Г.Загдаа гэгчийн задарсан үйлдлийг захирах хууль байна уу!

whrMM_bJ“Зөв амьдрах ухаан” гэж сайхан нэртэй ТББ-ыг иргэн Г.Загдаа эрхлэн ажиллуулдаг. Тэр гэр бүлийн хамтаар орон гэргүй , архины хамааралтай иргэд болон тэнүүчилж амьдардаг байсан хүүхдүүд, ахмад настнуудад тусламжийн гараа сунгадаг хэмээн олон нийтэд мэдээлдэг.

Энэ байгууллага 2012 оноос хойш орхигдож хоцорсон иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байртай болгох гэх мэт ажлуудыг эрхэлж байгаа хэмээн улсаас тодорхой хэмжээгээр зардлыг нь гаргуулсаар ирсэн. Тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч түүнд 2018 оны наймдугаар сард өмнөх үйл ажиллагааны олгогдоогүй хөрөнгө болох 240 гаруй сая төгрөгийг нь яаралтай олгох шийдвэрийг гаргаж байсан.

Тодруулбал, Ерөнхий сайд, сайд нарынхаа хамтаар тус ТББ-д зочлон очих үеэрээ орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадаагүй байсныг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Чинзоригт үүрэг өгч олгуулж байсныг уншигчид санаж буй биз ээ. Үндсэндээ Ерөнхий сайдаасаа эхлээд харьяалах яам, агентлаг, нийслэлийн ЗДТГ гээд бүх шатанд Г.Загдаагийн эрхэлж буй үйл ажиллагааг дэмжиж ирсэн.

Гэвч мань хүн ёстой л даварсаар даварсаар Давгын оронд гэгчээр өдгөө хууль, журмынхаа дагуу ажиллах бус харин ч бүр эсрэгээрээ хуулийг уландаа гишгэж, “би архины хамааралтай хүмүүсийг гэр орон ажлын байраар хангаж, сайхан амьдрал руу чиглүүлж байна” хэмээн чээжээ дэлдэж, олон нийтийн цахим сүлжээг ашиглан жүжиг тавьж иргэдийн дургуйцлийг өнгөрсөн өдрүүдэд хүргээтхэв.

Учир нь өнгөрөгч долоо хоногт л гэхэд тус төвд байсан эмэгтэй хүүхдээ авах гэхэд нь өгөхгүй. Цагдаа нартай очиход нь ч орилж, хашгиран элдвээр хэлж, хараан, зүхэж байгаа бичлэг нь одоо ч цахим орчинд байсаар байна. Түүний хийж буй үйл ажиллагаа нэг талаар нийгэмд тустай ажил боловч нөгөө талаар Г.Загдаа архины хамааралтай болчихсон, харж, хандах хүнгүй хүмүүсээр бизнес хийгээд байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж байгааг төрийн байгууллагын албан хаагчид хэлдэг.

Энэ асуудлыг нь өөрт нь хэлж, зарим зөвшөөрлийг олгохоос татгалзах, “Зөв амьдрах ухаан” ТББ-д байгаа хүүхдүүдийг эцэг, эхэд нь өгөх зэргээр ажиллагаа явуулахаар видео бичлэг хийн олон нийтийн цахим сүлжээнд байршуулчихдаг. Ингэхдээ тэрбээр ямар үед лайв хийж өөрийгөө гоё сайхнаар харагдуулахаа мэддэг хүн. Угтаа бол өөрийгөө зөвтгөх байдлаар тасдаж байршуулдаг нь үзсэн хүмүүсийг төөрөгдүүлэх гол шалтгаан болж, Г.Загдаа өөрийгөө өмгөөлүүлсээр ирсэн тухайг албаны эх сурвалж хэлж байв.
Тус байгууллагын хувьд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний магадлан итгэмжлэлтэй юм билээ. Үндсэндээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг. Гэхдээ асрамжийн газар шиг хүүхдүүдийг байнга байлгана гэсэн үг биш.

Энэ нь хоёр тусдаа ойлголт гэдгийг ч Г.Загдаа маш сайн мэддэг хэрнээ “Би тусгай зөвшөөрөлтэй байхад та нар боож хаалаа” гээд мэдэн будилаад явдаг аж. Энэ тухай нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул ч ярьсан байдаг. Мөн тэрбээр “Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрлийг харьяа яамнаас л олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хүргүүлсэн саналын дагуу судалж үзээд, ХНХЯ-наас зөвшөөрөл олгоно. Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрөл аваагүй л бол төрийн байгууллага байна уу, төрийн бус байгууллага байна уу, хэн ч байсан хүүхдийг байнга байршуулж болдоггүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.” гэдгийг хэвлэлийн ярилцлагдаа хэлсэн байдаг.

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хашаанд өдгөө 65 хүүхэд, насанд хүрсэн 62 хүн амьдардаг. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд заасан Асрамж халамжийн төвийн эрхгүй субъект ийм төрлийн үйл ажиллагаа явуулаад байгаа учраас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монгол Улсын хуулийн дагуу зөвшөөрлөө авчихаа гэдэг шаардлагыг байнга тавьдаг аж. Гэвч Г.Загдаа хариуд нь “Хүүхдийн байгууллага нь ажлаа хийхгүй. Би өмнөөс нь ажиллаж байхад намайг ингэлээ” гээд олон нийтэд зориуд буруу мэдээлэл түгээгээд байдаг.

Тус төвийн хашаанд амьдарч байгаа 65 хүүхдийн 16 нь эцэг, эхгүйгээр байдаг. Заримынх нь аав, ээж хүүхдээ тэнд байгааг олж мэдээд авъя гэхээр өгдөггүй. “Чи архины хамааралтай учраас хүүхдийг чинь өгөхгүй” гэдэг. Эсвэл “Чи шоронд суусан учраас хүүхдийг чинь өгөхгүй” гээд өгөх байтугай уузуулдаггүй.

Цаашлаад хүүхдийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссынхон “Асрамжийн газар байх ёстой захирамжийн дагуу хүүхдээ авъя аа” гээд очиход нь өгдөггүй аж.
Хэрэв Г.Загдаа үнэхээр хүмүүлэгийн үйлс хийж байгаа бол яагаад хууль, дүрмээ хэрэгжүүлж биелүүлэхгүй байна вэ. Үүнийг бас бодох л ёстой асуудал. “Зөв амьдрал” ТББ-ыг төрийн холбогдох байгууллагууд албан ёсны зөвшөөрлөө авахыг шаарддаж байгаа ч үнэн хэрэгтээ Г.Загдаа яг шаардлагад нь нийцдэггүй ажээ.

Тухайлбал, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандарт манай улсад бий. Түүнд “…хувь хүн, ажилтан, албан хаагчид нь цагдаагийн байгууллагаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эцэцэг эх байх эрхээ хасуулах буюу хязгаарлуулж байгаагаагүй, ашиг хонжоо олох эсхүл ашиглах зорилго агуулаагүй байна, хүүхдийг хүлээн авах, тав тухтай, шаардлага хангасан, аюулгүй орон байр, сууцтай байна, хүүхдийг хоол хүнс, хувцас бусад шаардлагатай зүйлсээр хангах санхүүгийн эх үүсвөр, нөөц боломжтой байна…” гэж заасан байдаг. Зөвхөн эдгээр асуудлаас болоод түүнд зөвшөөрлийг нь олгох боломжгүй байхад л мань хүн “тэд намайг ажил хийлгэхгүй байна” гэх шоу буюу бэлтгэсэн бичлэгээ хийгээд харааж, зүхээд эхэлдэг. Гэхдээ түүний энэ үйлдийн цаана тэнд амьдарч байгаа хүүхдүүд нь бөөстчихсөн, хаврын халуун өдрүүдэд өвлийн бойтгон гуталтай хичээлдээ явдаг хүүхдүүд ч байдаг тухай зарим сургуулийн багш, захирлууд хэлдэг.
Тэр байтугай насанд хүрсэн ч архины хамааралтай болчихсон хүмүүсийнх нь тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрүүдийг аваад хадгалчихсан. Тухайн иргэдээр банкны карт гаргуулчихаад сар бүр орсон орлого буюу тэтгэврийг нь хамаад авчихсан байдаг тухайг баттай эх сурвалж мэдээлж байсан. Тиймээс энэ бүхнийг холбогдох хүмүүс нь шалгаж эрхээ хязгаарлуулсан иргэдээ энэ ёс зүйгээ хүнээс салгаж байлгах ёстой газар нь аваачвал зохилтой болов уу. Ямартай ч задарсан Г.Загдаагийн энэхүү үйлдлүүдийг хазаарлах хууль хүчнийхэн алга уу.

Иргэд түүний тухай ингэж бичиж байна.

URL:

Сэтгэгдэл бичих