ДЭМБ: Коронавирусын дэгдэлт энэ зун намжина гэж найдах хэрэггүй
Сүүлийн нэг хоногийн дотор дэлхий дахинд 2873 хүн шинэ төрлийн коронавирусний халдвар шинээр авч, 99 өвчтөн нас баржээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Хятадын “South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 104962-д хүрснээс эх газрын Хятад улсад 80651 нь бүртгэгджээ.
-Коронавирусний халдварын дэгдэлт ирэх зун гэхэд намжина гэж найдах хэрэггүй гэж ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын онцгой байдал хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Райн мэдээлжээ. “КОВИД-19 ирэх зун томууны адил алга болно гэх нь хуурамч найдвар. Одоогийн байдлаар энэ таамаг бодитоор биелнэ гэж хэлэх үндэслэл алга байна. Тиймээс коронавирус өөрөө устаж үгүй болно гэж найдахын оронд одооноос эхлэн вирустэй тэмцэх шаардлагатай байна” гэж тэрбээр ярьжээ.
-Хятад улсад сүүлийн нэг хоногт шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь батлагдсан 44 шинэ тохиолдол бүртгэгдэж, 27 хүн нас барж, 1661 өвчтөн эдгэрчээ. Халдвар авагсдын 70 хувь нь эдгэрч эмнэлгээс гараад байна гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд тус улсад 80651 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 55404 нь эдгэрчээ. Одоогоор эмнэлэгт 22177 өвчтөн эмчлүүлж байгаагаас 5498-ын биеийн байдал хүнд байна.
-Хятадын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шинэ төрлийн корнавирустэй тэмцэхэд нь зориулж 20 сая ам.долларын тусламж олгохоор болжээ.
-Хятад улсад 29 минутын дотор КОВИД-19-ыг оношлох хүчин чадалтай шинэ оношлуурыг баталжээ. Вирусний тестийг мөн Европын Холбоо баталсан бөгөөд Итали, Австри, Нидерландад хүргүүлсэн байна.
-Одоогийн байдлаар, Италид 5883 (нас барсан 233), Иранд 5823 (нас барсан 145), Франц 949 (нас барсан 16), Герман 639 халдварын тохиолдол бүртгэгдэж, халдварын хамгийн их тархсан орнуудад тооцогдож байна.
Эх Сурвалж: Caaknews.mn
URL: