С.Эрдэнэ Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг намаасаа УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэжээ

9031

УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 2020 оны сонгуульд үндэсний хэмжээнд бүтэцтэй гол хоёр хүчин болох МАН, АН-аас нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхлээд буй билээ.

Мэдээж МАН, АН-аас УИХ-д нэр дэвших боломж хамгийн болзол өндөр байдаг.

Ардчилсан Нам гэхэд л  УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шалгуур гаргаад буй.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ тухай: “Сонгуультай холбоотой санхүүжилт босгох асуудал ҮБХ-ны хурлаар яригдсан. ҮБХ-ны гишүүд 30-40 сая төгрөгийг гурван үе шаттайгаар хуримтлуулж, сонгуулийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдэлд хүрсэн. Ер нь улс төрд орж ирж байгаа хэн ч бай дэмжлэгтэй, хандив өгч, санхүүжилт босгох чадавртай байх ёстой…

Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ. Үзэл санааныхаа төлөө нэгдсэн хүмүүс үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ, улс орныхоо хөгжлийн төлөө ямар бодлогоор ажиллах вэ гэдгээ л ярьж байгаа. Тийм учраас намынхаа үйл ажиллагаа, цаашилбал сонгуульд оролцоход шаардагдах санхүүжилтийнхээ хэмжээг хэрхэн ямар зарчмаар тогтоохоо бид өөрсөө мэдэх эрхтэй” хэмээсэн нь ч бий.

Гэхдээ АН-ын удирдлага уг асуудалд харьцангуй уян хатан хандаж, мөнгө төлсөн болгоныг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн бололтой.

Хамгийн сүүлд гэхэд л “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хувийн эзэмшлийн банк болох Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэнээ АН-ын дарга С.Эрдэнэ намынхандаа болон Б.Мэдрээ, О.Орхон нарт дуулгажээ.

Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нь АН-ын МҮДН фракцийн гишүүн бөгөөд УИХ-ын 2004, 2012, 2016 оны сонгуульд тус тус АН-аас нэр дэвшээд ялагдсан нэгэн юм. Нас жар хэдийн гарсан тэрээр бараг сүүлийн шахуу оролдлогоо энэ жил хийж, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших сонирхолтой байжээ.

Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхий Захирал О.Орхоны хувьд мөн л УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр бэлтгэн, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга болон, горилж буй тойрогтоо  ажиллаж эхэлсэн байсан нь ч ийн талаар өнгөрч буй бололтой.

Ийнхүү ТУЗ-ын дарга ба нэр бүхий захирлууд нь улс төрд хэтэрхий их хутгалдсанаараа банк санхүүгийн салбарт хэдийн нэр муутай болсон Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудыг УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх нь стратегийн хувьд алдаатай нүүдэл болно гэдгийг АН-ын удирдлагууд мэдэрч, ийм шийдвэр гаргасан тухай эх сурвалж өгүүлж байна.

Э.Мягмар

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих