Тайланд улс коронавирусийн халдварыг эмчилж чадсанаа зарлажээ
Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 71 настай хятад эмэгтэйг эмчилж чадсанаа Тайландын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ.
Тайландын эмч нар өвчтөн эмэгтэйг 48 цагийн дотор вирусгүй болгож чадсан байна. “Лабораторийн шинжилгээгээр өвчтөн 48 цагийн дараа эрүүл гарсан. Хэвтэрт байсан өвчтөн эмчилгээ эхэлснээс хойш 12 цагийн дараа орон дээрээ суудаг болсон” гэж эмч нарын ахлагч Криенсак Аттипорнванич хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Тэд томууны эсрэг үйлчилгээтэй oseltamivir эмийг ДОХ-ын эмчилгээнд ашигладаг lopinavir, ritonavir эмүүдтэй хольж найруулсан коктейлийг өвчтөнд уулгасан байна. Одоо энэхүү гаргаж авсан эмнийхээ лабораторийн шинжилгээний үр дүнг гарахыг хүлээж байгааг эрүүл мэндийн яам нь мэдээлжээ.
Тайланд улсад шинэ коронавирусийн халдварын 19 тохиолдол бүртгэгдээд байгаа. Хятадын гадна бүртгэгдсэн халдварын тоогоор тус улс Японы дараа (20) хоёрт орж байна.
Тайландын өвчтөнүүдийн найм нь эдгэж, эмнэлгээс гарсан бол 11 нь эмчлүүлж байгаа юм. Тус улс нэг талаас коронавирусийн халдвараас сэргийлэх ажлыг чангатгаж, нөгөө талаас аялал жуулчлалын салбарын орлогоо унагахгүй байх арга хэмжээг давхар хэрэгжүүлж байна. Хятадын жуулчид энэ улсын аялал жуулчлалын салбарын гол орлогыг бүрдүүлдэг.
Тайландад илэрсэн халдварууд Хятадын жуулчдаас илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт анх удаа хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдсэн юм.
Хятадад очиж байгаагүй таксины жолоочоос халдвар илэрсэн байна. Түүнийг жуулчидтай харьцаж байхдаа коронавирусийн халдвар авсан гэж таамаглаж байгаа юм.
Тайланд улс маргааш буюу Мягмар гарагт Уханьд байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: AFP
Iкon.mn
URL: