Covid-19 тахлаар хязгаарлагдсан эрх чөлөө ба “шивэгчний үлгэр”

9989

Цар тахлын энэ цагийн нэг эерэг тал нь дэмий гадуур явж байснаас гэртээ ном унших цаг маань ихсэж байна.

Маргарет Этвүүдийн ШИВЭГЧНИЙ ҮЛГЭР номыг эхлүүлсэн байснаа уншиж дуусгалаа. Уг номд жирийн эрх чөлөөт нийгэм хэрхэн дарангуйлал руу тухайлбал анги давхаргын ялгаа, эр эм хүмүүсийн хүйсийн ялгаа, хайр дурлал сексийн хувьд хүний төрөлхийн хүслийн эсрэг өөрчлөгдөж болох тухай үзүүлжээ. Өөрөөр хэлбэл хэрхэн өнөөгийн бидний энэ эрх чөлөөт амьдрал хэрэв анархизм, хэт замбараагүйтэл, бэртэгчин байдал, шунал хүслээ дарж хязгаарлаж амьдJахгүй бол өөрөө энэ нь дарангуйллыг үүсгэх гол шалтгаан болж байгааг хүн төрөлхтөнд бүхэлд нь анхааруулж сэрэмжлүүлэх гэсэн зохиолчийн цаад санаа МАШ ТОМ байлаа.
Зохиолд дарангуйллын уршгаар бүх эмэгтэйчүүдийг дээд зиндааныхны (дарангуйлал тогтоогчид) эхнэрүүд, тэндэнд үйлчилэх гэр зуурын ажил хийдэг эмэгтэйчүүд, зарц ядуусын эхнэрүүд, цөмийн бохирдлын улмаас орхигдсон маш хортой газар цөлөгдөж ажилладаг нөхөн үржихүйн боломжгүй эмэгтэйчүүд, нөхөн үржих чадвартай эмэгтэйчүүд буюу улаан нөмрөгтнүүд гэж хуваагдана. Гол баатар нь улаан нөмрөгт шивэгчин буюу зөвхөн дээд зиндааны Командлагч нарт хүүхэд төрүүлж өгөх үүрэгтэй эмэгтэй юм. Гэвч хүүхдээ өөрөө өсгөх эрхгүй бөгөөд төрмөгц хэрэв ямар нэгэн бие эрхтний гажиггүй бол командлагчийнхаа эхнэрт тэдний гэрт үлдээгээд дараагийн эрд хүүхэд төрүүлэхээр явна.
Хүмүүсийн байгаль дэлхийгээ эзний бус араатан цөлмөгчийн сэтгэлээр хандасны хар гайгаар үргүйдэл газар авч эмэгтэйчүүдийн зарим нь хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байх аж. Улаан нөмрөгтнүүд тухайн айлд хүүхэд төрүүлэх хугацаандаа хүүхдээ эрүүл саруул төрүүлэх хэмжээнд хооллох боловч тэдэнд хүн ёсны эрх чөлөөний хэлтэрхий юу ч үлдсэнгүй. Тэд яг л үржлийн мал мэт амьдарна. Секс хүртэл хэвийн эр эм хоёр хүний дур хүслээс ангид болсон байх бөгөөд хүүхдийг нь төрүүлэх командлагчийн эхнэрийн дэргэд (эхнэрүүд нь хүүхэд төрүүлэх чадваргүй) ямар ч сэтгэл хөдлөлөөс ангид байх ёстой журмын дагуу үйлдэгдэнэ. Улаан нөмрөгт шивэгчин нэргүй бөгөөд тухайн үед амьдарч буй командлагчийн нэрээр, зохиолын гол баатар Фредийнх гэж дуудагдана.  Тэр ер нь амьд л болохоос хүн ч биш зүгээр л УМАЙ болсон байна. Ийм болсон эмэгтэй хүний өнгөрсөн эрх чөлөөт амьдрал буюу хайрлаж дурласан хүнтэйгээ гэр бүл болж охин төрүүлж, жирийн хүнийхээр амьдралыг амталж байсан цаг үе, одоогийнх нь өдөр тутмын “амьтны” амьдрал,  дотоод сэтгэлийг өгүүлж гаргаж ирэх нь зүгээр л дотор урах мэт. Аймшигтай. Гэтэл өнөөдөр өнөөгийн бидний нийгэмд эмэгтэйчүүдээ яг ийм зөвхөн ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ УМАЙ  л байлгах хүсэлтэй эрчүүд хамгийн харамсалтай нь эмэгтэйчүүд өөрсдөө ямар олон байдаг билээ.
Энэ номыг цар тахлын хол хорионы дэглэмтэй холбож болох нэг өнцөг нь бидний хязгаарлагдсан эрх чөлөө. Уг номонд эр эм ялгаагүй бүгд каст маягийн бүлэгт хуваагдаж зөвхөн тэр кастынханд зөвшөөрөгдсөн үйлдлийг ямар ч сонголтгүйгээр хийнэ. Зөвхөн дарангуйллын дүрэм журманд захирагдаж, зохицож амьдарна. Өнөөдөр бид өвчин тахлын уршгаар дураараа гадуур гарч чадахгүй, бизнесүүд нь таг зогссон, дор дороо түгшүүртэй нөхцөл байдалд зохицож амьдрахаас өөр аргагүй болж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч сонголтгүй, сонголт хийх эрх чөлөөгүй болсон явдал юм. Яалт ч үгүй өвчин тахал л хүмүүсийн эрх чөлөөг боомилдог аж. Миний хувьд л гэхэд Март-8 аар хийх нэлээн хэдэн төлөвлөгдсөн арга хэмжээ тасалдаж, бас бус хийх ажлууд хойшлогдлоо. Бүх л хувь хүн, албан байгууллага, компаниуд бүгд ялгаагүй. Гэтэл бид жирийн хэвийн эрх чөлөөтэй амьдарч ахуй цагтаа түүний гайхамшгийг тэгтлээ амталж талархаж чаддаг бил үү??? Үгүй, бараг л талархдаггүй. Улам л гомдоллодог. Болохгүй байна. Юу ч бүтэхгүй байна. Амьдрал хэцүү байна. Дарангуйлалд орж ЖИНХЭНЭ ЗОВЛОН үзээгүй бүх хүний зовлон тэр ажээ. Өөрөөр хэлбэл эрх чөлөөгөө эдэлж мэддэггүй, үнэлдэггүй хүмүүсийн зовлон. Зохиолын цаад агуулга нь үүнийг л хүмүүст хашгиран хүргэх гэсэн юм болов уу даа гэж би ойлголоо.
За тэгээд уншаагүй уншигчдад номын үйл явдлыг бичиж залхаагаад яах вэ сонирхвол өөрсдөө уншаарай.
Зохиолч Б.Эрхэмбаяр

URL:

Сэтгэгдэл бичих