Вирус ба Бурхад

712-1581895295Coronavirus_bats_cave_collection_1280x720-(1)Хүн  буруу амьдарч байгааг коронавирус нотоллоо.Эртний Хятадын их бясалгагч Луузын Дао Де-цзын судар “хүмүүс хэзээ ч нэг нэгэндээ зорчихгүй,хилийн наана цаанаас тосгодынх нь бараа  харагдаад, нохой нь хуцалдаад, тахиа нь гуагчаад л нам гүм ажин түжин амьдарвал таарна” гэсэн  өгүүлбэрээр төгсдөг. Мөхөс би буруу  ойлгосон байж болно.Юуны тулд энэ их хурд холхилт  нисэлт шумбалт дүүлэлт ачаа бараа өрсөлдөөн солилцоог хийнэ вэ? Байгалийн жам хүн төрөлхтнийг  байранд нь тавилаа. Тансаг зэрэглэлийн гэх тодотголтой хэдэн мянган хүнтэй усан онгоцыг далай дунд  зогсоолоо.Ингэтлээ их холхих шаардлагагүйг хил хаасан явдал нотоллоо.Ямар ч оюуны хөгжилгүй байр  байрандаа бай гэж байгаа ч юм биш. Гэхдээ өвчин гарлаа гэж “лантуун дохио” өгсөөр байхад нэг иргэн  голомт хавиас халуурч орж ирэв. Та хаана яваад ирэв гэж асуусан чинь “туршлага судлаад ирлээ” гэж хариулсан гэнэ. Тахал маягийн өвчин хоёрхон сарын дотор  хэдэн сая мянган бээрийг туулан тив,бүс,бүслүүр улс улсад нэвтэрч хурд солилцооны идийг алмайртал үзүүлэв.Шинжлэх ухааныг хөгжүүлснээрээ хүн төрөлхтөн бахархдаг. Шинжлэх ухаан дэлхийн хамгийн хүнд хөдөлмөр гэдгийг мэднэ. Гэвч хамгийн хүчтэй лаборатори институт,баг,бүрэлдэхүүн арми ажиллаад ч вакцин гаргаад автал  саатна, гаргаад авсны дараа  туршаад практикт нэвтрүүлтэл жил, хагас жил.Хүн байгалиас асар их холдсон нь нотлогдлоо.Дархлаа тун сул болж. Дархлаа байгаа л даа. Гэхдээ жам бус амьдралын хэв маягаас болоод муу зүйлийн хуримтлал хорын хүч тун их болж.

Хэдэн мянган хүн тээвэрлэгддэг тул автобусыг маш сайн угаах ёстой л гэнэ.Уг нь хүмүүс хоорондын аюулгүйн бүс 4 метр гэж эрдэмтэд тогтоосон юм гэсэн. Байдал хүндэрмэгц байгалийн жам, эрдэмтэн мэргэдээ олж харлаа. Одоо хүн хүнтэйгээ учиргүй гар бариад л явж болохгүй гэнэ. Учиргүй олон хүнтэй үнсэлцэж болохгүй гэнэ.Үнэн шүү дээ.
Байгалийн жамыг бүр алдагдуулаад,баяр ёслолын мөн чанарыг  өөрчлөөд  хаячихсан байсан шүү дээ. Коронавирусын гарал үүслийг ч сайтар тогтоож чадахгүй ангайж байна. Сарьсан багваахайгаас үүссэн л гэнэ, могойноос үүссэн л гэнэ. Дэлхийн бүх  махны зах, амьтны худалдаа аймшигтай боловч Уханы далайн амьтны гэх захыг  хараад нүд халтирав. Одоо сайн чанаж идэх ёстой л гэнэ. Хүн болгон мөнх бусын мэдрэмжийг хоромхон ч болов амсаад авав. Бүх амьтны мөрөөс зааны мөр хамгийн гоё нь, бүх бясалгалын дотроос мөнх бусын бясалгал хамгийн сайхан нь гэдэг. Тайван амгалан,мөнх бусын мэдрэмжтэй, цэвэр ариун, дотоод нөөцөө шавхаж даруу амьдрахыг   байгаль  биднээс шаардаж байна. Бидний хэрэглээ дотор хэрэггүй юм олон. Одоогоос мянга орчим жилийн өмнө Мял богд ууланд зөвхөн халгайгаар хооллон суудаг байв. Нэгэн өдөр  уулаар тэнүүчилсээр өлсөж ядарсан  хэдэн анчин Мял богд дээр ирлээ. Жаахан идэх юм өгөөч гэсэнд халгай л байна гэв.Халгай чанаж суухдаа анчид “ядаж жаахан шар тос байхгүй юу? “гэж асуув. Наад халгай чинь өөрөө сайхан тостой шүү дээ гэж Мял богд хариулав. Ядаж чамд давс байхгүй юу? гэж анчид асуув. Наад халгай чинь өөрөө давстай шүү дээ гэж егүзэр хариулсан байдаг. Юунд хүрэх  гэж  сансарт цойлж, сарнаас дээж авч, газрын хэвлийг ухаж, далайн гүнийг бохирдуулан хоослон шунгина вэ? Хүн ч  гайхамшигтай  юмаа хүрэхгүй газар алга. Дэлхийн бүх байгууллагад элсэж, бүс нутгийн хамтын ажиллагаанд  хамрагдана. Их хуралд хүрэх гэж цойлно,Дээд шүүхэд хүрэх гэж дэнжигнэнэ.Албан тушаалд асар их ач холбогдол өгч, амь нас, хүн болж төрснийхөө бүх  утга учрыг үүнд зориулна.  Мөнх бус, маш өчүүхэн, даруу хэрэглээтэй гэдгээ саявтараас мэдлээ. Сүүлийн үеийн супер  зэвсэгтэй гүрэн биш харин вирус биднийг устгаж мэдэхээр боллоо. Өрнөж буй үйл явдлуудыг хөндлөнгөөс  харахад биднийг цэгцэд нь оруулах гээд байгаа мэт.Хүн төрөлхтөн үнэн худлыг ялгахаа больж. Үнэн худал холилдсон их хэмжээний мэдээллийн бааз хүний толгойг системийн хувьд гацааж вирустүүлжээ. Уртхан бичвэрийг уншдаг хүн алга болж.Хүн ч ёстой цойлж байна.Хурд гэж гайхамшигтай. Ажиллана гэж үзүүлж байна.
Өвчний үеэр ч ямар ч мэргэжлийн хүн арван хэдэн цаг ажиллаж байна. Харин өвчинтэй  нүүрээ зулгартал, бие засах  завгүй тэмцэж амиа өргөж,золиос төлж байгаа эмнэлгийн ажилтнууд л үнэхээр хайрламаар,баатарлаг. Хүн болгон номхорч, бодолхийлж, залбирч,хотын ачаалал багассан энэ цагаар  маш сайхан цас орлоо. Бурхад зөөлөрмөгц байгаль зөөлөрлөө.Жилийн өмнөх төлөвөөр л орох ёстой байсан цас гэж хэлэх байх. Гэхдээ тэр цасны будралт  ямар өөр байсан вэ? Бид дэндүү хэрэглэгч болж. Бороо орохыг пицца захиалахтай адилхан үздэг болж. Алив лам нараа чаддаг юм бол бороо оруулаач, номоо уншаач л гэнэ. Хүн болгон, толгойтой болгон залбирч зөөлрөхгүй бол мянган зөв ном уншаад ч яах билээ?
Уярч ухаармаар ч юм их боллоо.Зүчи хаан гэсэн бичигтэй сүрлэг том хөлөг халдварын голомтод бууж тусгаар улсын 31 иргэнээ аваад нислээ. Зүгээр ч ниссэнгүй мэргэжлийн баг өндөр түвшинд ажиллаж  чадлаа. Халдварын голомтод байсан  хүний нүдэнд Зүчи хаан гэсэн  хөлөг аварга том болж харагдсан нь ойлгомжтой.
Монгол улсын хөлөг онгоцны доторх талбай Монгол улсын нутаг дэвсгэрт хамаардаг. Сайн байцгаана уу гэсэн үг 31 хүүхдэд авралын тарни болж сонсогдсон биз.Эх орны үнэ цэнийг ойлгууллаа.  Эмнэлэгт байхдаа 31 хүүхэд  нэг ч удаа инээж шуугьж дэг журмыг алдагдуулаагүй, сахилга батыг чанд сахисан гэж эмнэлгийн ажилтнууд хэлжээ. Тийм ээ. Зовлон ойлгож ухаан сууна гэдэг энэ. Хүндэтгэл гэдэг энэ шүү дээ.
Нийгэм учиргүй өрсөлдөөн шуналаас гадна бас хүнтэй гэдгээ бүх шатандаа саналаа. Бидэнд нүүрлэсэн нус цэрээ хаядаг зуршилтай ч тэмцлээ, архины,тоглоомын эвгүй газруудыг ч хааж хязгаарлалаа.Хорын заалт хэмжигч дээр илт доошиллоо. Болдогсон бол нийгмийн дэг журам, зохион байгуулалтаа эргэж харах цаг болж. Бид засаглалын хэлбэр өөрчилнө гэж томрохоосоо  хамтын амьдралын дэг журам доторх гаж буруу зүйлүүдээ цэвэрлэх цаг болж.
Бүх юм хумхын тоосноос эхэлсэн.Гэхдээ хумхын тоосноос өмнө дуу чимээ,долгион энерги байсан гэдэг. Бүх юмны эхлэлд долгион чимээ байсан гэж Библи судар эхэлдэг юм гэсэн. Эхлэл болсон хумхын тоосоо бид санах хэрэгтэй. Хумхын тоосноос эхэлсэн, хумхын тоос сүйрүүлж мэднэ. Бааварлах хэрэггүй. Тогтуун ухаалаг, байгаллаг байцгаая. Халдварт өвчний үед айж болохгүй.Коронавирусээс  биш  айснаасаа архаг хууч нь сэдрэн үхэж мэдэх хүн олон. Вирустэй бурхад болох хүмүүс тэмцэж байна.Эрхбиш бурхад ялах байх.Гэвч хүмүүс бурхны замналаа мартжээ. Олон сар бүслэлтэд суугаад бид өлсвөл яана гэж айцгаана. Дахиад л сүрлэг егүзэр Мял богдоос  ишлэл авахгүй бол болохгүй нь. Нэгэн өглөгийн эзэн Мял богдод нэг дээл, хувин арвайн гурил өгч. Гэтэл Мял богд “арвайн гурилыг чинь авья даа, харин дээлийг чинь авч чадахгүй ээ. Уул хадаар би өнчин гөрөөс шиг явахдаа харзны усаар ундаалдаг,хад чулуугаар хооллодог, хааяа өөрийн үнэрт усаар ундаалдаг, халгай чанаж иддэг, аяга таваг, тогоо шанага хагарсан үед арга буюу идээг тэвчин чин хатуужлыг барьдаг, хомсдошгүй их баясал сэтгэлд төрөхүйн цагт хоосон чанарын агаараар биеэ тэжээдэг,арвайн гурил долоох төдий амь зогоодог,бодлын хүлээснээс алдарсан хүмүүний чимэг барс надад бодичид сэтгэлийн гурван хүчин төгс бүрдсэн” гэж хариулсан байдаг. Тийм ээ. Бурхад ялна, бас Ухань ялна.
О.Хараа  
Sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих