Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)
Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй.
Байгалийн нөөц баялаг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг.
Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ.
Байгаль дахь эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүнээ экспортлох замаар мөнгө олж, түүнийгээ нийгмийн учир утгагүй халамж, тансаглалд хий зарцуулж, цацах, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурахад эдийн засаг нь дагаад унах, төр, засгийн эрх баригчдын зарим нэг ухвар мөчид ухаан, шуналт этгээдүүд буруу зөрүү замаар оруулсан зэргээс шалтгаалан улс орон ядуурахыг товчхондоо “Голланд өвчин” тусах гээд байгаа юм. “Баялгийн хараал” гэдэг нь эрдсийн баялгаа олборлож, ашиглаад дууссан ч улс, нийгмээрээ ядуу тарчиг хэвээрээ, баялаг үйлдвэрлэдэг гялайж гялтайх ганц үйлдвэргүй, эвдэрсэн газар шороондоо дарагдан үлдэхийг хэлдэг.
Монгол Улс байгалийн эрдэс баялаг арвинтай хийгээд уул уурхайн салбарт тулгуурлан аж төрдгийн хувьд ийм төрлийн өвчин, хараалд өртчих вий гэж нийтээрээ болгоомжилдог, сэтгэл зовнидог. Гэтэл манай эрх баригчид хуучин, шинэ оны зааг дээр дурдсан “өвчин, хараал”-тай адил бус, гэхдээ энэ төрөлд хамруулбал зохих цоо шинэ төрлийн “өвчин”-ийг дэлгэрүүлэв. Энэ нь Монгол Улсын тэтгэврийн насны 421 мянган иргэнээс тэтгэврийн зээлтэй 229 мянган иргэн ХААН болон Төрийн банкнаас авсан 776 тэрбум төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх хууль боловсруулан баталсан үйлдэл юм.
Энэхүү зээлийн төлбөрт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь байдаг Салхитын ордыг ирээдүйд ашиглах 7 жилийн хугацааны нийлбэр ашгийг барьцаалан бонд гаргаж мөнгөжүүлэх замаар уг хуулийг хэрэгжүүлэх явдал юм. Үүнийг монголоор тайлбарлавал “Алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын үлгэр жинхэнээрээ амилж байгаа нь энэ.
Орд ашиглах төслийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК хэрэгжүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК бонд гаргах, түүнд нь Хөгжлийн банк баталгаа гаргах, Монголбанк мөнгөжүүлэх, тэр мөнгөний 70%-ийг ХААН банк, 30%-ийг Төрийн банк авсанаар тэтгэврийн зээлийн өр тэглэх ажиллагаа хэрэгжих юм байна. Түүнчлэн, тэтгэврийн зээл аваагүй 192 мянган ахмадуудад тус бүрт 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас гаргаж тараах гэнэ. Энэ бол яах аргагүй эрдсийн баялгаас үүдэн үүсэж байгаа цоо шинэ “өвчин” юм. Урьд нь ийм “өвчин”-ий сураг сонсогдож байгаагүй билээ. Цоо шинэ учраас, тэгээд ч Монголоос гарч байгаа учир үүнийг “монгол өвчин” гэж нэрлэхээс өөр аргагүй.
“Монгол өвчин” нь “голланд өвчин”-өөс ялгаатай. Нэгдүгээрт, “голланд өвчин”-ий үед олборлож, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортолж, түүнээс бодитой бий болсон орлогыг шамшигдуулдаг бол “Монгол өвчин” нь олборлож, ашиглаж эхлээ ч үгүй байгаа ашигт малтмалын ордын ашиглалтаас ирээдүйд бий болно гэж алдаа, мадагтайгаар цаасан дээр тооцоолсон орлого, ашгийг барьцаалан бонд болон үнэт цаас гаргаж, түүнийгээ бодитой байгаа мөнгөөр (улсын буюу ард түмний бэлэн мөнгө) мөнгөжүүлж, хэн нэгний ашиг сонирхолтой зүйлд зарцуулдаг. Хоёрдугаарт, ирээдүйд бий болох ашиг, орлогыг нь төр өмчлөн, эзэрхэн авч буй мөртлөө, тэрхүү ашиг, орлогыг бий болгох арга, үндсэн зэвсэг болсон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төр гаргах, өрөнд орж буйгаа мэдэхгүй байгаагийн дээр энэхүү хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хэрхэн гаргах талаар өчүүхэн ч бодсонгүй. Гуравдугаарт, “Монгол өвчин”-өөр хамаг орлого, ашгийг нь түрүүлээд авсан төслийг хэрэгжинэ гэж итгэхэд бэрх. “Монгол өвчин” нь цаасан дээр (хууль, шийдвэрээсээ эхлээд бонд, үнэт цаасаа хүртэл) хий хоосон, эзэн-хариуцагчгүй дэлгэрч буй учраас уг ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй, бөөн хүлээлт, маргаан үүсэх нь дамжиггүй тул тусгай зөвшөөрөл эзэмшилт будилж, төсөл хэрэгжих хугацаа хойшилсоноор ойлгомжгүй нөхцөл байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж, эцэстээ улс нийгэм л хохирно.
Ашигт малтмалын бусад нүнжигтэй томоохон ордуудын хувь заяа ийм маягаар “монгол өвчин”-д нэрвэгдэж, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх, нам, эвсэл, эрхтэн дархтан цаашид бий болохыг үгүйсгэх аргагүй. “Монгол өвчин” гарснаар банк, харилцагч хоорондын арилжааны харилцаанд төр хөндлөнгөөс оролцож, будлиан үүсгэж байна. Зөвхөн Засгийн газрын гаргасан бондыг мөнгөжүүлэх үүрэгтэй Монголбанк компанийн бондыг санхүүжүүлэх болж байна. Төр иргэдэд ялгавартай хандаж байгаа нь бодитой илэрч, ард иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлж байна.
Ийнхүү эрдэс баялагтай холбоотой нэгэн шинэ “өвчин” Монгол эх оронд маань үүсэж байгаа нь туйлын харамсалтай.
Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) Н.Даваасамбуу
WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM
URL: