БИЕ МАХБОДИЙГ БОХИРДЛООС ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Энэ асуултыг олон хүн тавьдаг. Байнга цэвэрлэх хэрэгтэй гэсэн нэг хэсэг байхад, оролдох хэрэггүй хэсэг ч байдаг. Энэ асуултын алтан дундаж гэж байдаг болов уу? Хүн бүр цэвэрлэгээ хийх хэрэгтэй юу? Цэвэрлэгээ хийсний уршиг гэж байдаг уу?

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, сүүлийн 30 жилд бүдүүн гэдэсний шинэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо өссөөр одоо өвчтөнийхөө тоогоор гуравдугаарт ордог болжээ.

Янз бүрийн хавдраар өвчлөгсдийн тоо хүн амын өсөлтийг давсан байна. Гол буруутан нь канцерогенууд аж. Бие махбодио цэвэрлэх ганц гарц нь юм. Эмч нар ингэхийг шууд дэмждэггүй. Учир нь бидний бие махбодь өөрөө өөрийгөө цэвэрлэх чадвартай юм. Чухам ийм зорилгоор бидэнд тунгалагийн систем, элэг, бөөр, гэдэс байдаг. Энэ бүгд бидэнд хор учруулж болох бүхнийг гадагшлуулдаг. Бие махбодь нь байгалийн бохирдуулагчийг дийлдэг болов уу, түүнд нэмэлт цэвэрлэгээ шаардлагатай юу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бол тун нарийн асуудал шүү!

Толинд хар

Бие махбодь бохирдсоны шинж тэмдэг нь толгой байнга өвдөх, царай алдах, хоол шингэхгүй байх, юуных болох нь тодорхойгүй харшил үүсэх зэрэг таагүй байдлуудаар илэрдэг. Бохирдлоо цэвэрлэх хэрэгтэй гэж үздэг хүмүүсийн нотолдгоор бол гэдсээ байнга цэвэрлэх нь архаг өвчтэй, байнга өвчин ороож байдаг хүмүүст зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэндээ цэвэрлэгээ хийх дуртай хүмүүс эмнэлэгт хүргэгдэх нь цөөнгүй байдаг аж. Болгоомжтой, сэрэмжтэй байх гэсэн гол болзлыг баримтлаагүйгээс тэд биедээ эмгэг үүсгэдэг байна. Бохирдлоо цэвэрлэх олон аргуудаас алийг нь зөв, аюулгүй гэж үзэх вэ?

Юунаас эхлэх вэ?

Хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Та ямар нэг архаг хууч өвчтэй бол мэргэжилтнээс зөвлөгөө авахгүйгээр цэвэрлэгээ хийж огт болохгүй. Чихрийн шижин, цусны даралт ихдэх болон үе мөчний өвчтэй, ходоодны шархтай, жирэмсэн, сарын тэмдэг ирсэн үед цэвэрлэгээ хийх хориотой байдаг. Энэ бүх өвчин хормын дотор хурцадна. Хүлээж тэвчихгүй гэж бодож байгаа бол хоолны дэг барихаас эхэлж болох аж. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол, давсалсан болон шарсан хоолноос татгалзаарай. Бас согтууруулах ундаа, кофеин, никотиноос татгалзах хэрэгтэй. Хоолны тань 60 хувь нь шинэ ногоо байх ёстой. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болно. Тэгэхдээ тослог ихтэй сүүн бүтээгдэхүүнийг бага хэрэглээрэй. Тав хоногийн дараа бие махбодид тань сэргэх үйл явц эхэлнэ, хэрвээ ийм хоолны дэгийг 10 хоногийн турш баривал бүрэн цэвэрлэгээ болж, цусны эргэлт шинэчлэгдэнэ.

Эрхтэн тус бүрийг хооронд нь наад зах нь долоо хоногийн зайтай цэвэрлэх хэрэгтэй байдаг.

Клизм байнга тавибал бие махбодь усгүйждэг байна.

З.Амгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих