Хууль, хүчний байгууллагынхан хэний талд ажиллаж байна вэ, Ц.Нямдорж сайд аа

-”Тавантолгойн”-н эзэд хурдан моринд 20 саяыг өгчихдөг хэрнээ хоёр хүүгийн амийг юман чинээ тоосонгүй- Өнгөрөгч оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой”

компани буюу олны нэрлэж заншсанаар “Жижиг Тавантолгой”-н ажилчдын тосгоны байрнуудын дунд байгуулсан усан оргилуурт ах дүү хоёр амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэг болоод хагас жилийн нүүр үзэж байхад шийдэгдэх нь бүү хэл оны өмнөхөн тус аймгийн прокурорын газраас эрүү үүсгэн шалгаж дуусаад “амиа хорлосон” гэх аймаар дүгнэлтийг ажиг ч үгүй гаргажээ.

Гуравхан настай улаан цурав жаал амиа хорлох тухай бодох нь бүү хэл хүний өгсөн чихэр хор хоёрыг ч ялгалгүй амандаа хийж, эхийнхээ мөөмнөөс ч салаагүй байдаг биш бил үү. Аравхан настай жаал хүү ус руу үсэрч, тогтой утаснаас зуурч аваад “амьдралаас уйдаж” байгаагаа илэрхийлж, нөгөө ертөнцийг зорино гэж үү. Үгүй. Харин ч ухвар мөчид эцэг эхчүүдээс илүү хүн чанар тэднээс үнэртдэг юм шүү.

Г.Зоригтбаатар хүү Г.Золбаяр дүүгээ бүдэрч унаад бэртчих вий гэхдээ даахгүй ч гэсэн жаахан биеэ гололгүй өргөж, дүүрч, гараасаа ч салгахгүй хөтөлж, амь шигээ хайрладаг байсан биз. Тиймдээ ч нэр шигээ зоригтой ах нь тоглож байгаад усан оргилуур руу ойчсон дүүгээ татаж авах гэж байгаад унаж амиа алдсан гэнэ лээ. Өмнөговь аймгийн шүүх, цагдаа, прокурорынхон ангаахай шиг жаахан үрсийг амиа хорлосон гэж яаж хэлж чадаж байна аа. Энэ үедээ ам нь эвлэж, гар нь салганаагүй гэдэгт би итгэхгүй байна. Мөнгө цагаан нүд улаан гэж энэ юм байх л гэж бодохоос өөрийг хэлж чадахгүй нь. Ах, дүү хоёрын амиа алдсан учир шалтгааныг үнэн зөвөөр нь олж тогтоохыг хүссэнгүй юу, тэд.

Тэдэнд хэн, юу үйлчилсэн болоод ийм шийдвэр гаргав гэдэгт хариулт нэхмээр байна, Нямдорж сайд аа. Таны албатууд гуравхан настай балчир хүүг амиа хорлосон болгож, хөөрхий хүүг, ахыг нь, аав ээжийг нь, ах дүү нарыг нь улс орон даяар доромжиллоо. Сайд аа, таны албатууд энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэсэн гэж дуулдсан. Тэр зүйл заалтад нь “Байнга зодож, дарамтлан, хоол унд өгөлгүй, гэрээсээ хөөдөг байснаас амиа хорлоход хүргэсэн” гэсэн үг, өгүүлбэрүүд дурайж байх юм билээ.

Ухаан сууж амжаагүй улаан нялзрай амьтад амиа хорлоно гэж яадгийг мэддэг хэрэг үү. Яагаад амиа хорлодгийг мэддэг хэрэг үү. Үгүй, тэд үхнэ гэж яадгийг ч мэдэхгүй амьтад.

Энэ хэрэг Монголын хууль, хуульчид ямархан төвшинд явааг ил тодоор харуулаад өгчихлөө. Ичгэвтэр хэрэг. Жинхэнэ шившиг боллоо, хууль, шүүхийнхэн. Хуулийн байгууллагынхан мөнгөтэй хүнд нүүрээ харуулж, мөнгөгүйд нь нуруугаа харуулдгийн хамгийн тод жишээ энэ. Хууль гууль болсны амьд жишээ. Гурав, арван настай ах дүү хоёр амиа хорложээ гэхэд хэн итгэх вэ. “Тавантолгой” компанийн удирдлагууд, тэр усан оргилуурыг барьж байгуулсан хүмүүс л итгэх байх даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдаас асууя. Та нар итгэх үү гэж.

Энэ хэргийн гэрчээр хэнийг дуудсаныг нь бас сонссон уу. Усан оргилуурыгбарьж байгуулсан гурван хүнийг, анх санаачилж хийлгэсэн компанийн захирлыг байцаасан гэнэ лээ. Тэд буруутай юу. Мэдээж усан оргилуурыг ном журмынх нь дагуу бариагүй, алдаа гаргасан тэд буруутай. Тэр гэрчүүдийн мэдүүлгээр оонын эвэр шиг ах дүу хоёрыг амиа хорлосон гэж дүгнэж. Тэнэг хэрэг байгаа биз. Тэгээд ч зогсохгүй эцэг, эх хоёрт нь сая гаруйхан төгрөг өгчихөөд хохирлыг нь барагдуулсанд тооцсон байгаа юм. Хоёрын хоёр хүүгээ бусдын буруутай үйл ажиллагаанаас болж алдчихаад амьдын тамд унаад байгаа аав, ээж хоёр сая төгрөгөөр гашуудлаа тайлах уу. Мөнгөндөө гол нь биш. Шударга ёс гэж байдаг л юм бол хэргийг үнэнч шударгаар шүүж, буруутнуудад зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Усан оргилуур барьж болно оо.Стандартынбусматериалаар хийснийг нь мэргэжлийн хя-налтын газраас шалгаад дүгнэлт гаргачихаад байхад ”Тавантолгой” компанийнхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэсэн.

Усан оргилуурын цахилгааны утсыг зориулалтын лентээр буc ахуйн хэрэглээний цэнхэр лентээр ороочихоод ямар ч анхааруулга, сэрэмжлүүлэггүйгээр орхичихсон тус компанийнхан хамгийн их буруутай. Ус хамгийн их цахилгаан дамжуулагч гэдгийг мэдэхгүй жаалхүү байтугай том хүн олон бий. Уг байгууламж нь Монгол Улсад мөрдөх барилга байгууламжийн стандарт, хууль тогтоомж, хэв журмыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг хууль шүүхийнхэн яагаад тоосонгүй вэ. Өмөөрч хамгаалах хүнгүй ядар-сан иргэдийг яахаараа хүүхдүүдийнх нь амиар тохуурхдаг байна аа.

‘Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг төр буюу орон нутаг, 49 хувийг нь “Ажнай” корпораци тэргүүтэй аж ахуйн нэгжүүд эзэмшдэг юм гэнэ лээ. Хэдийгээр “жижиг” Тавантолгой ч гэлээ олсон ашгийг нь тооцож үзвэл яах аргагүй том компани. Өнгөрсөн онд л гэхэд 70 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм билээ.

Захирал нь энд тэндхийн найр наадам хэсч, айраг түрүүний морьдыг 10-20 сая төгөрөгөөр байлж, гүйцэтгэх захирал нь аймгийн төвд “аймаар” тансаг таван давхар зочид буудал бариулчихсан явж байх жишээтэй. Тэр буудал нь хоногийн 800-1200 ам.долларын өрөөнүүдтэй ч хоосон хонож үзээгүй гэдэг юм билээ. Энэ ч яахав, юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй.

”Тавантолгой”-н эзэд түрүүлж ирсэн адгууст 20 сая төгрөг цацчихаад хоёрын хоёр хүүгийн амийг ганцхан сая төгрөгөөр үнэлсэн гээд бодохоор…

С.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих