Израил, АНУ-тай харилцаагаа тасалж буйгаа Аббас мэдэгджээ

5e36500cea7c9КАИР. /TASS/. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израил болон АНУ-тай бүх харилцаагаа тасалж байгаагаа бямба гарагт мэдэгджээ. Холбогдох мэдэгдлийг тэрбээр Арабын улсуудын холбооны /АУХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын яаралтай хуралдааны үеэр хийсэн байна.

“Урьд нь байгуулсан хэлэлцээр болон олон улсын хууль тогтоомжийг няцаасантай холбоотойгоор тэдэнтэй /Израил, АНУ/ бүх харилцаагаа тэр дундаа аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг зогсоож байгааг мэдэгдсэн хоёр захидлыг би Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон АНУ-ын Тагнуулын төв газрын даргад илгээсэн. Израилчууд эзлэн түрэмгийлэгч гүрний хувьд хариуцлага хүлээх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Аббасын хэлснээр, Нетаньяху “энх тайванд итгэдэггүй, Ослогийн гэрээг үгүйсгэсэн хүн бөгөөд Израилын Ерөнхий сайд Ижак Рабин 1995 онд алагдсанаас хойш энх тайван тогтоох үйл явцад ахиц гараагүй байна”.

Палестины эрх баригчдын гаргасан хүсэлтийн дагуу, АУХ-ны Гадаад хэргийн сайд нарыг бямба гарагт Египетийн нийслэл Каир хотод яаралтай хуралдуулж, Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг хэлэлцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын боловсруулсан уг төлөвлөгөөнд үндэслэн Израилтай хэлэлцээ хийх бүх боломжийг Аббас урьд нь няцаасан юм.

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих