44 тоглолтын турш ялагдаагүй “Ливерпүүл”-ийн цувралд цэг тавилаа
- Доод лиг рүү аюултай байсан “Уотфорд” 27 оноотой болж хүснэгтийг 17 дугаар байр руу дэвшив. Тэд 79 оноотойгоор ардаа яваа “Манчестер сити”-гээс 22 оноогоор илүү премьер лигийг тэргүүлж байна
Английн премьер лигийн хүрээнд 2019 оны нэгдүгээр 3-нд “Манчестер сити”-д хожигд-соноос хойш нийт 422 өдөр буюу 44 тоглолтод дараалан хожигдоогүй байсан “Ливерпүүл”, “Уотфорд”-ын талбайд ялагдлаа. Доод лиг рүү унах аюултай бүсэд орж, 19 дүгээр байрт бичигдэж байсан “Уотфорд”, аваргын цомд ойрхон байгаа “Ливерпүүл”-ийг 3:0-ээр буулган авахад 22 настай сенегал довтлогч Исмайла Сарр хоёр гоол оруулж, Трой Дээнэйд нэг гоолын дамжуулалт ѳгсѳн юм. Юргэн Клоппын залуус энэ итгэмээргүй ялагдлыг амссанаар “Арсенал” клубийн 49 тоглолтод хожигдоогүй түүхэн амжилтыг эвдэх мөрөөдөл талаар болж байна. “Улаанууд” 44 тоглолт дараалан хожигдоогүй нь Английн премьер лигийн түүхэнд хоёрт бичигдэх үзүүлэлт. “Ливерпүүл” лигийнхээ хамгийн том дээд амжилтыг эвдэх боломжоо алдсан ч “Манчестер сити”-ийн хамгийн олон дараалан /18 тоглолт/ хожсон амжилттай зэрэгцэж чадсан. Мөн “Манчестер сити”-ийн тогтоосон 100 онооны босгыг давах боломжтой байгаа.
“Хотынхон” 2017-2018 оны улиралд 100 оноо авч түрүүлэхдээ нэг тоглолтод 2.63 оноо авч байсан бол “Ливерпүүл” одоогоор 2.82 оноо дундажилж байна. Тус тоглолтод “Ливерпүүл” клуб 71 хувьтай бөмбөг эзэмшсэн ч хаалга руу ердөө долоо цохиж ганц нь хаалгаа оножээ. Харин талбайн эзэд “Уотфорд”-ын залуус 29 хувьтай бөмбөг эзэмшихдээ “Ливерпүүл-ийн хаалга руу 14 удаа цохиж, тав нь хаалгаа онож, гурав нь гоол болжээ. Ингэснээр доод лиг рүү унах аюултай байсан “Уотфорд” 27 оноотой болж хүснэгтийн 17 дугаар байр уу дэвшив. Харин “Ливерпүүл” 2019 оны нэгдүгээр сард “Манчестер Сити”-д хожигдсоноосоо хойш анхны ялагдлаа амслаа. Гэхдээ тэд 79 оноотойгоор ардаа яваа “Манчестер Сити”-гээс 22 оноогоор илүү премьер лигийг итгэл төгс тэргүүлж байна. 28 дугаар тойргийн хүрээнд болсон зарим тоглолтын тоон дүнг хүргэе.
Засгийн газрын мэдээ
URL: