МАН орон нутгийн сонгуулийг яагаад тусдаа явуулах сонирхолтой вэ?

Өнөөдөр орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж чадахгүй бол хаврын чуулган хүртэл энэ хууль яригдахгүй. Харин хаврын чуулган гэдэг нь ид сонгуулиар амьсгалсан цаг үетэй давхацна. Өмнөх жилүүдийн туршлагаар бол сүүлийн чуулган олигтой ажиллаж чаддаггүйгээс гадна гарсан хууль нь ч үргэлж дахин харах шаардлагатай болдог. Тиймээс өнөөдөр орон нутгийн сонгуулийн хуулийг баталж амжихгүй бол хаврын чуулганаар баталсан сонгуулийн хууль дахин үймээн гарах шалтгаан болж мэднэ. Эх сурвалжийн мэдээгээр бол намууд үндсэндээ сонгууль явуулах хугацаан дээр л тохирохгүй байгаа юм байна. АН сонгуулийг нэг дор явуулах саналтай байгаа бол МАН нэг явуулах нь олон эрсдэл дагуулна гэж үззж байна.

1.Тэдний тайлбараас үзвэл сонгуулийг хамт явуулах нь орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааг 3.5 сараар хорогдуулна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөнд тооцогдоно. Учир нь Үндсэн хуульд сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил гээд тодорхой заасан байдаг аж. Одоогийн хууль эрх зүйгээр энэ заалтыг өөрчлөх ямар ч боломжгүй гэнэ. Хэрэв хамт явуулах хууль батлагдвал Үндсэн хуулийн цэц дээр УИХ хялбархан ялагдана. Энэ орон нутгийн сонгуулийг явуулах эсэх талаар эцэс төгсгөлгүй маргаан дагуулна. Орон нутгийн сонгуулийг нааш татах хууль зүйн эрх орчин байхгүй бол хугацаа хойшилсон тохиолдолд дараагийн хурал бүрдтэл гэсэн заалтаар хуучин хурлууд хэдэн жил ч ажиллах боломжтой аж. Эл байдлаас зайлсхийх арга нь хуулийн хугацаанд энэ удаа явуулаад дараагийн ээлжинд хууль эрх зүйн орчинг ашиглан хамт явуулах гарц хайх боломжтой.

2. Маргаан дагуулсан санал тоолох машины хүчин чадал УИХ-ын сонгуулийн саналын хуудаснаас гадна орон нутгийн саналын хуудсыг тоолбол хүчин чадал дутна. Мөн сонгуулийн санал хураалтын хугацааг багасгасан тул томоохон хотуудад санал хугацаандаа амжихгүй байх магадлал өндөр гэж МАН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл өгсөн бололтой. Тэгээд өмнө нь машинаар тоолж байсан туршлага байхгүй тул ямар нэгэн алдаа гарвал хоёр сонгуулийн санал хураалт хамтдаа эрсдэлд орох магадлалтай гэж МАН-ынхан үзэж байгаа гэнэ.

3. Сонгуулийн штабууд гэж олон хүн ажиллуулдаг нүсэр аппарат байгуулагддаг. Хэдийгээр машинаар тоолох хөнгөвчилсөн хэлбэрээр санал хураалт явагдах боловч зайлшгүй хүн хүч нэмэх шаардлагатай тулгарна. Дээр ажиглагч, сурвалжлагч гээд олон тооны хүн сонгуулийн санал хураалтын байранд байх шаардлага гарна. Энэ бүхэн нь алив зөрчил үл ойлголцлол гарахад нөлөөлнө. МАН-ынхан иймэрхүү шалтгаанаар орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулахыг эсэргүүцэж байгаа юм байна. Гэхдээ тэд энэ удаад л гэж байгаа болохоос мөнхөд тусдаа явуулна гэж зүтгэхгүй байгаа аж.

Х.БАТТӨГС

logo-ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих