Б.Пүрэвдорж: Би Ч.Улаан сайдын бүх булхай луйврыг илчилнэ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-НӨАТ-ын тухай хуулийг өөрчилж, шинэчлэхээр өргөн барьсан.Одоогийн байдлаар НӨАТ 10 хувь байгаа. 2016 онд УИХ-аас НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг мөрдөх болон сугалаа урамшуулал зарлах чиглэлээр хэлэлцэж баталсан. Тус хуулийн төслөөр иргэдийн хоёр хувийн буцаан олголтын хүрээнд бүх төрлийн үйлчилгээнээс авах шаардлагууд маш их нэмэгдсэн. Энэ хэрээр улсын төсөвт тодорхой хэмжээгээр НӨАТ нэмэгдсэн байна. Тухайлбал, жил бүр 25 хувиар нэмэгдсэн судалгаа байна. Энэ бол хүмүүсийг өөрсдөөр татвар болон үйлчилгээний системийг хянахад чиглүүлсэн юм. Энэ аргачлал зах зээлд маш амжилттай хэрэгжиж байна. Ардчилсан намын үед батлагдсан НӨАТ-ын хуулийн төслийн үр ашгийг өнгөрсөн хугацаанд МАН хүртлээ. Энэ бол бүх нийтийн амжилт.
-Та хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөл амжилттай хэрэгжиж, улсын төсөвт багагүй орлогыг төвлөрүүлж байна шүү дээ?
-НӨАТ-ын эцсийн төлөгч нь ард иргэд байдаг. Тиймээс НӨАТ-ын 10 хувь эцсийн хэрэглэгч нарт өндөр өртөгтэй очиж байна гэж миний хувьд үзэж байгаа. Мөн алслагдсан ард иргэдэд очиж байгаа бараа бүтээгдэхүүн НӨАТ-аас шалтгаалаад өндөр өртөгтэй хэрэглэгчийн гарт хүрдэг. Тухайлбал, Улаанбаатар хотод 1000 төгрөгөөр борлуулдаг бүтээгдэхүүн алслагдсан бүс нутагт 200-300 төгрөгийн нэмэгдэлтэй хүрч байна. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал, компани аж ахуйн нэгжийн ашиг, НӨАТ-ын 10 хувь гэж нэмэгдсээр байгаад алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдэд бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй хүрч байна. Мөн иргэд НӨАТ-ыг хянадаг болсон үед аж ахуйн нэгжийн 10 хувийг буруулснаар огт төлдөггүй хувь хүн, байгууллагууд татвар төлөх боломж нь бүрдэнэ. Миний хувьд НӨАТ-ыг таван хувь болгосноор аж ахуйн нэгж, компаниас гадна захуудад үйлчилгээ үзүүлж, худалдаа эрхэлдэг иргэд ч татвараа төлнө гэсэн үг.
-Татварын хувь хэмжээг бууруулснаар төлөгч компани, аж ахуйн нэгж нэмэгдэнэ гэж байна. Харин улсын төсөвт орж ирэх татварын бүрдүүлэлт нэмэгдэх үү. Бууруулсан үнийн дүнгээ нөхөж чадах уу?
-Татвар төлөгчийн бааз суурь нэмэгдэнэ. Тиймээс татварын төлөлт болон улсын хэмжээнд бүрдүүлэх хувь хэмжээ буурахгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр таван хувь боллоо ч 2020 оны түвшинд НӨАТ-ын орлого орно гэсэн үг. Тэгэхээр нэг, хоёр жилдээ өмнөх оных шиг татварын бүрдүүлэлттэй байна. Харин 2022 оноос НӨАТ-ын хувь хэмжээ улам бүр нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ талаар судалгаа ч бий. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан.
-Олон нийтийн зүгээс иргэдийн авч байгаа хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Харин сугалаа буюу урамшууллын системийг үгүй болгож, иргэдийн хүртэх хэмжээг нийтэд нь таваас дээш хувьтай болгох саналыг их гаргадаг шүү дээ. Аж ахуйн нэгж гэхээс илүүтэй иргэдийн хүртэх хэмжээг нэмэгдүүлсэн нь зөв юм биш үү?
-НӨАТ-ын хувь хэмжээг тав, буцаан олголтыг хоёр хувь байхаар хуулийн төсөлдөө тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг таван хувь болгосноор буцаан олголтын хувь хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг. Өмнө нь 10 хувийн татвар аваад хоёр хувийг буцаан олгодог байсан. Харин одоо таван хувийн татвар аваад 40 хувь нь буцаан олголт хэлбэрээр иргэдэд очно. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нэмэгдэнэ. Иргэд өдөр тутам авч байгаа үйлчилгээ бүрээсээ НӨАТ-ын баримтаа авна. Тэгэхээр аж ахуйн нэгжийн тоо өсөх бүрт иргэдийн хүртэх хувь хэмжээ нэмэгдэнэ гэж ойлгож болно.
-Таны өргөн барьсан хуулийн төслийг олонхийн зүгээс дэмжих болов уу. Түүнээс гадна НӨАТ-ын хуулийг шинэчилж, өөрчлөхөөр Н.Оюундарь нарын гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Гэхдээ буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд тусгасан байсан. Тэгэхээр таны хуулийн төсөл дэмжигдэхгүй байх магадлалтай байх?
-НӨАТ-ын хувь хэмжээ эцсийн хэрэглэгч нарт дарамт болж байгаа. Түүнээс гадна иргэдийн орлого бодитоор нэмэгдэхгүй байгаа энэ үед эрх баригч нам хуулийн төслийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Мөн Н.Оюундарь нарын гишүүдийн өргөн барьсан НӨАТ-ын хууль орон нутагт огт хэрэгжихгүй. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Булган суманд НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр нэг, хоёр л байгаа. Гэтэл тэнд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа өчнөөн дэлгүүр бий. Жирийн иргэд, малчид үйлчилгээ авахад НӨАТ-ын баримт өгдөггүй. НӨАТ авахгүй байна гэдэг нь тухайн иргэн хоёр хувийг авахгүй, сугалаа урамшуулалд оролцохгүй гэсэн үг. Тиймээс алслагдсан бүс нутагт долоон хувийн буцаан олголт огт хэрэгжихгүй. Түүний оронд хөдөө, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээ явуулж байгаа хүмүүст татварыг нь таван хувь болгож өгөх нь зүйтэй. Тиймээс нийтээрээ татварын эрх зүйн системд эрх тэгш, шударга оролцоотой байх юм.
-Таныг махны экспортын квотын асуудалд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гүтгэж, нэр төрд халдаж байна гэж хэлсэн. Хамтдаа хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн гэж мэдэгдсэн. Та хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн үү?
-Хэрвээ би хүн гүтгэсэн юм бол Ч.Улаан сайд намайг шүүхэд өгөх ёстой. Өнөөдрийг хүртэл надад гомдол гаргаагүй байна. Хэдэн мянган аж ахуйн нэгжээс цөөн хэдээс квот худалдаж аваад, экспортод гаргасан нь нууц биш болсон. Өөрөөр хэлбэл, нэг кг адууны мах 5000 төгрөгөөр зарагдаж байхад 4800 төгрөгийн авлигын мөнгө төлж, махаа экспортолдог улс энэ дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй. Энэ бол компани, аж ахуйн нэгжүүдэд тодорхой болсон зүйл.
-Танд баримт бий юу. Салбарын сайд нь үгүйсгээд байна шүү дээ?
-Ч.Улаан сайд сэтгүүлчдэд, Б.Пүрэвдорж гишүүн миний нэр төрд халдаж байна хэмээн ярьж байхад /шууд лайв/ Батсуурь Бадарч гэдэг хаягаас “Би 60 сая төгрөгөөр махны квот худалдаж авчихаад, өнөөдөр ямар ч ашиггүй шатчихаад сууж байгаа залуу байна” гэж бичсэн шүү дээ. Энэ мэт хохирсон, өөрийн эхлүүлсэн бизнесээ алдсан өчнөөн залуус надтай нэгдэхэд бэлэн байгаа. Гэхдээ мөнгө мөртэй байдаг. Аж ахуйн нэгж, компаниудын бэлдсэн мах бүгд тоо баримттай байгаа. Тэд тайлангаа гаргадаг. Тайландаа нэг бүрчлэн тусгадаг. Ийм тодорхой зүйлд аж ахуйн нэгжүүд олноороо гомдол гаргаж, олон нийтэд мэдээлэл хийхийг надаас шаардсан.
-Магадгүй махны үнийг зах зээлд хэт их хөөрөгдвөл Ч.Улаан сайдтай Засгийн газрын тэргүүн хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Тиймээс ийм арга хэмжээ авсан болов уу?
-2018 онд 70 мянган тонн, 2019 онд 50 мянган тонн махыг экспортод гаргасан. Махны экспорт 20 мянган тонноор буурсан байна. Гэтэл 2019 оны хаврын махны үнээс өнөөдрийн махны үнэ зах зээлд хамаагүй үнэтэй борлуулагдаж байгаа. Тиймээс махны экспорт буурсан юм бол яагаад эсрэгээрээ зах зээлд махны үнэ нэмэгдсэн бэ. Уг нь буурах ёстой шүү дээ. Гадагшаа гарах ёстой 20 мянган тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэгдсэн юм бол үнэ буух ёстой. Нийлүүлэлт хангалттай байна. Энэ нь махны экспортоос шалтгаалахгүй зүйл шүү дээ.
-Таны хэлсэн, ярьсан бүх зүйл үнэн боллоо гэхэд Ерөнхий сайд Ч.Улаан сайдад хариуцлага тооцож чадах уу?
-Чадахгүй. Гэхдээ би Ч.Улаан сайдыг огцруулахын төлөө явна. Түүний бүх булхай луйврыг ил болгоно
-Та АТГ хандсан уу?
-Хууль хяналтын байгууллагаас миний мэдээллийн дараа ямар нэгэн байдлаар хяналт шалгалт хийгээгүй байвал би албан ёсоор АТГ-т хандана.
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН
Сэтгүүлч: Б.ПҮРЭВЖАВ
URL: