ДЭМБ: Өвчнийг хязгаарлах, таслан зогсоох боломж харагдаж байна
ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн 86 оронд халдвар тархсан. БНСУ, Иран, Япон, Итали зэрэг оронд халдвар эрчтэй тархаж байгаа хэвээрээ байгаа юм.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Хятадад халдварын тархалт буурч байгаа хэдий ч дэлхийн 86 оронд бүртгэгдлээ. Азийн нэг, Европын гурван оронд халдвар голомтлон гарч байгаа. Тохиолдлын тоогоороо хоёрдугаарт Өмнөд Солонгос орж байна. Хэдийгээр өвчлөл зарим оронд голомтлон гарч байгаа ч гэсэн энэ өвчнийг хязгаарлах, таслан зогсоох боломжтой гэдгийг зарим улсуудын жишээ харууллаа. Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхий захирлын мэдээлснээр энэ өвчнийг зогсоох нааштай хандлага гарч байна. Жишээлбэл, БНСУ-д бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч, шинээр голомт нэмж үүсээгүй. Монголд вирусын халдвар илрээгүй ч Засгийн газрын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч, урьдчилан сэргийлж байна. Яг үүн шиг тохиолдол гараагүй байхад бүх салбарыг дайчлах улс төрийн дэмжлэг бүх оронд шаардлагатай байгаа юм гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-өөс өчигдөр оройны 23:00 цаг хүртэлх хугацаанд 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Урьчилсан дүнгээр 256 тохиолдлыг сэжигтэй гэж тооцож, хяналт, шинжилгээ хийсэн. Алтанбулагийн хилээр орж ирсэн гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Итали болон Тайланд улсад зорчоод ирсэн иргэд. Мөн Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 104 зорчигч ирсэн. Тэдгээрээс 17 хүнийг ажиглалтад, тандалтад авсан байгаа. Таван хүнийг ХӨСҮТ-д, 12-ыг нь Багабаянгийн амралт руу аваачсан. Эмнэлгийн тусламж хэвийн байна. ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. ДЭМБ-аас 560 кг ачаа бүхий хамгаалах хэрэгсэл авсан” хэмээв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны гуравдугаар сарын 4-ий өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй хүн тусгаарлаагүй. Харин ажиглалтад ХӨСҮТ-д тав, Дархан-Уул аймагт гурван хүн, нийт найман хүнийг ажиглаж байна” хэмээлээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: