Биокомбинатын иргэд хөлдүү сууцанд зутруухан амьдарч байна

-200 ГАРУЙ АЙЛЫН ХАНА НЬ БИТҮҮ ЦАН ЦОХИЖ, ПААР НЬ АЖИЛЛАХГҮЙД ХҮРЧЭЭ-

Хан-Уул дүүргийн XII хороо, Биокомбинатын орон сууцанд амьдарч байгаа 200 гаруй айлын мянга гаруй иргэн энэ өвлийг хөлдүү бай­шинд, осгохын наахнуур зутруу­хан давж байна. Хөгшид голдуу иргэд гэр­тээ зу­заан хувцсаа дав­харлаж өмсчихөөд л сууж байх юм. Бага насны хүүх­дүүд нь эсгий гутал өмсөх­гүй бол ханиад хүрээд хэцүүхэн байгаа гэнэ. Гэ­рийнх нь хана бүхэлдээ цан цохиод, паар нь дөн­гөж амьтай гэмээр бүлээн байгаагаас үүдэн иймэр­хүү байдалтай амьдарч байна. Биокомбинатын орон сууцанд амьдарч байгаа хэд, хэдэн айлаар орлоо. Бидний эхний ор­сон айлын гэрийн эзнийг А.Ганбат гэдэг аж. Тэд­нийх энд 20 гаруй жил амьдарч байгаа гэсэн. Гэвч сүүлийн арав гаруй жил өвлийг хэцүүхэн давж байгаа гэсэн юм. Таван давхар орон сууцуудыг 1974 онд барьжээ. Тэгээд цагийн эр­хээр барилга нь муудаж, хана таазных нь шавар унаж, жавар тачиг­наж, салхи сийгдэг бол­жээ. А.Ган­батынх гурван хүүхэдтэй аж.

Хүүхдүүд нь зузаан хувцас, эсгий гутал өмс­чихөөд л гал тогоо­н­ы­хоо өрөөнд аягаа угаагаад сууж бай­на лээ. Тэд шөнө хоёр хөнжил дав­харлаад дээрээс нь дээлээр ху­чаад л хувцастайгаа унтах­гүй бол даар­даг та­лаар ярив. Мөн охидынх нь ангийн энэ хавийн байранд амьдарч байгаа хүүхдүүд ч тэгж унтдаг гэнэ. Гэртээ усанд орж болохооргүй хүйтэн бай­даг учир гэрээсээ холгүй­хэн байх ха­маат­ныдаа очиж, толгой хүзүүгээ угаа­даг байна. А.Ган­ба­тынх цон­хоо нэлээд ням­бай дулаалсан байна лээ. Гурван давхар гялга­раар дотор гадна талыг нь дулаалж завсар зайг нь бөглөжээ. Гэсэн хэдий ч гэр нь хүйтэн байна лээ. Паар халахгүй байгаа шалтгааныг гэрийн эзэг­тэй Б.Алимаа ингэж тайлбарлаж байна. “Энэ хавийн айлуудыг бүрэн хангах хүчин чадал бүхий уурын зуухтай. Тэндээс нэмэх 70 хэмийн дулаан гарч байгаа юм. Гэвч орон сууцнууд руу явж байгаа шугаманд ямар ч зас­вар хийхгүй өдий хүрч бай­гаагаас болоод халуун даралт нь буураад орон сууцнуудад 3-12 хэмийн халуун ирж байна. СӨХ болон уурын зуухны ажилт­нууд огт ажлаа хийх­­гүй байгаагаас ийм байдалд хү­рээд байгаа юм. Ядахдаа ха­лаалт муу ирж байгаа дээр нь ба­рил­гын хана бүхэлдээ цан цохисон мө­сөн хон­гилд л амьдарч байна. Хорооны Засаг дарга энэ талаар дээш нь удаа дараа хэлдэг юм. Гэвч то­дор­хой шийдэлд хүрэхгүй, бид хөлдөж үхэхийн наагуур л амь­дарч байна. Тэгээд бүр дулаан хэрэг­лэсэн мөнгөө сар бүрд нь өгч байгаа. Сард 22 мянган төгрөг авдаг. Дээрээс нь хогны мөнгийг цахил­гаа­ны мөнгөн дээрээ нэмж өгөөд байхад хогондоо дарагдаад л сууж байна шүү дээ” гэв. Дээрх айлууд хоёр жил дулаан өвөлжиж байсан түүхтэй. Тэр нь Ардын жүжигчин агсан Б.Дамчаа гуай амьдарч байгаа орон сууц нь мөсөн хонгил байгаа талаар хэвлэл мэ­дээл­лийн хэрэгсэлд ярилцлага өгч, өөрөө өлсгөлөн зарлах дээрээ тулан байж арай гэж уурын зууханд нь засварын ажил хийлгүүлж бай­жээ. Ардын жүжигчин агсан Б.Дам­чаа гуайг бурхан болсноос нь хойш энэ талаар хотын удирд­ла­гууд огт дурсахаа больсон гэнэ.

bio-hulbuu-bairМАНАЙ ГЭР ӨДӨР  ГУРВАН ХЭМ БАЙГАА

Тус байрнаас гарч, хоёрдугаар байрны хоёр давхарт амьдрах Н.Буянтогтохын  гэрт орлоо. Био­комбинатад олон жил ажиллаж байсан гэнэ. Одоо ач охинтойгоо амьдарч байгаа юм билээ. Тэрбээр сүүлийн гурван жил гэр нь өвлийн улиралд хэрхэн дулаан байсан талаар халуун, хүйтнийг хэм­жиг­чийн тусламжтайгаар тэмдэглэл хөтөлсөн байх юм. 32 хуудастай зузаан дэвтэр дээр өдөр, шөнө гэрт нь хэдэн градусын хүйтэн, дулаан байгааг ирийтэл нь бичжээ. Гурван дэвтэр дуусгаад байгаа нь энэ. Гэрийн эзэд хоёр том өрөөн­дөө огт орохгүй байгаа талаар хэлж байна лээ. Жижиг өрөөндөө цахилгаан халаагч тавьчихсан байлаа. Дулаан нь 15 хэм байгаа гэж Н.Буянтогтох гуай хэлдэг юм байна. Мөн халаагуур байхгүй өрөөнд гурван хэмтэй байгаа гэлээ. Үнэхээр халуун дулаан хэмжигч нь түүний хэлснээр зааж байна лээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та бүхэн амьдарч байгаа орон сууц чинь ийм хүйтэн бай­гаа гэдгийг хотын удирд­ла­гуу­дад хэлж үзсэн үү?

-Үзсэн. Гэвч одоо хүртэл ирж үзээгүй л байна. Уг нь нийслэлийн төсвөөс багахан хэмжээний мөнгө гаргахад л энэ хавийн байр дулаан болчих юм. Ямар учраас шугам сүлжээнд засвар хийхгүй байгааг ойлгохгүй байна. Хөгшин бид нар ийм байранд амьдраад байх юм бол ирэх жилийн хаврыг үзэж чадахгүй байх.

-Та өдөр болгон халуун хүйт­нийг хэмжиж байгаа юм байна. Хамгийн хүйтэн өдөр хэзээ бол­сон бэ?

-Энд ер нь хүйтэн байдаг юм. Голын эрэг дээр байдаг болохоор их хүйтэн. Өнгөрсөн сарын 10-15 хооронд их хүйтэн байсан. Одоо тэр үеэ бодох юм бол гайгүй байна.

-Танай байр мөөгөнцөртэй болсон юм уу?

-Тийм. Өвөлд нь цан цохиод байхаар ийм болчих юм. Энд байгаа 200 айлаас сар бүр хоёр мянган төгрөг авч байгаа. Энэ нь  жилдээ зургаан сая төгрөг болж байгаа юм. Тэр мөнгөөр уг нь засвар хийхэд болохгүй гэх газар­гүй. Гэтэл хийхгүй л юм байна. Ард иргэдийн эрүүл мэнд, үр хүүхдийн ирээдүй чухал биш бололтой, энэ дарга нарт. Би энэ сараас халаал­тын мөнгө өгөхгүй гэж бодож бай­гаа. 18-аас дээш хэмийн халуун байвал дулааны мөнгө өгөх юм билээ. Харин үүнээс доош байвал өгөхгүй байсан ч болох хуулийн заалт байна лээ. Манайд гурван хэм, шөнө бүр хасах хэм рүү орж байгаа болохоор өгөхгүй байхаар шийд­сэн. СӨХ-нд уг нь сантехникч гэж хүн байх ёстой. Харин манай СӨХ-нд байхгүй. Оронд нь уурын зуухын нэг ажилтныг цалинжуулдаг юм.

ХУУЧИН БАРИЛГУУДЫГ ГАДНААС НЬ ТООСГООР ӨНГӨЛӨӨД ДУЛААХАН БОЛГОДОГ ЮМ БИЛЭЭ

Хорооны Засаг М.Энх­сай­хан­тай уулзлаа. Тэрбээр мөн л бусдын адил хөлдүү байранд амьдардаг юм билээ. “Биокомбинатын орон сууцанд амьдарч байгаа 200 гаруй айл үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. Энд байгаа барилгуудад засвар хийхгүй бол хүн амьдрахад бэрх болоод байна. Хотын төвийн зарим хуучин барилгуудыг гаднаас нь тоосгоор өнгөлөөд дулаахан байлгаад болдог юм билээ. Энд тийм зүйл хэрэгтэй байна. Би гэртээ хэцүүхэн амьдарч байна. Энэ тухай дээд удирдлагуудад байнга хэлдэг. Гэвч тодорхой шийдэлд хүрсэн зүйл алга байна” гэж ярилаа.

Үнэхээр л тухтайхан суугаад халуу цай уух аргагүй хүйтэн нөх­цөлд хүмүүс амьдарч байна. Аяга­лаад тавьсан цай нь хэдэн хором ярилцах хооронд зөөгтөж, бидний амнаас уур гарч байсан юм. Тэнд оршин суугчдын хувьд насаараа амьдарсан байраа ор­хиод явбал орон гэргүй гудамжинд гарах зовлон байгаа учир хүйтэн ч гэлээ тэвчин амьдарч байгаагаа ярьж байсан юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих