Хилээр зорчихыг хориглосон ч ачаа тээврийг хязгаарлахгүй

5e33e5667da4aМонгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаав. Харин бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг зарим боомтод хязгаарлахгүй байхаар шийдвэрлэжээ.

БНХАУ-ын иргэд, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх гадаад иргэдийг энэ хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй юм. Мөн Монгол Улсын иргэдийг БНХАУ руу зорчихыг хориглов. Гэхдээ зайлшгүй ажлын шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм байна. Энэ хугацаанд монгол иргэдийг БНХАУ-аас зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх аж.

Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтыг дээрх хугацаанд хаасан. Харин Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй. Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.

Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй. Түүнчлэн шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болов.


URL:

Сэтгэгдэл бичих