“Ливерпүүл” Аваргуудын лигээс мултарлаа
Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд болж, шилдэг наймд багтах багуудын нэр эхнээсээ тодорсоор байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн алдарт “Ливерпүүл” клуб талбайдаа Испанийн шилдгүүдийн нэг “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Испанид болоход талбайн эзэд 1:0-ээр хожсон билээ.
Тэгвэл хариу тоглолтод ч гэсэн “Атлетико” байж болох хамгийн хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа. Харин өнгөрсөн улирлын аваргуудын ийнхүү шөвгийн 16-аас хасагдаж байна.
Тоглолтын 43 дахь минутад Вейналдум гоолдож, нийлбэр дүнг тэнцүүлсэн. Үндсэн цагт үүнээс өөр гоол ороогүй юм. Харин нэмэлт цаг сунгаад, 93 дахь минутад Фирмино гоолдож, тооны харьцааг “Ливерпүүл” тэргүүлж эхэлсэн. Харамсалтай нь хаалгач Адрианы байж боломгүй бүдүүлэг алдааг Льоренете ашиглаж, 97 дахь минутад гоолдож, ерөнхий тооны харьцааг тэнцүүлэх нь тэр. Хожихын тулд гоолоос өөр юу ч хэрэггүй “Улаанууд” улайран дайрч байсан ч хамгаалалтын шугам, хаалгачийн алдаа Льоренетег дахин нэг гоол нэмэрлэхэд нь тус болсон юм.
105 дахь минутад оруулсан түүний хоёр дахь гоол асуудлыг нэг мөр шийдсэн. 10 минутад “Атлетико”-гийн хана хэрэм мэт хамгаалалтыг нэвтэлж, хоёр гоол оруулна гэдэг ямар ч довтолгоотой багийн хийх ажил биш. Угаасаа ч чадаагүй. Түүгээр ч үл барам дахин залхуу хамгаалалтаас болж Морота 120 дахь минутад гоолдож, “Атлетико” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:2-оор хожлоо.
URL: