Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү

3374c9f9806505d2dd92b2784801c43e“Жүжигчин” Ц.Нямдорж ээлжит мэдэгдлээ хийв. Тэрбээр  “Халдашгүй байдлын дэд хороог хэзээ хуралдахыг Н.Номтойбаяр шийддэггүй юм” гэлээ. Үнэндээ Н.Номтойбаяр шийдэж эрхэм сайдтан түүнийг цаг хожиж ажлаа амжуултал нь “нохой хорьж” буйг бүгд л харж байна шүү дээ. Тээр жил Н.Энхбаярын оймсыг гозолзуулахад “Мэдээгүй, манайх зурагтгүй” гэж байсан шигээ наадаж байна.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ХБНГУ-ын Нюрнберг хотод эмчлүүлж байгаад ирэнгүүтээ Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. Ерөнхий прокурорын эзгүйд түүний орлогч  С.Алиманцэцэгээс дээрх санал ирэхэд “Ерөнхий прокурор ирүүлэх ёстой” гэдэг үндэслэлээр УИХ хүлээж аваагүй юм. Харин Ерөнхий прокурорыг саналаа ирүүлмэгц  Ц.Нямдорж сайд Дэд хороогоо хуралдуулахгүй байх элдэв арга саамыг хайж эхлэв. ХЗДХ-ийн сайдын үзэж буйгаар “Ерөнхий прокурор УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны ирцийг судалж байж санал гаргах ёстой байсан” гэнэ. Улсын Их Хурлын тухай хуулийн 6.11-д: “Чуулганы үеэр, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий Прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг  шийдвэрлэнэ” гэж хоёргүй нэг утгатайгаар заасан билээ.  Өөрөөр хэлбэл 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх үүрэг нь УИХ-ын үүрэг болохоос биш ийнхүү хуралдаж шийдвэр гаргах нөхцлийг нь Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан бүрдүүлэх үүрэггүй юм.

Халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүний 3 нь байхад олонхи хүрэлцэн ирсэн буюу ирц хангалттай гэж үздэг. Гэтэл дэд хороогоо хуралдуулалгүй, улмаар УИХ-ыг хуулиа зөрчихөд хүргэж байгаа гол буруутан нь Ц.Нямдорж сайд өөрөө юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 24.11-д: “Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд үүнд дэд хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн эл заалтыг уншаагүй, ойлгоогүй гэхэд итгэмээргүй. Сайд цааш нь, “Д.Лүндээжанцан байхгүй. Ч.Улаан байхгүй. Ч.Улааныг хэзээ ирэхийг мэдэхгүй” гэх зэргээр мэдэн будилах нь түүний “хугацаа хожих” зорилгыг нэгэнт илчлэв.

Ц.Нямдоржийн өнөөдрийн мэдэгдлийн араас Халдашгүй байдлын дэд хорооны “хуралдахгүй байгаагийн шалтаг” болсон гишүүн Ч.Улаан “Би Халдашгүй байдлын дэд хороонд, хуралдахдаа ирцэнд авахыг хүсээд, өөрийн саналаа энэ сарын 16-нд нууцын зэрэглэлтэйгээр бичгээр өгчихсөн. Надаас болж хурал хойшлоогүйг албан ёсоор хэлье” гэсэн мэдэгдлийг хийчихлээ. Өөрөөр хэлбэл, Шалтаг нь би биш, Ц.Нямдорж шүү” гэдгийг хэллээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өдий олон жил парламентад, дэд хорооны ирцийн болзлыг мэдэхгүй, дөрвөн гишүүний ирц хоёр хуваагдаж хайнцахаар гарцгүй болчихдог гэж бодсоор яваа бол ийм Хууль зүйн сайдтай Монголчуудын хохь юм даа. Харин, ажилдаа хариуцлагатай хандаж, бичгээр, нууцаар саналаа өгөөд явсан Ч.Улаан гишүүний бүрэн эрхийг Ц.Нямдорж сайд ингэж “түдгэлзүүлж” болох уу?!

Цагаан суваргын 34 хувийг 0 болтол лоббидсон Н.Номтойбаярт 5 гишүүнийг 48 цаг барих хэцүү гэж үү!

Хэрэг явдал ийнхүү өрнөж байх зуур Н.Номтойбаяраас ирсэн санал гэх “Гадаад улсад эмчилгээтэй байгаа тул Халдашгүй байдлын дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл “хоёрдугаар сарын 3-ныг хүртэл хойшлуулж, мөн өдрөөс хойш хуралдуулах хүсэлт” гэгч гарч ирэв.

Ирц бүрдүүлэлтийн аргаар, эсвэл “цалинтай лоббидох” тактикаар Н.Номтойбаяр хүссэн шийдвэрээ гаргуулж чаддагийг олон нийт нэг бус удаа харсан. Үүний нэг жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Цагаансуваргын ордын 34 хувийг төрд авах асуудлыг тавихад УИХ-ын нэгдсэн чуулган дээр төрийн эзэмшлийн хувь 0 болон хувирсан явдал. Энэ талаар жил гаруйхны өмнө Н.Номтойбаяр “Тухайн үеийн Засгийн газрын гишүүд дэмжээгүй учраас ажил хэрэг болоогүй” гэж тайлбарласан. Засгийн газрын гишүүдээр дэмжүүлэхгүйгээр лоббидсоноо яалаа гэж ярих билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж өгөөрэй” гэж чуулганы индрээс хандахад “400 сая ам.доллараа төлөөд 34 хувиа аваарай” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Харин одоо бол “Намайг эмчлүүлж дуусахаар наад хурлаа хийгээрэй” гэж хүсчээ.

Ц.Нямдорж сайд ээлжит тоглолтоо хийж “Номтойбаяраар заалгахгүй, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд юу гэж оруулдаг юм бэ” гэхчлэн хүүг “бяцалсаар” аавд амласнаа хэрэгжүүлсээр сууна. Үүний учир нь эдгээр хүмүүс цаагуураа бизнесийн гүн бат холбоотойнх биз ээ. Учир нь Ц.Нямдорж сайд нэгэн цагт “Зуун айл”-ын хажууд байрлах “Шинхуа”-ийн байр руу гүйдэлтэй болж хожим нь “Шинхуа МАК”-ийн 10 хувийг эзэмшдэг байснаа, МАК-т зарсныг мартаж болохгүй. Мартах ч эрхгүй. Тодруулбал, Ц.Нямдорж Б.Нямтайширийн гэр бүлд өртэй. Тэрбээр өрөө төлж байна. Прокуророос нууц бичиг ирсэн гэж байгаа нь асуудлыг, мэдээллийг бүдгэрүүлэх, төрийн нууц гэдэг хууль зүйн ойлголтоор “хумсаа нуух”-аар шийдэв бололтой.

Хөөн хэлэлцэх хугацаанаас эхлээд л хуульд заасан цаг хугацааг тоолох, тоолохгүйгээр “тоглож” УИХ-ын гишүүд хариуцлагаас мултардаг нь гэм биш зан. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнчлэн Н.Номтойбаярын тухайд, сайд байхдаа 3.9 тэрбум төгрөгийг хууль зөрчиж зээл хэлбэрээр тараасан эсэх, Төрийн ордонд болсон УИХ-ын гишүүн асны үхэл, хэрэг мөн, биш нь мэдэгдэхгүй саяхны зүйл гэдэг гурван үндэслэлээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх болоод байгаа бололтой. Энэ бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн өнөөдрийн тайлбарын төгсгөл. Харин сайдын хэрэг мөн ч юм уу, биш ч юм уу гэсэн тайлбарын дараа Н.Номтойбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-нд зодсон хүн нэгээр нэмэгдэж үзэгдсэн нь загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн нөхөр “Занаду майнз” компанийн захирал Л.Ганбаяр байв.

“Өвгөн”-ий давхар мэх юунд хөтлөв?

Дээрх хэрэг мөн, бишийн гол оролцогч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү. Өнөөдрийн бичлэгээс харахад “Баяраа өөрөө л уначихсан” байна лээ. Зүгээр байгаа хүнийг дуудаж хацрыг нь “илж” үзэж, тэгснээ зүүн шанаа, нүд рүү нь эхлэн нударгалж байгаа хүн нь мань “Баяраа”. Н.Номтойбаяр ба Х.Тайван нарын хэрэг явдлыг Ц.Нямдорж Б.Хурцын эсрэг зэвсэг болгох давхар мэх үүгээр бүтэлгүйтэв бололтой. Зодооныг салгаж байсан “Занаду майнз”-ийн захирал Л.Ганбаяр эрхэм гишүүн Н.Номтойбаярт зодуулсан нь Н.Номтойбаяр Б.Хурцын хүү учраас ганц Х.Тайванг л цохисон хэрэг биш, харин ааг омог нь багтаж ядаж явдаг гишүүн маань  нийтийн үйлчилгээний газар гурван хүнийг цохиж зодож танхайрч байгаа нь ХЗДХ-ийн сайдыг хэрэг, мөн биш гэж эргэлзүүлж байна гэж үү?

Хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, төлөвшилгүй, төр барих нь бүү хэл  өөрийгөө ч барьж, зөв авч явж чадахгүй байгаа Н.Номтойбаяр шиг ийм хүнийг хувийн ашиг сонирхлын улмаас хаацайлж үлдэх гэсэндээ Ц.Нямдорж сайд хазах хайрахаас эхлээд “мэдэн будилагч”, “эс мэдэгч”-ийн элдэв дүрд хувирсаар хамгийн сүүлд “төрийн нууц” гэх улигт халхавчаа хэрэглэх нь. Цагтаа “Нямдоржийн бөөлжис ямар юмных нь төрийн нууц байхав дээ” гэж Л.Гүндалай гишүүнд шоолуулж байсан ч өөрийгөө зөвтгөсөөр үлдсэн Ц.Нямдорж “нууц”-аар тоглож дуусаагүй юу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай. Ц.Нямдоржийн “сүүлчийн цамцаа урагдтал зүтгэж байгаа” Монголын төрийг гутааж байгаа энэ хүнээс ангижрах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх түүний хувийн байдалд дэндүү ахдаж томдож байгааг бид бүгдээрээ харж байна. Прокуророос ирсэн саналыг хуулиар тогтоосон хугацаанд УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой юу гэвэл тийм. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль зөрчсөн эс үйлдэл, буруугаас УИХ хуулиа зөрчсөн үү гэвэл бас л ТИЙМ. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснээр тайлж уншвал сайд Ц.Нямдорж Үндсэн хуулийг дахин зөрчлөө. Амташсан хэрээ хэд дахидаг билээ?!  Асуудал хөвөрнө дөө.

Харин Ц.Нямдорж сайдаар гул барьсан Н.Номтойбаяр гишүүн “Прокурорын уг саналыг талархан хүлээн авч байна” хэмээн даапаалж сууна.  Хэдийгээр хилсээ цайруулах гэсэндээ үнэхээр талархах тохиолдол байж болох ч гишүүний өдүүлсэн хэргийн хувьд цаг хугацааны фактор, нөхцөл байдал, учир шалтгааны  нь үр дагаврыг нь өөрөөр зааж байгаа юм. Өнөөдрийн сөрөг хүчин АН-ыг Засгийн эрхийг барьж байхад Цагаансуваргын ордын 34 хувийг төрд авах тухай Засгийн газрын гишүүдийн саналыг өөрчилж УИХ дээр нь  төрийн эзэмшлийн хувийг тэг /0/ хувь болгон шийдвэрлүүлж чадаж байсан Н.Номтойбаярт таван гишүүний ирцээр шалтаглаад Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг гацааж өөрөө цаг хожиж наймаалцах нь  хялбархан ажил биз ээ. Ц.Нямдоржийн хувьд тэтгэвэртээ боломжийн гарчихъя гэж бодож байж болох юм. Харин харьцангуй шударга гэгддэг, халуун сэтгэлтэй У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН-ын үнэмлэхүй олонхийн парламент 100 гаруйхан хоногийн дараа ард түмнээр дүнгээ тавиулж дараагийн мандатаа өвөртлөх эсэхээ шийдүүлэх гэж байгаагаа умартаж, намынхаа “жоом”-ыг хаацайлах эсэхийг нь л анхааралтай харж сууя даа.

Нийтлэлч: Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих