Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар хамгийн харалган, идсэн уусан бүхэнд холбогдож явдаг, өөдгүй нэгэн байсан юмсанж

20

Сарьсан багваахайг манайхан хараалч амьтан гэдэг

(Улс орноо гадаадынхантай нийлж цөлмөөд харьд оргож яваа хүмүүс, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Б.Батзориг… нарын “бүлэг хулгайчид” эх орон ард түмнийхээ өмнө тулгарсан энэ хүнд сорилтын үед хэрхэн хандахыг ажиглаж байна.)
Дэлхий цочирдлоо. Яг энэ өгүүллийг бичиж байх үед дэлхий  зуу орчим оронд коронавирус  гэдэг аюулт өвчин тархаад 3000 гаруй хүний маань амийг аваад явчихсан байна. Аюулт тахал болсон хойно, нутаг ус, арьс өнгө, албан тушаал бүхнийг харгалзалгүйгээр авдагаа л авч. Монголд коронавирусын өвчлөл бүртгэгдээгүй боловч, хамгийн өндөр эрсдэлтэй улсын тоонд явж байгаа. Тэр байтугай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп очиж болохгүй 3 улсын тоонд Монголыг оруулчихсан.
Коронавирусын өвчлөл гараагүй байхад яагаад ийм шийдвэр гаргасныг нь сонирхсон чинь Монголын гурван сая гаруйхан хүний тал хувь нь өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд өвчний улмаас эрхтэн солиулж хагалгаа хийлгэсэн ядмаг бүлэг, ДОХ-той хүмүүс зонхилж байгаагаас уг өвчин нэг илэрвэл аюултай эрсдэлд хүргэж болох учраас Монголд очихгүй байхыг сануулж. Бас, чадал тэнхээтэй залуус нь гадаадад явчихсан, өрх толгойлсон эмэгтэйчүүд олонтой, тэдний нэлээд нь Хятад хүмүүстэй суучихсан байдагийг ч анхаарсан бололтой. Ямартай ч Монгол улс маань маш өндөр эрсдэлтэй улсуудын тоонд багтжээ. Олон улсын хэмжүүрээр дотооддоо хийсэн судалгаагаар Монголын аймгуудаас Дорноговь, Өмнөговь аймгууд өвчний маш өндөр эрсдэлтэй, Булган аймаг дунд зэрэг, бусад бүх аймаг өндөр эрсдэлтэй нөхцөлд багтаж байгаа юм байна. Монголд сэжигтэй тохиолдол олон зуугаар бүртгэгдсэн ч шинжилгээгээр коронавирус илэрсэнгүй.
Тэгвэл яагаад энэ сэдвийг бичих болов гэвэл цаанаа бас учир байна. Аюулт өвчин илрээгүй байсан ч  “очиж болохгүй” гэтлээ ядуурсан, өрөвдөлтэй улсын нэг боллоо. Би сэдвийнхээ эхэнд энэ аюулт өвчний талаар эрдэмтэн мэргэдийн таамаглаад байгаа сарьсан багваахайн тухай хэдэн зүйлийг хэлье. Энэ амьтан дэлхийн бараг бүх улс оронд тархсан. Хэлбэр дүрс, амьдралын нөхцөл байдлаараа улс болгонд өөр байдаг бололтой юм. Манайд бол урт далавчтай, жижигхээн амьтан байдаг. Тэгтэл Ухань хотын зэрлэг амьтны зах дээр худалдаалж байгаа сарьсан багваахайнуудын махыг харахад галуу нугасны мах шиг томоо мах харагдана билээ. Энэ амьтны тухай түүх домог, хуучны судар номуудад зөндөө бий. Гол нь сайнаар бичигдсэн явдал ердөө байдаггүй, миний л мэдэх ном сударт дандаа л муухан талаас нь бичсэн байдаг. Монголчуудын дунд, “Санаа муут яван хатна. Сарьсан багваахай наранд хатна” гэсэн  хэлц үг бий.
Эндээс харвал энэ амьтныг санаа муутай, хорон санаатай хүнтэй зүйрлэж. Бас “наранд хатна” гэснийг бодвол сарьсан багваахай нь халуун дулаан нөхцөлд муу амьтан бололтой. Тэр амьтанд байдаг хориод төрлийн хортой вирусээс энэ коронавирус нь +30-40 хэмийн халуунд үхэж байгааг бодвол, ер нь л халуун даадаггүй амьтан юм шиг.
Монголчууд сарьсан багваахайнаас сэжиглэдэг, “хараалч амьтан” гээд хавьтаж ойртох дургүй, махыг нь ч иддэггүй шүү дээ. Сарьсан багваахай цонхны завсар орчихоод тожигнуулаад байхад хөөж туудаггүй, барьж тавьдаг ч үгүй юм. Би , өндөр цол хэргэмтэй лам нараа, эрдэмтэн судлаачдаа, өргөн дэлгэр судар номоо үзэж байгаад “Коронавирус”-ыг анагаах эм тан, вакцин гаргаад авчихаж чадна гэж боддог. Дэлхийн эрдэмтдээс юугаараа дутах билээ.
Даанч хөдлөхгүй юм даа. Коронавирус гэдэг аюулт өвчний анхны тохиодол 2019 оны 12 дугаар сарын 12-нд илэрсэн. Үүнээс ч өмнө мэдэгдэж байсан гэх мэт маргаантай асуудал цахим сүлжээгээр цацагдаж байсан боловч Ухань хотоос анх мэдээлсэн эмч, тус хотын эмнэлэгийн дарга хоёр нас барсан гээд чимээ тасрана билээ. Хятадын өмнө талын муж, хотуудаас 84 сая хүн , зөвхөн Ухань хотоос 5 сая хүн гадагшаа гарсан гэсэн мэдээлэл бий. Тэр хүмүүс хаана, ямар улс оронд явсан, манай Монголд орж ирсэн эсэхийг мэдэхгүй.
Энэ аюулт тахал, Хятадын хотуудад асар хурдан тархаж, хоногт олон хүн нас бардаг болсон тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай арга хэмжээ авч манайд ч гэсэн дохио санамж өгсөн байх. Аргагүй шүү дээ. Голомтын бүх нутагт хамгийн ойр, 4000 гаруй км  газар нутгаараа хиллэдэг, өдөр болгон, цаг тутам 13 боомтоороо орж гарч байдаг, манай Монгол улс л анхаарлын төвд байж таарна. Тэгээд л энэ оны нэгдүгээр сард манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаравчлан хуралдаж тодорхой шийдвэр гаргасан. Тэр шийдвэр нууц биз. Би бүрэн эхээр нь олж уншаагүй л байна. Ямартай ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг засгийн газар Улсын онцгой комисст үүрэг болгож холбогдох бүх яам газруудад үүрэг чиглэл өгнө билээ. Үүнийг би цагаа олсон зөв зүйтэй арга хэмжээ болсон гэж боддог. Гэхдээ, цаашид бас санаа авах боловуу гэсэн хэдэн зүйлийг хэлхэж байна.
Гамшигийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдал гэдэг чинь өөр өөрийн чанд хатуу хууль журмаар зохицуулагддаг зүйл. Зам дээр хэдэн цагдаа зогсож, хүмүүст амны хаалт зүүлгэснээр хангагддаг асуудал биш. Иймээс хууль хяналт, эрүүл мэндийн бүх байгууллага, иргэн бүр энэ хууль журмыг хатуу сахих үүрэгтэй. Би гадаадын зарим оронд ямар хууль журам үйлчилдгийг сонирхуулъя.
1. Тайванийн засгийн газраас хөл хорио тогтоож, гэртээ байхыг шаардсан шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг хоёр сая тайвань доллараар торгох, эсвэл хоёр жил хүртэл хорих арга хэмжээ авах шийдвэр гаргаад байгаа. БНСУ-ын Үндэсний ассамблей хөл хориог санаатайгаар зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна. Ер нь дэлхийн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдлын болон онцгой байдлын нөхцөлд ийм хатуу чанд хуультай ажиллаж байгаа л даа. Тэгтэл манайд яаж байна? Намын том дарга хүн өвчний голомтоос ирээд тусгаарлагдахгүй гэж томрон, түүнийг намынх нь дарга нар хаацайлаад өнгөрөх гэж байдаг. Бас биедээ даавуу ороон худал жирэмсэлсэн эмэгтэй, тусгаарласан орчинд биеийн халуунаа үзүүлэхгүй гэж эсэргүүцсэн хүмүүс, тэр битгий хэл энэ явдлыг санаатай зохион байгуулсан хүмүүсийг хэдэн төгрөгөөр торгосон болоод өнгөрч байгаа сураг байна. Бүр болиод өвчний голомттой газар нутгуудаар гэр бүлээрээ хэсч яваад ирсэн хэрнээ нуун далдалж, тусгаарлагдаагүй хүмүүс ч байна. Өнөөх шүүх прокурор хаана явна? Өндөржүүлсэн бэлэн байдлыг ажиглаж байхад , ийм гамшигийн үеийн хууль журмаар эрүүгийн хэрэг гэж үзэн хатуу арга хэмжээ авдаг юм билээ.
2. Би, сонгууль, хүний амь хоёрын аль нь үнэтэй байгаа юм бол хэмээн бодолд автаж сууна. Өндөржүүлсэн бэлэн байдалтай зэрэгцээд сонгуулийн сурталчилгаа ч замаа алдлаа. Байнга үүд хаалга онголзуулан сонгуулийн материал тарааж байна. Бодвол том намуудаас нэр дэвшихээр товлогдчихсон хүмүүс л байх. Би өөрийнхөө Баянгол дүүргийн тойрог дээр ямар ухуулга сурталчилгаа явж байгааг энэ удаа бичихгүй. Харин , энэ юм тараагаад байгаа хүмүүс манай тойрогт өрсөлдөх болвол би хатуу тэмцэнэ. Түрүү түрүүчийн сонгуульд ямар булхай хийж байсан, ямар гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг тойргийнхоо бүх иргэдэд нээлттэй захидлаар хүргэнэ гэж бодож байгаа. Төрийн эрх барьж байгаа манай намын дарга У.Хүрэлсүхдээ олон жил хүлээж хүндэлж яваа ах хүний хувьд нэг зүйлийг хэлэлгүй болохгүй байна.  Ерөөсөө л та нар хүний амь гэхээсээ сонгуульд бэлдэх болж.
АНУ-аас сонгуулийн санал тоолох 250 хар машин авна гэнэ. Энэ хар машин чинь олон улсад “хулгай” нь илэрсэн, манай улсад ч гэсэн сэжиглэгдэж байсан техник. Ямарч программ хийгээд залилж болдог юм гэсэн. МАН-ын 2016 оны ялалтын 65 суудлыг ч хар машинтай холбон эргэлзэх явдал бий. Саяхан АНУ-ын ардчилсан намын сонгуулийн сунгаанд хар машин яаж будлиан тарив даа. Тэхэд та нар АНУ-аас нэг бүрийг нь 2000 гаруй ам. доллараар хар  машин авах гэнэ. 250 хар машины нэгийг нь 2000 ам. доллараар бодоход 525 мянган ам. доллар. Монгол мөнгөөр 1,5 тэрбум төгрөг. Яаж байгаа нь энэв, Намын даргаа! Цаана чинь аюулт өвчин нүүрлэчихээд, ард түмэн амны хаалт, арван төгрөгний төлөө үхэлдэж байхад та нар сонгуулиас өөр зүйл бодохгүй, мөнгийг тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэж байж болдог юм уу?!
Манай намаас УИХ-д сонгогдож Сангийн сайд болсон Ч.Хүрэлбаатар гэж “том толгой” бий. Хүмүүс “Бэрд” гэх болсон байна билээ. Улсын төсвийг сонгуулийн төсөв болгоод хийчихсэн. Өвчин зовлон, аюулын дохио зарлагдаад байхад төсвийн тодотгол хийж, сонгуульд зориулагдсан, тулгамдаагүй олон зуун тэрбум төгрөгөө хасахгүй гүрийгээд байгаа. Татганаж байж 10 тэрбум төгрөгийг ЭМЯ-нд өгсөн. Тэр нь “аманд ч үгүй, хамарт ч үгүй”.   Бүр томроод “Ус үзээгүй байж хормой шууж” хэмээн доромжилж байна. Уул нь: “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах” л гэж байдаг юм л даа. Чимид гэж миний сайн танил, уул шиг түшигтэй төрийн зүтгэлтэн байсан. Тэр хүний хүү, Ч.Хүрэлбаатарыг ухаалаг хандана байхдаа гэж бодож байсан чинь, юу вэ! Хамгийн харалган, идсэн уусан бүхэнд холбогдож явдаг, өөдгүй нэгэн байсан юмсанж. МАН-д Ч.Хүрэлбаатараас өөр сайн санхүүч, сайн эдийн засагч, шуналгүй шудрага хүн олдсонгүй гэж үү?! Коронавирус монголд орж ирээд ямар нэг байдлаар өндөр эрсдэл үүсвэл Ч.Хүрэлбаатараас хариуцлага нэхэхэд буруудахгүй л байх.
Би харамсаж сууна. Аюулт өвчин үүд тогшоод түгшүүрийн дохио харанга  дэлдэж байхад бид одоо ямаршуу нөхцөлд амьдарч байгаагаа ухаарах шиг боллоо. Халдварт өвчин судлалын үндэсний төв гэдэг ганц эмнэлэгтэй, тэр нь хотынхоо төв дунд, “Наран туул” гэх хамгийн том захтайгаа хаяа хамар нийлсэн. Өдөрт эмнэлэгт халдварт өвчтэй олон зуун хүн орж гарч байдаг, “Нарантуул захад бол хэдэн зуу мянгаараа сүлжиж байгаа нь дэндүү харамсмаар байгаа биз?! Уул нь Халдвартын эмнэлэг нь их хотын салхины урсгал доор, хотоосоо зайтай, зам талбай өргөн, агаар ус сайтай газар байх ёстой юм гэсэн. Нисдэг тэрэг буух, хөөрөх талбайтай, яаралтай тусламжийнхан тэнд байрлаж байдаг юм билээ. Халдвартын больницыг тэгээд л хотын зүүн өмнө зүгт, захдуухан барьж байгуулсан юм.
Одоо бол хот дотроо ороод ирчихсэн, хувийн зах, орон сууц , барилга байшингаар хүрээлэгдсэн, хэн ч харсан хөөрхийлөлтэй газар болждээ. Би тэгээд үе үеийн удирдлага, УИХ-ын гишүүд, сайд дарга нарт бухимдан дотроо зүхэж сууна. Хотын салхины урсгал доор 500-1000 ортой халдвартын больниц барьчих мөнгө хөрөнгө Монголын засгийн газарт байсан даа. Даанч  сэтгэл дутаж. Ядахдаа л Яармагийн 300 ортой эмнэлэг, Түлэнхийн төв гээд олон жил хөрөнгө идсэн барилга байгууламжуудыг дуусгачихаж болсонгүй гэж үү?!  Өрхийн эмнэлэгүүдийн байгаа царай нь!  Хороо , цагдаагийнхантайгаа нийлсэн хэдэн өрөө. Эмэгтэйчүүд, хүүхэд хоёр нэг доор л үзүүлж байгаа. Үе үеийн засгийн газар төсөв тайрах болохоороо л эмнэлэг сургуулийн төсвөө тайрдаг, хүчээр нэмэх болохоороо л дарга сайд нарын баар рестораныг нэмдэгийн гор өнөөдөр гарч байна.
Миний бодлоор бол, цөөн хэдэн хүний хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн Арцатын аманд баригдчихаад байгаа нийслэлийн засаг захиргааны барилга байгууламжийг маргаашнаас эхлээд халдвартын эмнэлэг болгоё. Энэ барилга байгууламжийг чинь эрх мэдэл бүхий цөөн хэдэн хүн Д.Сүхбаатарын талбай дахь барилга байгууламжуудыг нь хувьдаа авах гэж нууц хуйвалдааны замаар бариулсан гэдэг. Хотын захиргаа нүүж болохгүй. Хотынхоо төвд байдаг жам ёстой. Бас нэг чухал зүйл байна. УИХ-ын гишүүн Т.Билэгт, Халдвар судлалын үндэсний төвийн хашаанд эмнэлэгийн зориулалттай том барилга бариад одоо хүртэл ашиглаж эхлээгүй байна. Засгийн газар, УИХ-ын нэг гишүүнтэйгээ хэл амаа ололцоод энэ чухал үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ашиглаж болмоор л санагдах юм. Үүнд хойшлуулалгүй арга хэмжээ авмаар байна.
Коронавирус гэх энэ тахал нэлээн удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй. Зарим эрдэмтдийн ярьж байгаагаар эмчлэх эм нь хэдэн сараас наашгүй, вакцин нь 18 сарын хугацаанд гарна гэх. Зөвхөн коронавирус ч биш, өөр ямарч аюултай өвчин тахал гарахыг байг гэх газаргүй . Тэгвэл “саалиа базаахаар саваа базаа!” гэсэн үг бий. эмнэлэгүүд, тэр дундаа халдварт өвчнийг тусгаарлах, ажиглах, эмчлэх эмнэлэгийн газруудыг яаралтай барьж байгуулмаар байна. Юуны өмнө төсөвт тодотгол хийгээд, зөвхөн сонгуульд, нэг намд, нэг хүнд зориулсан тэр олон тэрбум төгрөгийг хасъя л даа. Ядаж яармагийн эх нялхасын эмнэлэг, Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулъя. Мөн тэрчлэн, Их тэнгэрийн амнаас зүүн тийш найман том  ам байгаа. Судалж үзээд тэдний аль нэгийг  халдварт  өвчнийг эмчлэх, тусгаарлах цогцолбор газар болгомоор байна. Бүр, эмч ажилчдын орон сууцны хороололтой том төв байж болмоор. Тахалтай юмуу, тахлын сэжигтэй хүмүүсээ авчраад шууд хотын төвийнхөө эмнэлэгт, бусад өвчтэй зовлонтой хүмүүстэй хольчихмооргүй байна. Австрали улс л гэхэд Уханиас аваачсан оюутнуудаа тусгай бэлтгэсэн арал дээр сувиллын журмаар байрлуулсан байгаа. АНУ, хотынхоо ойролцоо том сувиллын газарт тусгаарласан. Манайх шиг, хотынхоо төвд бусад халдварт өвчинд ядарч туйлдсан хүмүүстэй хольж хутгачихаж байгаа улс орон алга шиг билээ.
Манай ард түмэн ч, үнэхээр даруу ухамсартай ард түмэн юм. Цагаан сарыг ямар сайхан тайван тэмдэглэв. Гудамжинд хүн үзэгдэхээ бараг больсон. Машинаар л очиж аав ээждээ золгосон хүмүүс бий байх. Олонх нь хуучин маска угааж хэрэглэх шиг болсон. Ард түмэн маань төр засгийнхаа шийдвэрт ийм гүн хүндэтгэлтэй хандаж байхад зарим байгууллага, удирдлагууд даанч яавдаа гэмээр хандсандаа. Олон эмийн сан өвчний сурагаар л амны хаалтныхаа үнийг нэмчихсэн. Зарим нь өндөр үнээр зах дээр гаргаад худалдаж байлаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон түмэнд ийм байдлаар хандсан эмийн сангуудын ажиллах эрхийг цуцалж, удирдлагад нь хатуу арга хэмжээ авахыг ард түмэн шаардаж байгаа юм. Зарим томчууд төр засгийн үийдвэрийг даанч тоогоогүй. Та нар телевизээр харсан байх. Өнөөх “алдарт” Г.Алтангийн бөмбөгөр худалдааны төвийн “сөхдөг үүд”-ийг хараад  яаж ой гутаваа! Одоо тийм тогооны алчуур шиг үүдтэй ямарч айл байхгүй. Тэхэд тэр том худалдааны төвийн байгаа царайг. Үйлчлүүлэгчидээ ингэж доромжилдог дарга, эздэд хатуу хариуцлага тооцож , томоохон торгууль тавих хэрэгтэй шүү дээ.
Улаанбаатар хотод ариутгал устгалын томоохон алба байсан. Одоо хаана юу байдагийг мэдэхгүй. Эрүүлийг хамгаалах системд хамгийн чухал зүйлийн нэг нь энэ л дээ. Би, засгийн газрыг төсөвтөө тодотгол хийж хэдэн тэрбум төгрөг гаргаж өгөөч гэж нэхээд байгаагийн учир нь энэ урьдчилан сэргийлэлтийн ажилд онцгой анхаармаар байгаа юм. Энэ хөгжилтэй улсууд чинь гудамж талбайнуудаа зориулалтын машинаар яваад ариутгачихдаг юм байна. Ядаж л тэр машинаас хоёр гурвыг оруулж ирэх юмсан гэсэн санаа.
Нүүрний буянтай ард түмэн л дээ, манай монголчууд. НҮБ, ДЭМБ, Жайка гээд гадаадын хичнээн олон байгууллага хүмүүс манайд хамгийн түрүү туслаж байна гээ. Дотоодын хандив тусламж ч түм бумаараа орж ирж  байна. Жирийн хүмүүс гуанз нээгээд эмнэлэг цагдаагийнхныг үнэгүй хоол ундаар үйлчилж байх юм. Дугуй засварын газар нээгээд чухал албаны машинуудад үнэ төлбөргүй үйлчилж байх шиг. Сайхан юмаа, сайхан юм. Би нэг л зүйлийг ажиглаж байгаа. Монголыг гадныхантай хувааж идчихээд эх орноосоо урван, оргон зугтаж ява хүмүүс , жирийн иргэдийнхээ хөрөнгийг хулгайлж идсэн Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Б.Батзориг … нарын “бүлэг хулгайчид” эх орон ард түмнийхээ өмнө тулгарсан энэ хүнд сорилтын үед хэрхэн хандахыг ажиглаж байна. Бурхан тэнгэр ч дээрээс харж л байгаа байх.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалыг хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуугиж л байна. Миний хувьд үүнд хушууч нэмэхгүй, хуруу ч нэмэхгүй. Би угаасаа энэ хоёр мөнхийн хөршийн ард түмэнд үргэлж сайн санаж явдаг хүн. Хүнд хэцүү үед нь гучин мянган хонь байтугай, гурван сая хонь өгчихсөн ч баярлаж л суух хүн.
Аюулт тахалын тархалт гурван сар шахам хугацаагаар үргэлжлэхэд, өнөөдөр Монголд  орж ирээгүй л байна. Д. Сарангэрэл сайдтай ЭМЯ, Д. Нямхүү захиралтай халдварт өвчин судлалын үндэсний төв, ОБЕГ, Цагдаа, Улс хотын мэргэжлийн хяналтын газар, хил гааль, хотын байгууллагуудын мянга мянган ажилтан ажилчдын маань цөхрөлтгүй хөдөлмөрийн үр шим, гавъяа зүтгэл юмдаа. Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход зарим хүн “мэргэжлийн биш, сэтгүүлч хүн тавилаа” гэж их л дургүйцэж байсан. Тэхэд Д.Сарангэрэл маань ээжийнхээ оёж өгсөн цэнхэр торгон дээлийг өмсчихөөд “Би ард түмэндээ эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ” хэмээн андгайлж билээ.
Тэр, өнөөдөр өргөсөн андгайгаа нэр төртэй биелүүлж яваа. Тэгээд би энэ завшааныг ашиглан ҮАБЗ-ын эрхэм дарга гишүүддээ хэдэн зүйлийн хүсэлт тавих гэсэн юм. Хэдэн жилийн өмнө холерийн голомтонд ажиллаж гавъяа байгуулсан хүмүүсээ Монголын төр хүндэтгэн үзэж төрийн дээд шагнал гавъяа цол, одон медалиар шагнаж билээ. Түүнтэй нэгэн адил аюулт тахалын үед хамаг хүндийг үүрч яваа Д.Сарангэрэл, Д.Нямхүү нарт хөдөлмөрийн баатар цол олгож, багийнхан , бусад хүмүүст нь гавъяат, төрийн соёрхол, одон медаль гэхчлэн хүртээж урамшуулаасай хэмээн бодож байна. Тэрчлэн, Монголд арав хорин сая төгрөгийн цалинтай хүмүүс олон байдаг юм гэнэлээ. Дөрвөн зуу гаруй ноцтой гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа” нэрээр хэрэгсэхгүй болгон заримыг нь зохион байгуулалттайгаар оргуулчихаад байгаа Шүүх, прокурорынхонд сая саяар нь цалин нэмэж байхын оронд эхний ээлжинд халдварт, түргэн тусламж, Онцгой  байдлынхны цалинг хоёр дахин нэмэж, цаашид дээрх системийн хүмүүсийн цалинг шатлан нэмэхийг санал болгож байна.
   
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЖАМЬЯН

URL:

Сэтгэгдэл бичих