Ч.Нямсүрэн: Хар тамхины хор, үр дагаврыг гэмт хэрэгтнүүд маш сайн мэддэг
-МАНАЙ УЛС МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭГЧ УЛС БОЛСОН-
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Мансууруулах бодистой холбогдсон хэрэг сүүлийн жилүүдэд өсч байгаа гэсэн, үнэн үү?
-Сүүлийн таван жилд энэ төрлийн 26 гэмт хэрэгт 64 хүн ял шийтгүүлжээ. 2007 онд гурван гэмт хэрэгт 16 хүн ял шийтгүүлж байсан бол өнгөрсөн онд 14 гэмт хэрэгт 27 хүн ял шийтгүүлжээ. Үүнээс үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн таван жилд тав дахин, ял шийтгүүлэгчид бараг хоёр дахин нэмэгдсэн байна. 2010 оныхтой харьцуулахад л гэмт хэрэг тав дахин, ял шийтгүүлэгчид нь 5.5 дахин өсчээ.
-Ихэвчлэн хэдэн насны, ямар боловсролтой хүмүүс энэ төрлийн хэрэгт холбогдож байна вэ?
-2007-2011 онд нийт ял шийтгүүлэгчдийн 75 хувь нь 19-30 насны залуучууд байлаа. Ял сонссон иргэдийн 69 хувь нь бүрэн дунд боловсролтой, 22 хувь нь дээд боловсролтой хүмүүс байна. Тодруулбал, ялтнуудын 22 хувь нь оюутан. Харин 30 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй этгээд байлаа.
-Ихэвчлэн чинээлэг айлын танхи хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэдэг гэх ойлголт бий. Ер нь иргэд ашиг олох зорилготой ийм төрлийн хэрэгт орооцолдсон байна уу. Эсвэл зугаацах зорилготой юу?
-Зарим талаар ортой. Нийгэмд баян ядуугийн ялгаа ихэсч, чинээлэг хүмүүсийн эрх танхи хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх болсон нь ажиглагддаг. Үүнээс гадна хялбар аргаар мөнгө олох зорилготой нөгөө нэг хэсэг нь тээвэрлэгч болон хувирч байна. Манай улс хар тамхи мансууруулах бодис дамжин өнгөрүүлэх орон гэж тооцогдож байсан бол одоо хэрэглэгч орны тоонд багтах боллоо. Үүнтэй холбоотой нэг жишээ ярих уу?
-Тэг л дээ.
-Согтуу юм шиг замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийг замын цагдаа саатуулж шалгасан байгаа юм. Гэтэл жолоочоос согтууруулах ундаа илэрдэггүй. Нөгөө жолооч мансуурсан байдалтай согтуу юм шиг байдаг. Гэтэл цагдаад мансуурлын зэргийг тогтоолгох шинжилгээ хийлгэх эрх зүйн болон техникийн боломж байхгүй. Уг нь мансуурлын зэргийг тусгай техник, лабораторийн тусламжтайгаар цусны болон бусад шинжилгээгээр илрүүлэх шаардлагатай.
-Ер нь ийм төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс мансууруулах бодисын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Гэмт хэрэг үйлдэгчид хар тамхины хор холбогдол, хариуцлага, үр дагаврын талаар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ердөө л хялбар мөнгө олох арга, зугаацаж цэнгэхийн тулд л мансууруулах бодистой холбогдож байгаа хэрэг.
-Мансууруулах бодисын хэрэглэгч орон болсон гэлээ. Нийгмийн хүчин зүйл нөлөөлж байгаа хандлага байна уу?
-Хэд, хэдэн шалтгаан бий. Ядуурал, ажилгүйдэл, мөнгөний гачигдал нөлөөлдөг. Мөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилго давамгайлж байна. Нөгөө талаар мансууруулах бодис хэрэглэх, өндөр үнээр дамжуулан худалдах хэрэгцээ өссөнтэй холбоотой. Үүнээс гадна манай хоёр хөрш орон хар тамхи мансууруулах бодисын наймаа, хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог. ОХУ-д 4.5 сая хүн хар тамхи байнга хэрэглэдгийг судалгаа харуулсан. Хэрэглэгчдийн 76 хувь нь 25 хүртэлх насны залуучууд байна.
БНХАУ-д 1998 оны байдлаар мансууруулах бодис байнгын хэрэглэдэг гэх 569 мянган хүн бүртгэгдсэн бол одоогийн байдлаар БНХАУ-д гурван сая хүн хар тамхинд донтож, байнгын хэрэглэгч болсон тухай мэдээлэл байдаг.
-Гадаадад манай улсын иргэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тасрахгүй юм.
-Цагдаагийн байгууллагын мэдээгээр гадаадын улс орнуудад хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт манай улсын 43 иргэн шалгагдаж байгаа. Тэднээс 34 нь БНХАУ-д шалгагдсанаас дөрөв нь цаазаар авах, нэг нь бүх насаараа хоригдох ял сонссон. Үүнээс гадна долоон иргэн 15 жил хүртэл хугацаагаар, зургаа нь 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэгдсэн.
-Манай улсад ихэвчлэн мансууруулах бодис тээвэрлэсэн, хадгалсан гэх үндэслэлээр ял оноодог байх. Харин мансуурдаг, донтчихсон хүмүүсийг шүүж байсан уу?
-Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол ял шийтгэхээр заасан. Хэрэглэсэн гэснээр нь биш, харин худалдах зорилгогүйгээр олж авсан хэрэгт хүн шийтгэгдсэн тохиолдол олон бий.
-Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээ ихэсч байна гэсэн судалгаа байсан. Ерөнхий боловсролын сургуулийн 200 хүүхдээс судалгаа авахад 54 нь мансуурч үзсэн гэсэн хариултыг өгсөн байна. Цавуу, саван үнэрлэх зэрэг нь мансуурч байгаа хэрэг мөн үү?
-Цавуу саван зэрэг нь мансууруулах бодисын төрөлд багтахгүй. ОХУ-аас цавуу үнэрлэж мансуурах “моод” Монголд эхлээд их дэлгэрсэн. Сүүлийн үед байгалийн гаралтай ургамал, өсвөр үеийнхний нэрлэснээр “инээдэг өвс” татах нь хүүхэд залуучуудын дотор их байна. Шүүхийн практикт “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис” гэж Нэгдсэн үндэсний байгууллагын 1988 оны “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенц, мөн “Мансууруулах эмийн тухай” конвенц болон “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад заасан нэр төрлийн бодисуудыг хамааруулан ойлгож байна.
-Мансууруулах бодистой холбоотой хэрэгт ихэвчлэн олны танил одод холбогдсон байдаг.
-”Моод монголоор дуусдаг” гэдэг. Өөрсдийгөө од хэмээн нэрлэсэн зарим этгээдүүд энэ хэрэгт холбогдож байна. Гадаадын оддыг дуурайх өвчин юм уу даа. Гадаадын одод шоу, уулзалт, тоглолт, хүлээн авалт зэрэг олон арга хэмжээ, ачаалалтай ажилладаг учраас эрч хүчээ сэлбэх гэж хар тамхи татдаг гэж сонссон. Харин манай “одод”-ын хувьд тийм их ачаалал байна гэж үү дээ. Олны танил уран бүтээлч олон хүн хар тамхинаас холуур явж чадаж л байна шүү дээ.
-Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ч мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэсэн ч нэг зүйл ангиар яллах нь буруу гэж ярих хүн байдаг. Хуулиараа үүнийг зохицуулах боломжтой юу?
-Амстердам хотод “хөнгөн” гэж нэрлэгдэх мансууруулах бодис хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас зөвшөөрч, “хүнд” гэж тооцогдох мансууруулах бодисыг тараасан тохиолдолд хорих ял оноодог. Мөн бага хэмжээний мансууруулах бодис тараах нүүдлийн станц ажиллуулах, 18 нас хүрсэн этгээдэд хатуу тогтоосон бага хэмжээгээр зарах журмыг тогтоож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Жишээ нь “кофеен” (coffee shops) гэж нэрлэгдэх сүлжээгээр “хөнгөн” гэгдэх мансууруулах бодисыг тараадаг. Энэ улс мансууруулах бодисыг хүнд ба хөнгөн гэж ангилсан цөөн тооны улс орны нэг. Гэхдээ олон улсын гэрээнд заасан мансууруулах бодисыг бүрэн хориглож, эдгээр бодисыг тээвэрлэх, хадгалах, худалдах, үйлдвэрлэх үйл ажиллагааг бүрэн хориглож, нэг сараас найман жил хүртэл хорих ял оноодог. Тухайн улсад хүнд чанарын мансууруулах бодисыг худалдах, мансууруулах бодисыг сурталчлах, үүний зэрэгцээ худалдааны цэгүүдэд хадгалагдах мансууруулах бодисын хэмжээг хатуу тогтоож өгдөг. Хэрэв эдгээр журмуудыг зөрчсөн тохиолдолд тухайн цэгийг хаах хүртэл арга хэмжээ авна. Хар тамхины талаар аядуу бодлогыг эсэргүүцэгчид Голланд улсыг “Мансууруулах бодисын үүр уурхай” гэж нэрлэж байна.
-Тэгвэл мансууруулах бодисын хэрэглээ өндөртэй улс орнуудын хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажилладаг бол?
-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн асуудалд аядуу бодлого баримталж байгаа Англи, Голланд болон Герман зэрэг улс орнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, үйл ажиллагааг зориуд хязгаарлаж, худалдан авагчаас нь салгах, тухайн бодисын хэрэглээнд хяналт тавих, аажмаар багасгахын тулд “хөнгөн” гэгдэх бодисуудыг тодорхой хэмжээгээр тодорхой цэгээр дамжуулан худалдаалах, хэрэглэх газар зааж өгсөн байдаг. Мөн мансууруулах бодисыг хэрэглэх талыг зохицуулж эм бэлдмэлээр хангах, нэг удаагийн тариур тараах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гэмт хэргийн гаралтыг багасгах, мансууруулах бодисын хэрэглээнээс үүдэн гарах өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал нөхцөл болно гэж дээрх улс орнууд үзэж байгаа юм.
Харин дэлхийн ихэнх улс орнуудад мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй хатуу тэмцэх бодлого баримталж байна. Эдгээр улс оронд АНУ, Хятад, Казахстан болон Арабын ертөнцийн улс орнуудыг дурдаж болно. Жишээ нь Хятад улсад л гэхэд опиумыг мянган граммаас дээш, героин болон метиламфетамин зэргийг 50 граммаас дээш буюу бусад наркотикийг их хэмжээгээр хил нэвтрүүлэн худалдсан, зөөвөрлөсөн бол 15 жил, эсвэл бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ олон улсын наркобизнестэй холбогдсон, энэ үйл ажиллагааг зохион байгуулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эсэргүүцэл үзүүлсэн бол илүү хатуу ханддаг.
-2008 оноос хойш төрөөс мансууруулах бодистой тэмцэх төсөв гаргаагүй гэх юм билээ. Төр, харьяа яам нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх бодлогогүй байна гэж ойлгож болох уу?
-Энэ талаар надад тодорхой мэдээлэл байхгүй байна. Засгийн газраас 2000-2005 онд хэрэгжүүлэх “Хар тамхи, мансууралтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Гэтэл санхүүжилтийн хүндрэлээс болоод хэрэгжээгүй, тодорхой үр дүнд хүрээгүй гэж сонссон.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: