Чингэлтэй дүүргийг Т.Аюурсайхан гишүүний фракц булаан эзэлж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг бужигнаж эхэллээ. Энэ бужигнаан коронавирүсийн халдвартай ямар ч хамаагүй. Харин МАН доторх эрх мэдэлд шунасан улстөрчдийн зодоон төрийн ажлыг барьцаалах хэмжээнд очтолоо газар авчээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хуралдахдаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ямар ч өрсөлдөгчгүйгээр даргаараа сонгосон байдаг. Чөлөөт өрсөлдөөнийг боомилж, анхнаас нь хатуу хайрцагласан энэ хурлын дараа баахан гомдол хөвөрч байсныг уншигчид санаж байгаа байх.
Энэ хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг МАН-ын Бага хурлын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргсан. Зарим хэвлэл дээрх хоёр эрхмийг намаасаа хөөсөн хэмээн мэдээлж байв. Гишүүн Д.Ганболд өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан, Д.Бат-Эрдэнийн тухайд нийслэлийн Автозамын газрын даргаар ажиллаж байсан, өөрийнхөө нэрийг сольж ахынхаа нэрийг зээлдэж залилан хийсэн гэдгээрээ олонд танигдсан нэгэн.
Товчхондоо бол Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ нар МАН доторх “60 тэрбум”-ын бүлэглэлд харьяалагддаг гэж хэлж болно. Сайн гэхээсээ илүүтэйгээр саар муу үйлдлээрээ олонд танигдсан бохирдуу намтартай улстөрчид. Тэднийг намаасаа шахах, эрх мэдлийг нь булаан авах ажиллагааг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар захиалсан гэж өөрсдөө хэлдэг. Эндээс харвал Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог УИХ-ын гишүүд нь өөрсдөө бужигнуулж, хагаралдуулж байгаа нь тодорхой байна. ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн хэмээн МАН-ын бүлгийн төлөөлөгчид үзэж байгаа гэсэн.
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг огцруулаад түүний оронд МАН-ын хорооны дэд дарга Л.Ариунтуяаг сонгосон тухай эх сурвалжууд мэдээлж эхлэв. ИТХ-ын 35 төлөөлөгчийн 19 нь хуралдаад 100 хувийн саналаар чөлөөлөхөөр шийджээ. Мэдээж нэгийгээ огцруулж нөгөөгөө дарга болгосон хурал үдэш орой хүртэл үргэлжилж зодоон цохиондоо тулах дээрээ тулсан дуулдав. Л.Ариунтуяа хэмээх бүсгүй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нараар крандуулж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон тухай одоо ид шуугиж байна.
Чингэлтэйн МАН-ынхны зодоон үүгээр дуусахгүй бололтой. Дараагийн алхам нь дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ч огцруулахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргачихсан. Удахгүй нийслэлийн Засаг даргад хандах ажээ. МАН доторх энэ зодооноос болоод Чингэлтэй дүүргийн ИТХ ажлаа хэвийн явуулах боломжгүй болж, тогтсон муу жишгийн дагуу өрөө сав, ширээ сандлаа булаацалдсан байдалтай байна. Сөргөлдөгч талууд харилцан шүүхдэлцэнэ гэсэн ганц тайлбарыг одоогоор хэлж сууна.
Niisleltimes.mn
URL: