Айсуй сонгуулийн чимээ: Баян-Өлгий
Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Найм дахь удаагийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог болох Баян-Өлгий аймгийг онцолж байна. Тус аймагт сонгуулийн дөрөв, тав, зургадугаар тойрог хамаардаг. Ямар ч нам, сонгуулийн системийн үед Баян-Өлгий аймагт мандатын тоо өөрчлөгддөггүй, гурван гишүүн сонгогдож, УИХ-д суудаг. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид ерөнхийдөө МАН-д давамгай ялалт өгч байжээ. АН-д ганц удаа итгэж үзсэн нь ердөө 2004 оны сонгууль байв. Харин бусад зургаан удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ. Задалж үзвэл долоон удаагийн сонгууль болоход МАН-6, АН-1 удаа Баян-Өлгийд ялж байв. Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Баян-Өлгий аймагт УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.
1992 он: МАН
1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Сонгуулийн дөрөвдүгээр тойрог болох Баян-Өлгий аймгаас МАН/МАХН/-аас нэр дэвшсэн А.Болат 67.7 хувь буюу 23349 санал, МАН-аас нэр дэвшсэн Х.Володя 54.6 хувь буюу 21481 санал, мөн МАН-аас нэр дэвшсэн Т.Султан нар олонхийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна.
1996 он: МАН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Баян-Өлгий аймгийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Сандалхан ялалт байгуулсан. Тавдугаар тойрогт мөн МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Султан ялж, гишүүн болсон.
Зургадугаар тойрогт А.Болат нэр дэвшиж өрсөлдөж, гишүүн болсон түүхтэй. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ. Баян-Өлгийчүүд нийт сонгогчдын цөөнхийн саналын төлөөлөл болж МАН-ын гишүүдийг багаар нь дэмжсэн юм.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. Баян-Өлгийн дөрөвдүгээр тойргоос МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Р.Сандалхан ялалт байгуулав. Тэрээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тус тойрогт АН-аас Ч.Куланда өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Харин тавдугаар тойрогт МАН-аас О.Нигамет нэр дэвшиж ялалт байгуулав. Түүнчлэн зургадугаар тойрогт МАХН-ын гишүүн Х.Жекей ялалт байгуулсан байдаг. Баян-Өлгийн сонгогчид дахин МАН-д итгэл үзүүлсэн нь энэ юм. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байв.
2004 он: АН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Энэ онд сонгуулийн салхи арай өөрөөр сэвэлзэж эхлэв. Баян-Өлгийд ч ялгаагүй. Нэр дэвшигч А.Мурат, А.Бакей гээд АН-ын гишүүд ялалт байгуулсан он байлаа. Мөн бие даан нэр дэвшсэн К.Сайран УИХ-ын зургадугаар тойргоос гишүүн болсон байдаг. Энэ онд Баян-Өлгийчүүд МАН-д итгэл үзүүлээгүй билээ.
2008 он: МАН
Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид мөн л МАН-д итгэл үзүүлж, багаар нь сонгожээ. Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Х.Жекей, А.Тлейхан, Х.Баделхан нар олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдов. Харин тэдэнтэй АН-аас Х.Ержан, А.Мурат, А.Бакей нар өрсөлдсөн байдаг. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: МАН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Тус аймагт МАН-аас А.Тлейхан, Х.Жекей нар өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг.
Харин АН-аас А.Бакей олонхийн санал авсан юм. Мөн АН-аас Ч.Куланда, МАХН-МҮАН эвсэлээс А.Хавсад , А.Нота, ИЗНН-аас С.Бакинтан нар өрсөлдөж ялагдсан байдаг.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Улаан хэмээн нэрлэгддэг Баян-Өлгийн тойргууд ч МАН-даа л итгэл үзүүлсэн. Дөрөвдүгээр тойрогт АН-аас А.Бакей МАН-аас Г.Солтан нар өрсөлдөж, Г.Солтан 51.4 хувийн санал авч ялалт байгуулсан. Тавдугаар тойрогт Х.Баделхан олонхийн санал авсан. Түүнтэй АН-аас Х.Ержан, БНН-аас Н.Самат өрсөлдөн ялагдсан байдаг. Харин зургадугаар тойрогт АН-ын гишүүн Д.Мурат олонхийн санал авсан. Түүнтэй МАН-аас А.Тлейхан өрсөлдөж, МАХН-аас Д.Чинзориг нар өрсөлдсөн байдаг.
2020 он:
Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн товыг зургадугаар сарын 24-нд хэмээн тогтоосон билээ. Мөн мандатын тоог тогтоод байна. МАН-аас нийслэлд мандатын тоог багасгаж, зарим аймагт нэмээд байгаа билээ. Одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж байна. МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай. Харин Ардчилсан намаас АН-аас А.Бакей, Х.Ержан, Ч.Куланда нарын нэр ч яригдаж байгаа юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: