Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү

15821069045e4d091845d0bУул уурхайн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийж, 1072 хувьцааны ногдол ашиг гэж 96480 төгрөг олгохоор болсон талаар мэдэгдлээ.  Энэ шийдвэр гарахтай зэрэгцээд л нийгэм хоёр хуваагдлаа.  Зарим хэсэг нь шуудай гурилын үнэ хүрэхгүй мөнгө тарааж байхаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг барь.  Сонгуулийн өмнө МАН иргэдийн саналыг авах зорилготойгоор мөнгө тараалаа. 200 тэрбум орчим төгрөгийг иргэдэд тарааж байснаас үйлдвэр барих, өөр дорвитой ажил хийхэд зарцуул гэх мэтээр санал гаргаж, цахим ертөнцид ч бичиж, уриалж эхэллээ.  Хүмүүсийн саналыг зөв, буруу гэж шүүх гэсэнгүй. Угаасаа хүн мөнгөө яаж зарцуулахыг хүсэх нь түүний л хэрэг.

Нөгөө талаас, “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн жил 800 гаруй тэрбумын ашигтай ажиллачихаад, иргэдэд ногдол ашиг өгөхгүй гээд гүрийчихсэн.  Тэгсэн мөртлөө заавал энэ жил ногдол ашиг тарааж байгаа цаанаа сонгуультай жил иргэдийн саналыг татах гэсэн оролдлого агуулж байгааг ч үгүй гэх аргагүй. Эрх баригчид өөрт байгаа “хөзөр”-өө дэлгэдэг хойно. 2016 оны сонгуулиар АН-ынхан “Сайн хувьцаа” хөтөлбөр гэж гаргаж ирж, иргэдэд 300 мянган төгрөг тараасантай л зорилго ойролцоо. Зорилго нь хэдий ойролцоо ч энэ мөнгө тараалт биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ард түмэн 1072 хувьцаатай болж, “амь орж”, ашиг өгөхийг нь 10-аад жил хүлээлээ. Удтал хүлээсний эцэст өнгөрсөн жилээс л бид хувьцааг нь эзэмшдэг компани ашигтай ажиллаж эхэлсэн.

Тэд ашигтай ажиллаж байгаа бол бидэнд ногдол ашгийг минь өгөх ёстой юм.  Ингээд бичихээр янз бүрийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах л байх. Тэр хамаагүй, иргэд хувьцааныхаа ногдол ашгийг авах эрхтэй. Энэ жил ногдол ашиг гэж 96 мянган төгрөг өгөхөөр боллоо, болж байна. Дараа жил ч авах л ёстой. Тэр нь 100, 1000, 10 мянга байх нь хамаагүй.  Компани ашигтай ажилласныхаа дараа түүнээсээ хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх. “Чалько”-гоос 350 сая ам.долларыг “Тавантолгой”-н ордоо барьцаанд тавьж зээлж аваад, 21 мянган төгрөг гэж тараах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.  Тиймээс ногдол ашгаа авахыг мөнгө тараахтай хольж болохгүй ээ.

Олон хүн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих талаар ярьж байна. Тийм ээ, бидэнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам харгуй гээд хэрэгтэй зүйл маш их бий.  Гэхдээ бид төрд түмэн зүйлийн татвар төлж байгаа. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, Нийслэлийн, гааль, автозам ашигласны, агаар бохирдуулсны гээд татваруудыг тоолбол барагдахгүй. “Би байгууллагад ажилладаггүй, тиймээс татвар төлдөггүй” гэж бодож байна уу. Таны худалдаж авсан бараа болгонд татвар шингэсэн байгаа.  Та агаар амьсгалахдаа ч татвар төлөх нь холгүй байна.

Тэр татваруудыг бид яах гэж төлдөг юм. Төр засгийн удирдлагууд татварын мөнгөөр нийгмийн асуудлуудыг цэгцэл, ажил хий, төсвийг ашигтай зарцуул гэж төлдөг.  Цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж гэж төлдөг. Зам ашигласны татварыг замаа зас, сайжруул гэж төлж байгаа. Гэтэл дарга нар төрөх эмнэлгийн барилгыг 10 жил гацаачихаад, өөрсдөө суух байшингуудаа жилийн дотор барьж байна.  Хагас тэрбум төгрөгөөр яамаа, өрөөгөө тохижуулаад л бидний төлсөн татварыг үрэн таран хийдэг.  Бүтэн жилжингээ хурал зохион байгуулж, хэдэн 10 тэрбумаар нь цацдаг.  Дарга нар гадаадаар зугаалж, том машин авч, шатахуун хийж, өрөөгөө 100, 100 саяар засдаг.

Иргэд харин ногдол ашгийнхаа мөнгийг авахгүй цэцэрлэг барих хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү. Мөнгөө авах хүсэлгүй, сургууль, цэцэрлэг барихаар шийдсэн хүмүүс Засгийн газраар асуудлаа шийдүүллээ гэж бодъё. Нэг сайхан сургууль, эсвэл цэцэрлэг барьчихлаа.  Дарга нарт олз болох магадлал өндөр. Төсөвт мөнгө суулгаад, нэг цэцэрлэг барих гэж байтал иргэд ногдол ашгаа өгөөд, асуудлыг шийдчихлээ. Цэцэрлэг барих ёстой нэг, хоёр тэрбум төгрөг суларчихна даа.  Өөр зүйлд зарцуулахгүй, халаас руугаа шургуулчихгүй гэх баталгаа хаана байгаа юм.

Тиймээс “Эр хүний ачааг битгий хөнгөл” гэдэг шиг төр засгийнхны хийх ажлыг бүү багасга.  Хувьцаанд оногдох ёстой ногдол ашгаа ав. Өнгөрсөн жил ч бид авах л байсан юм. Дараа жил ч авах л ёстой.  Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, төмөр зам, засмал замаа бид төрөөс нэхэх хэрэгтэй.  Өөрсдийнхөө мөнгийг өгнө гэж хашгиралдаж байснаас  төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг хянахад анхаарлаа хандуулъя л даа.  Төсвийг эрэмбэлэдэг болгохын төлөө тэмцээч дээ. Энэ жил зөвхөн үйлдвэр барихад төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулъя. Бусад жижиг сажиг барилга, соёлын төв болон спортын цогцолборын ажлыг ганцхан жилээр хойшуулъя гээд л төсвөө зөв эрэмбэлээд, нарийн хяналттай зарцуулаад, дунд шатны цавчааг байхгүй болгож чадвал асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ.

Түүнээс биш авах ёстой ногдол ашгаа төрд /төрд ч гэж дээ, төсөв ерөнхийлөн захирч байгаа хэдэн даргад/ итгэж өгөөд, цэцэрлэг барьчих гээд сууж байж таарамгүй байна аа, найзууд аа.  Тэрбумы өгөхөөр чинь 500 саяар нэг хогийн байшин барьчихаад, тууз хайчлаад нуг нуг инээлдэцгээхээ даанч нэг мэдэхгүй байлгүй дээ, цаадуул чинь.

http://www.zaluucom.mn/read/4575776hc


URL:

Сэтгэгдэл бичих