Монгол хонь дэлхийн “чихийг” дэлдийлгэв

MPA PHOTO 2019-12-5514Дэлхий нийтээрээ вирусээс айн бүгж буй энэ цаг дор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэтхэн урд хөршид айлчилж, 30 мянган хонины буцалтгүй тусламж үзүүлсэн тухай мэдээлэл чих дэлдийлгэв. Олон нийт эл шийдвэрийг өхөөрдөж нэг, өмөлзөж нэг хүлээн авч байна.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас

Тэвдэж явахад тэвэнгээр тусал гэх зүйр цэцэн үгний утга биелэлээ олов. Хаа хаанаа хятадаас болгоомжилж буй энэ үед Монгол Улсын ерөнхийлөгч хүрээд очсон нь, очихдоо хоосонгүй, сэтгэлийн бэлэгтэй явсан нь бөмбөрцгийн бөөрөн дэх жижигхэн Монгол улсыг тун догиор илэрхийлсэн үйлдэл болов. Ингэж энэ жилийн цагаан сараар ууц болоогүй хонь урд хөршид эх орныхоо нүүрийг тахлах эрхэм үүрэгтэйгээр удахгүй хүрэх нь.

БНХАУ-ын иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг “We chat” холбоогоор монголын тухай сэтгэгдэл хөвөрч “Баярлалаа” хэмээх талархлын үгс ч харагдана. Монголын 30 мянган хонь Хятадын “Weibo” сошиал медиагийн топ мэдээнүүдийн нэг болж хоёр цагийн хугацаанд  65,8 сая хүн уншжээ.

Хятад улс хэтдээ аюулт вирусийг намжааж хилийн хориг тавигдана. Цаг зуурын бэрхшээл намжихад арилжаа наймаа, нүүрс тээвэр, амьдрал хэвийн үргэлжилж эхлэхэд хэдэн хонины минь ач буян нь ирнэ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэсэн байна.

Ши даргын завшаан гэдэг үгийг зайлшгүй шалтгаан гэж ч ойлгож болмоор. Хятад гүрэн эргээгээд Монгол Улсыг харж үзнэ гэсэн утга ч байж мэдэх. Аль нь ч байлаа гэсэн өвчин намжиж хил нээгдэхэд хөрш орон биднийг “хайрлах” үндэс тавигдав бололтой.

Б.Итгэл

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих