу
“Юу гэж дотуур хувцсаа солих вэ дээ” гэж та гайхаж магадгүй. Гэвч том болсон хүү нь аавынхаа дотоожийг, ах дүүс бие биеийнхийгээ, эгч дүүс хөхний даруулгаа сольж өмсөх тохиолдол зарим гэр бүлд байдаг. Гэвч хувь хүний наад захын соёл дотуур хувцаснаас эхэлнэ. Дотуур хувцсыг өдөр бүр сольж байх хэрэгтэй ба халуун усаар нянгийн эсрэг савангаар угааж индүүдэн өмсөхөөс гадна хамгийн гол нь бусадтай сольж болохгүй. Ор дэрний даавуу ч мөн адил тусдаа байх хэрэгтэй. Боломжтой бол та хүүхдүүдээ тусад нь оронд унтуулах нь чухал. Мөн даавуугаа долоо хоног бүр сольж, халуун усаар угаан, индүүдэж ариутгаснаар арьсны халдвар, мөөгөнцөр халдварлахаас сэргийлнэ.
Хумсны хутга
Хумсны хутга, хайчийг ч мөн гэр бүлийн гишүүд дундаа хэрэглэж болохгүй. Хумсны хутга, мах авагч болон бусад хэрэгслээр олон төрлийн нян, вирус дамжих эрсдэлтэй гэж үздэг. Тухайлбал, хумсны мах авагчийг цэвэрлэж ариутгаагүй үед хепатит С вирус халдварлах аюултай. Мөн гарт байгаа нянгийн ихэнх хувь нь хумсны завсар байдаг тул хумсны хутгаа дундаа хэрэглэснээр бие биедээ халдвар тараах орчин бүрддэг байна.
Амны хаалт
Үхлийн аюултай халдварт өвчин тархаад буй энэ цаг үед хүн бүр тус тусдаа амны хаалттай байх хэрэгтэй. Амны хаалтыг удаан зүүснээр нян үржих таатай нөхцөл бүрддэг тул хувь хүн хоёр цаг тутам солихыг зөвлөж буй. Гэвч амны хаалтын хомсдолоос үүдэн өрх гэрийн гишүүд орж гарахдаа нэгнийхээ хэрэглэсэн амны хаалтыг зүүгээд гарах нь түгээмэл үзэгдэл болжээ. Тиймээс та эрүүл ахуйн үүднээс нэг удаагийн маск хэрэглэж хэвшээрэй.
www.zgm.mn
URL: