Хол явах хөлгүй, хоёр “шүд” нь онгорхой парламент
“АГТ АРАА” ШИГ ГИШҮҮДЭЭР ДҮҮРЭН ПАРЛАМЕНТ
Гарч ирэхдээ буйл хавдуулж, өвчин оруулж зовоох хэрнээ ургасан хойноо хоол зажилахад олигтой нэмэргүй, тодорхой үүрэггүй шүд бол агт араа. Тиймээс “Агт арааг авхуулсан нь дээр” гэж зөвлөх шүдний эмч бишгүй. Бас “Агт араа бусад шүднүүдээ завсар гарахаас сэргийлдэг, хамгаалалтын үүрэгтэй” гэх хүн ч таарна. Гэхдээ л сойзны үсэнд өртөж цэвэрлэгдэхгүй өнгөр сууж, амнаас эвгүй үнэр үнэртэх шалтгаан болдог, байсан, байгаагүй нь онцын ялгаагүй түүнийг авхуулчих нь амар гэж үзэх хүн олон болжээ.
Энэ парламентад агт араа шиг гишүүд олноороо орж ирсэн бөгөөд тэднээсээ салах уу, болих уу гэдгээ шийдэхэд УИХ багагүй цагаа зарцуулав. Магадгүй, гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагын мэдэлд тавьж өгөх үү, тэднийгээ хамгаалж үлдэх үү гэдэг асуудлыг хамгийн олон удаа хэлэлцсэн парламент гэдгээрээ онцгойрох “түүхэн амжилт”-ыг энэ дөрвөн жилд бүтээсэн ч байж мэднэ. Монголын хууль тогтоох дээд байгууллагын түүхэнд 1996-2000 оны парламентад ажиллаж байсан Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг казиногийн хэрэгт холбогдуулан хорьсноос өөрөөр УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдол энэ парламентыг хүртэл гараагүй.
Харин энэ удаагийн парламентын үед гишүүдийн бүрэн эрх, парламентын халдашгүй байдал гэгч утгаа алдлаа. Сануулахад,
1. 2018 оны намрын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн. Түүнийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны наймдугаар сарын 24-ний А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийг шалгахад гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх саад болж байна хэмээн үзээд түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн ч УИХ хүлээж аваагүй.
2. УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн асуудалд нь шалгахын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа Ерөнхий прокурор УИХ-д өргөн барьсан ч УИХ-ын босгоор даваагүй. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдаагүй учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдэж байв.
3. Нууц эрхтэнийхээ зургийг бүсгүй хүн рүү илгээж бэлгийн дарамт болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал Улсын ерөнхий прокурор ирүүлсэн. Уг саналыг УИХ хүлээж авахаас татгалзсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд нь хориг тавьж байв. Хоригт “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна” гэсэн байв. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, хүлээж авсан ч Улсын ерөнхий прокурор саналаа дахин ирүүлээгүй тул Д.Мурат өнөө хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж буй.
4. Төр түшилцэх үүрэг хүлээсэн хугацаандаа хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөн УИХ хүлээж аваагүй бөгөөд Ерөнхийлөгч үүнд нь хориг тавьсан. Энэ үеэр Д.Гантулга өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгч, чөлөөлөгдсөнөөр парламент нэг “агт араа”-гаа сугалуулж, асуудал эцэслэсэн юм.
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яригдаж байсан ч Улсын ерөнхий прокурор саналаа хараахан оруулж ирээгүй.
ХОЁР НҮҮРТНҮҮД ХӨГӨӨ ЧИРЖ, Н.НОМТОЙБАЯР НАМ Ч ҮГҮЙ, СУУДАЛ Ч ҮГҮЙ БОЛОВ
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авч үлдэх, эсэхийг хэлэлцлээ. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичиг ирүүлсэн, үүндээ УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэг, ХЭДС-гийн хөрөнгийг албан тушаалаа ашиглан зориулалтын бусаар зарцуулсан гэх мэтийн гурван асуудалд холбогдуулан шалгаж буйгаа дурдсан тухай баттай мэдээлэл гараад удаж буй. Ажлын хоёр өдөрт шийдэгдэх хуультай уг асуудал хагас сар гаруй сунжирсаар өчигдөр эцэслэгдэхээр УИХ-ын нэгдсэн чуулганаар орсон ч төрийн түшээ гэж өргөмжлүүлэх дуртай гишүүдийн үнэн төрхийг илчилсэн явдал болж дуусав.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн санал өгсөн. Үүнийг эцэслэх чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр дэгийн дагуу хаалттай горимоор явуулж, нууц санал хураахад оролцсон гишүүний 30 нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. Дараа нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоол батлахдаа ил санал хураасан. Ингэхэд гишүүдийн олонх дэмжээгүй санал өгсөн нь тэдний ямар арчаагүй бэртэгчин, хоёр нүүртэйг харуулсан явдал болов. Өөрөөр хэлбэл, нууц санал хураалтаар Н.Номтойбаярыг “явуулъя” гэсэн санал өгсөн хүмүүс ил санал хураалтаар үүнийгээ баталгаажуулсан санал өгч чадалгүй дальдчиж, өмнөх саналынхаа эсрэг кноп дарсан гэсэн үг.
Ингээд хэрхэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, чуулганыг хоёр цагийн хугацаатай түр завсарлуулан, эрх баригч намын УИХ дахь бүлэг хуралдаж гарц хайхаар болсон. Энэ үед Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнөөр асуудал сая нэг тийш болов. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Н.Номтойбаярыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргав.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр хоёр хоногийн өмнө гаргасан, УИХ-ын гишүүнээс өчигдөр чөлөөлөгдсөнөөр тэрбээр өнөөдөртөө нам ч үгүй, суудал ч үгүй нэгэн болж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар явлаа. Харин улстөрөөс бол бүрмөсөн явлаа гэж баярлах хэрэггүй, эргэж ирнэ гэдгээ хэлээд явсан шүү.
эцэслэх чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр дэгийн дагуу хаалттай горимоор явуулж, нууц санал хураахад оролцсон гишүүний 30 нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. Дараа нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоол батлахдаа ил санал хураасан. Ингэхэд гишүүдийн олонх дэмжээгүй санал өгсөн нь тэдний ямар арчаагүй бэртэгчин, хоёр нүүртэйг харуулсан явдал болов.
Ийнхүү удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах, хол явах хөлгүй парламентын хоёр “шүд” онгойлоо.
Ташрамд дурдахад, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд өөрийн хүсэлтээр гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан долоо дахь, чөлөөлөгдсөн зургаа дахь хүн нь Н.Номтойбаяр болж буй юм. Тодруулбал, 1991 онд Улсын бага хурлын гишүүн Б.Дамдин мөнгөний ханшийг хоёр дахин нугалах 20 дугаар тогтоол гарах гэж буйг албан тушаалын дагуу урьтаж мэдээд, хэрэгжиж эхлэхээс өмнө дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийсэн нь илэрч, гишүүнээс сайн дураараа татгалзаж, чөлөөлөгдсөн. Мөн Н.Жанцанноров 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа жил нь буюу 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гарган, чөлөөлөгдөж байв. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан гэх хэрэгт шалгуулж байх үедээ сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзан шалгуулсан. У.Хүрэлсүх 2012-2016 оны парламентад сонгогдсон ч эхнэрээ эмчүүлнэ гэсэн шалтгаанаар бүрэн эрхээсээ татгалзаж байв.
Бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, чөлөөлөгдсөн тав, зургаа дахь тохиолдол нь энэ парламентын үед тохиож буй. Д.Гантулга хүчингийн хэрэгт, Н.Номтойбаяр хэд хэдэн хэрэгт холбогдон, аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн талаар нь дээр дурдсан билээ.
УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч дэмжигдээгүй нэг тохиолдол өнгөрсөн парламентын үед гарсан. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 2013 онд гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч түүнийг нь парламент хүлээж аваагүй юм.
Үндэсний шуудан
URL: