Газар ба Өвөр монголын бэлчээр нутагт хууль ёсны байх асуудалд

Өвөр Монголын судлаач Тэмцэл Таогийн бичсэн доорх өгүүлэл Үндэсний үзлийг сонирхогч эрхэмийн анхааралд орох ёстой сайн өгүүлэл хэмээн орчуулсан бөлгөө. Тэрбээр ВВС-д ажилладаг бололтой мэдээ гарсан байсан.

Хэрэв Өвөр Монголын аль нэгэн малчнаас малаа бэлчээрлүүлж яваа газрыг нь хэнд хамаарахыг нь асуувал Хятадын бусад нутагт газар дээрээ тариалан эрхлэн амьдрах тариачнаас мөн асуусантай адил ижилхэн хариулт сонсох болно. Энэ нь тэдний газар нэг бол нутгийн хамтралых, эсвэл улсын өмчийх гэж тэд хариулдаг. Гэвч өвөр монголын малчин өөрийн амь зуулгыг авч яваа газар нутаг, бэлчээрийг ашиглах эрх нь хууль зүйн хувьд тариачны эдэлж буй эрхээс бага байдаг талаар төдийлэн сайн ойлголтгүй явж байдаг. Өвөр Монголын газар эзэмших, ашиглах эрх зүйн байдал нь үндсэндээ улс төрд төвтэй болон эдийн засагт төвтэй гэсэн хоёр үндэстнээс хамааралтай явсаар ирлээ.

Хятадын коммунист хөдөлгөөн нь орчин үеийн хятад үндэстэнг бүтээн босгох урт үйл явцын нэгэн хэсэг нь байсан билээ. Уламжлалт хятадын нүүр царай нь голчлон соёлын хувьд, өнгөрсөн түүхийн хувьд толгойд буудаг бол Хятадын коммунистуудын төсөөлөн бодож байсан шинэ улс төрд төвтэй үндэстэн нь түүхэн материализмын нүдээр харсан нийтийн ирээдүйн төлөө хөдөлгөөн байлаа. Энэхүү шинэ улс төрд төвтэй үндэстэн хэмээх идеологи нь хятад бус ард түмэн, тухайлбал Монголчуудыг газар нутагтай нь хамт коммунист төрд нэгтгэх бололцоо олгосон юм. Миний бодлоор хятадын коммунистуудын Хятад үндэстэн бүтээн босгох ажил коммунистуудын үндэсний үзлээ идэвхитэй илэрхийлж эхэлсэн сино-японы дайнаас эхлүүлээд бүгд найрамдах улс байгуулсан 1949 оныг дайраад барагцаагаар 20-иод жил үргэлжилсэн байна.

Пост-коммунизмын өнөө үед төрийн удирдлагууд яг үнэндээ бодит байдал дээр коммунизмыг таягдан хаясан бөгөөд энэ үзэл суртлын үлдээсэн хоосон зайг нөхөхийн тулд “эдийн засагт төвтэй үндэстэн” гэсэн идеологид маш ихээр ач холбогдол өгсөөр ирлээ. 1979 оноос 1983 оны хооронд Хятадын газрын систем нь хамтралын өмчлөлийн хэлбэрээс айл өрх гэрээгээр өмчлөх систем руу шилжсэн. Бүхий л орон нутагт явагдсан энэ реформ нь мөн өвөр монголын бэлчээрт үйлчилсэн. Ингэснээр зах зээлийн шинэтгэл явагдаж “хятадын онцлогтой социализм”-ийн үр дүнд газраас гарах бүтээгдүүнээр хязгаарлагдахгүй газрыг өөрийг нь мөн өмчлөх бололцоо олдсон юм. Өмнөх нийтээр эзэмших, нийтээр түгээх тогтолцоо танигдахын аргагүй болтол өөрчлөхийн тулд төрийн удирдлагууд коммунизмын идеологийг эдийн засгийн бүтээмж хэмээх шинэ үг хэллэгээр орлуулж эхэлсэн юм. Эдийн засгийн арга хэрэгсэл нь үзэл суртлын байрыг түрэн зайлуулж түүхэн хөгжил, үндэсний хувь заяаны зорилгод үйлчилж эхэлсэн. Ийнхүү улс төрд төвтэй үндэстэн нь эдийн засагт төвтэй үндэстэн болж олны сайн сайхан байх хэрэгцээ нь цөөн хэдэн бүлэг, ард түмнийг золиослох явдлыг зөвтгөх шалтгаан болсон юм.

Одоо Өвөр Монголын өөртөө засах орны эхний 10 жилд туулж өнгөрүүлсэн түүхийг товчоор хүргэе. Энэ үед бусад нутгуудаар өрнөсөн газрын шинэтгэл, хамтралжих хөдөлгөөн энд бас болж өнгөрсөн. Энэ хугацааны турш, Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилж ирсэн газар нутгийнхаа өмчлөх эрхийг нь Хятадын төр булаан авч газраас гарах үржил шимийг нь хүртэл эзэмших болсон юм. Улс төрийн утгаар нь авч үзвэл монголчууд Хятадын коммунистуудын бодож олсон анги, соёл, угсаа гарал үл харгалзан нэгэн ард түмэн мэт байх “улс төр төвтэй үндэстэн”-д нэгдэцгээсэн байдаг.

“Улс төрд төвтэй үндэстэн” хэмээх үзэл суртал түүх болж, “эдийн засагт төвтэй үндэстэн” гэсэн шинэ үзэл суртал хүч авахын цагт национализм буюу үндэсний үзлийн асуудал хууль ёсоор босч ирж байна. Хятад бус ард түмний хувьд илүү эрх чөлөө бүхий эдийн засагтай Хятадын авторитари удирдлагыг хэрхэн үзэх бол? Эдийн засагт төвтэй үндэстэн хэмээх үзэл суртал хятад бус үндэстнүүдийн хувьд хэр итгэл үнэмшил төрүүлэх бол? Үндэстний нийтлэг зорилго дундын соёл, түүхээс уламжлагдан гарч чадаж байгаа эсэх? Нэг зорилгод олон санаатай ард түмнийг зангидахын тулд эдийн засгийн хувьд ухаантай байх гэх мэтээр дотоод механизм ашиглах ёстой юу, аль эсвэл нийтлэг дайсан, гадаад аюул гэгчээр гадаад хүчин зүйлийг ашиглах уу?

Хил тойрсон улс төр

Хэдий хятадын коммунистуудын дэмжлэгтэй ч гэлээ Улаанхүүгийн тэргүүлж байсан ӨМӨЗО-ы Засгийн газарт Хятадын бизнес, бурангуй ноёдын мөлжлөгөөс ангид Монгол гэр-орныг байгуулах үзлийг дэмждэг үндэсний үзэлтнүүд мөн байлаа. Үндэсний үзэлтэй хамгийн зүүний фракцийнханд Орос, гадаад Монгол, түүнчлэн коммунист хятадууд их нөлөөтэй байсан. Тэд Манжуур, Өвөр Монгол дахь японы цэргийг Орос, Монголын арми бут цохиод удалгүй Өвөр Монголд хяналтаа тавина гэж бодож байлаа. Монголын үндэсний үзэлтнүүдэд Зөвлөлт маягийн болон эхэн үеийн Хятадын коммунистуудын үндэстний талаарх бодлого гайхалтай таалагдаж байв.

ӨМӨЗО нь эхний 10 жилдээ хятадын бусад аймагтай хиллэсэн, эсвэл шинээр аймаг болсон байсан хуучин газар нутгаа эргүүлэн авах ажлыг хийсээр иржээ. 1935 оны хятадын коммунист намын тунхаглалд Мао Зедунг монголчуудад “Чингис хааны нэр алдрыг хадгалан хүндэлж, үндэсний сүйрэлээс сэргийлж, Турк, Польш, Украйн, Кавказуудын адил эрх чөлөөтэй, тусгаар ард түмэн” болоход нь тусална хэмээн амалсан байна.

Цааш нь уг тунхаглалд “Өвөр монголд байгаа монголчууд өөрсдийн хүсэл зорилгоороо зохион байгуулагдаж болно. Тэд өөрсдийн зарчим тулгуурлаж амьдралаа, өөрсдийн засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй. Түүнчлэн бусад улс, үндэстэнтэй холбооны улс байгуулах юмуу дангаар тусгаар тогтнох бүрэн эрхтэй” хэмээсэн байдаг байна.

Гэвч газар нутгаа эгүүлэн авах явдал нь ӨМӨЗО-ы засаглалын хүрээнээс халисангүй. Харин газрын асуудал нь Өвөр монгол нь бусад бүс нутгуудын адил хамтралжих, газрын шинэтгэл эхлэх цаг үед ӨМӨЗО-ий удирдлагуудын нэн түвэгтэй хэцүү асуудал болж хувирсан байдаг.

1947 онд Улаанхүү зүүний үндэсний үзэлтнүүдийн дэмжлэгийг авч нэгтгээд Өвөр монголын нэгдсэн автономит хөдөлгөөний нийслэлийг зүүн Монгол дахь Улаан хотоос Калган руу шилжүүллээ. 1952 онд нийслэлийг 1554 онд Алтан хааны “Хөх хот” нэртэй байгуулж байсан Гуйсуй (Хятадаар “буцан ирж энх тайван тогтоох” гэсэн утгатай ) хот руу дахин нүүлгэж, хуучин нэрийг нь сэргээсэн байна. 1956 оны 4-р сар гэхэд Улаанхүү амалсан ёсоор овог, аймгуудыг сэргээж тэднийг нэгтгэсэн ӨМӨЗО-ыг байгуулснаар 300 жил өвөр монгол дахь тархай бутархай байсан монголчуудын мөрөөдлийг биелүүлжээ. Монголын соёлын хөгжилд хувь нэмэртэй гэж үзэн Өвөр Монголоос гадуур байсан 500 000 монголчуудыг урьж өөртөө нэгтгэсэн байдаг.

Өвөр Монголыг анхны хуучин хэмжээнд нь хүртэл нэгтгэх ажлын гол зарчмуудын нэг нь хятад хүнийг аль болох оруулахгүй байх ба автономит улс дахь монгол хүн амын хүчтэй бааз суурийг бүрдүүлэх явдал байлаа. Сүүлд 1958 оны Ченгдугийн их хурал дээр Улаанхүүгийн ӨМӨЗО-ий эрх мэдэл, хүч чадлыг ихэсгэж, уугуул монголчуудын автономт байдлыг нэмэгдүүлж байгаа явдлыг нь Мао Зедунг хурцаар шүүмжлэв. Мао Зедунг удирдлага, кадруудын үйл ажиллагаа явуулах үзэл нь национализм биш коммунизм байх ёстой гэж сургав.

Гэвч үнэндээ, ӨМӨЗО-ыг томруулсан явдал нь ӨМӨЗО-ий засгийн газарт илүү олон хятад нэвтрэн орох бололцоо бүрдүүлсэн юм. Газар нутгийг нэгтгэсэн явдал нь угаас хүн ам ихтэй тариачид газар нутгийн дийлэнхид суух болж, өвөр монголын хүн амыг хятад хүн ам хол зөрүүтэй давах болсоноор ӨМӨЗО-ий олонхи нь хятадууд болон хувирав. Хэдийгээр бүс нутгийн хилийн хяналт, Хятадын айл өрхийн бүртгэлийн тогтолцоо нь чөлөөт нүүдэл суудлыг хязгаарлаж байсан ч гэлээ хүн ам ихтэй газар тариалангийн бүсийг Өвөр монголтой нийлүүлсэн нь эдгээр нутагт амьдрах хүн ардыг сийрэг хүн амтай өвөр монголын нутаг руу нүүх сайхан үүд хаалгыг нээж өгсөн.

Мао Зедунг Соёлын хувьсгал нэрээр Хятадын коммунист намаас хуучны бюрократуудыг буюу “капиталист замнагч” нарыг шахан зайлуулж эхэлмэгц Улаанхүү болон бусад өвөр монгол удирдлагууд мөн хавчигдаж эхлэв. Идеологи болон этник хүчин зүйлүүдээс болоод соёлын хувьсгал өвөр монголд маш хүндээр явагдаж 100 мянга гаруй монголчуудын амийг авч одсон юм. Өвөр монгол дахь намын цэвэрлэгээг цэрэг оруулж, өөртөө засах орны хэмжээг хагас хүртэл нь жижигрүүлж гүйцэтгэлээ. Энэ үед Сино-Оросын дайсагнал оргилдоо хүрч Хятадыг өргөн хэмжээний дайны бэлтгэл ажил хийхэд хүргэлээ. Бэлтгэл ажлын хүрээнд өвөр монголыг дайны тайлбар байхаар тогтсон байна. Дайралтаас хамгаалах бэлтгэл ажил, дотоодын улс төрийн хяналтыг авах зорилго нэг уулзвар дээр уулзсанаар ӨМӨЗО-ийг хэдэн хэсэг болгон хаяв.

Сино-Оросын харилцаа соёлын хувьсгалын үеэр улам хурцдаж 1966 онд ЗХУ болон БНМАУ аюулгүйн гэрээ байгуулж ЗХУ-ийн цэрэг Монгол-Хятадын хилээр байрлах болов. 1967 онд Хятад хил дагуулан өөрийн цэргийг байрлуулж, 1967 оны 4 сард ӨМӨЗО-ий шинэ удирдлага болох ӨМӨЗО-ий хувьсгалт хорооны даргаар Бээжингийн цэргийн бүсийн дэд коммандлагч асан Тенг Хакин томилогдов.

1970 оны 1 сараас 10 сарын хооронд ӨМӨЗО нь Шилийн гол, Улаан цав, Их зуу гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх болж маш жижгэрсэн байлаа. Бусад 3 аймаг нь зэргэлдээх бүс нутаг Гансу, Ниншиа, Хейлонжинг, Жилин, Лиаонинг зэрэг рүү тасран оров. Гэвч 1979 оны 5 сарын 30-ий өдөр соёлын хувьсгал өндөрлөмөгц Хятадын коммунист намын төв хороо болон төрийн зөвлөлийн нэгдсэн шийдвэрээр ӨМӨЗО-ийг хуучин хил, хязгаараар нь сэргээн тогтоохоор болжээ.

Монгол газар нутгийг төрийн өмчлөлд оруулсан нь

Монгол газар нутгийг нэгтгэх, ӨМӨЗО-ий засаг захиргааны нутаг дэвсгэрийг томосгох оролдлого нь анхандаа Монголын газрыг ашиглах, эзэмших эрхийн талаарх асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан ч энэ зорилгодоо хүрч чадаагүй юм. Монголчууд газар өмчлөх эрхээ, ӨМӨЗО нь автономит байх газар нутгийн суурь баазаа 1947 оноос 1958 оны хооронд аажмаар алдсан байлаа.

1947 оноос өмнө Өвөр монголын бэлчээрийн нутаг нь Монголчуудын эд хөрөнгө, эзэмшил өмч хэмээн тооцогддог байж. Монголын язгууртнууд газрыг өмчлөхөөс илүү бэлчээрийн тодорхой газрыг давуу эрхтэй ашиглахыг сонирхож байсан байна. Тиймээс ч 1947-1952 оны хооронд явагдсан бэлчээрийн шинэтгэл нь газрын өмчлөлийн асуудлыг хөндөөгүй ч уг шинэтгэлийг “ардчилсан шинэчлэл” хэмээн нэрийдсэн.

Ардчилсан шинэтгэлийн үеэр ӨМӨЗО-ний коммунист нам өвөр монгол дахь бүх газар монгол ард түмний дундын өмч хэмээн хүлээн зөвшөөрч “чөлөөт бэлчээр” хэмээх бодлогын дор бүх малчинд ижил тэгш эрх олгосон. 1953 онд төрийн зөвлөлийн үндэсний хороо нь өвөр монголын бэлчээрт нутаг нь монголчуудад харьялагдахыг баталсан бичиг гаргасан байдаг. Энэ бичигт “одоо өвөр монголд байгаа бүх газар нь, үүнд өмнө нь үндэсний хэмжээнд эсвэл аль нэг отог аймагт харьяалагдаж байсан, эсвэл отог аймаг хооронд түрээслэгдсэн байсан эсэхээс үл хамааран Монгол ард түмний мэдэлд байх болно. Чөлөөт бэлчээр, бэлчээрийн засвар өөрчлөлт нь ӨМӨЗО-ийн бүх нутгаар хэрэгжинэ” хэмээжээ.

Мөн үүнтэй зэрэгцээд өмнө нь Монгол, Хятад тариачдад тараагдсан байсан бэлчээрийн бус, тариалангийн газрыг өмчлөх явдал нь монголчуудын хувьд дуусгавар болов. Газрын шинэтгэлээс өмнөх хэдэн зуун жилд бүх газрыг монголчууд мэддэг байсан болохоор өвөр монгол дахь хятадууд нь яг л хөлсний оршин суугч шиг амьдарч иржээ. ӨМӨЗО-ний газрын шинэтгэлийн хүрээнд явагдсан нэгэн томоохон арга хэмжээ нь монголчуудад төлдөг байсан хятад тариачдын “Монголын рент”-ийг устгаж газрын томоохон монгол эздээс газрыг нь хураан авч ихэнхдээ газар нутаггүй хятадуудад тараасан явдал байв.

1947-1957 оны хооронд Өвөр монголд явагдсан бэлчээрийн газрын ардчилсан шинэтгэлийг дагаад “ангигүй тэмцэл” хэмээх бодлого дагав. Энэ нь хятад газрын шинэчлэлд марксист үзэл суртлыг нэвтрүүлэн газрыг хувьдаа эзэмшихгүй байх нь газраас гарах үр шимийг эзэрхийлэх анги мөн үгүй болно гэсэн бодлого байлаа. “Бэлчээрийн нийтийн эзэмшил, чөлөөт бэлчээр, ангигүй тэмцэл, малчин эзэд болон малчин ажилчдад аль алинд нь тустай” гэх мэт бодлогууд нь бэлчээрийн өмчлөлд өөрчлөлд оруулах бус харин зарим нэг давуу эрхийг нь устгасан юм.

Хөдөө аж ахуйн газарт хийгдсэн газрын шинэчлэлийн хүрээнд Монголын газрын эздээс авсан газрын 80%-ийг нь буцаан монголчуудад 20%-ийг нь хятадууд олгосон бөгөөд уг шинэчлэлийн дараа монгол тариачид олонхи байсан болохоор тэд хятад тариачдад газраа түрээслүүлэх, гар дороо ажиллуулах эрхтэй байв.

Өөр өөр төрлийн газрын шинэчлэл, хятад монгол тариачдад өөр өөр хандах аргууд нь монголчуудын эрх болоод ангиар ялгаварлах бодлого хоёрын хооронд зохицол бий болох нөхцөл бүрдэв. Хятадын төв засгийн газрын зааварчилгаа хийгээд ӨМӨЗО-ы бодлогын хооронд зөрүү гарах нь ӨМӨЗО-ий засгийн газар дахь хятад, монгол түшмэдүүдийн үзэл бодлын зөрүүнээс үүдэлтэй юм. Хэдийгээр ангиар ялгаварлах явдлыг устгасан ч гэлээ бодит амьдрал дээр ийм үзэл зарим нэг удирдлагуудын дунд байсаар байсан бөгөөд хөдөө аж ахуй дахь ангиар ялгаварлах бодлого нь бэлчээрийн аж ахуйд мөн зарим талаар нөлөөлж тусгалаа олж байлаа.

Орон нутгийн хамтралууд Өвөр монголын хөдөө аж ахуйн салбарт 1953-1956 онд, бэлчээрийн аж ахуйн салбарт 1953-1958 оны хооронд тус тус байгуулагдав. 1956 оны 1 сарын сүүлээр тариан талбай нь үндсэн үйлдвэрлэлийн материалуудын хамтаар бэлтгэл хамтралд хамрагдаж тариачид (дийлэнх нь хятадууд) хувь эзэмшсэн хувиараа үр шимээс нь хүртээд явах систем руу шилжив. 1956 оны эцсээр хамтрал нь шинэ түвшинд шилжин дэвшилтэт хамтрал болон өөрчлөгдөж үр шимийг нь хуваарилах явдал хийсэн ажлаас нь хамруулдаг болов. Энэхүү “хамтарсан” тариалангийн ажилд хятадын удирдлага болон тариачид маш олзуурхууштай байлаа. Учир нь нэгэнт хамтралаас өмнө монгол тариачид хятад тариачдаас илүү газар эзэмшиж байсан болохоор хамтралжих явцад монгол тариачид илүү газар нийлүүлсэн байна. Бэлчээрийн аж ахуйд, малчдын мал нь хувьцаа хэлбэрээр хамтралд хураагдаж эцэстээ дэвшилтэт хамтралын хөрөнгө болов. Бэлчээрийн газарт байх маш олон сүм хийд, мал амьтдын эзэмшигч нар мал амьтан, бэлчээрийн газрынхаа хамт улсын хамтралд хамрагдав. Хүн бүрийн хүртэх эрх адил, гагцхүү оруулсан хөдөлмөрөөрөө хувь хүртэнэ хэмээх бодлого нь хамтралд илүү их газар, мал амьтадыг хувь нэмэр оруулсан монголчуудын хувьд хохиролтой байлаа.

“Том алхам урагш” хэмээх цочир аж үйлдвэржилтийн бодлогын (1958-1962) үед хятад, болон бусад үндэстний хоорондын ялгаа нь онц сонин биш болов. 1958 оны 10 сард өвөр монголд явагдсан хөдөө аж ахуйн хамтрал дуусч 1958 оны 7 сараас бэлчээрийн аж ахуйд хамтрал зохион байгуулагдаж, эд хөрөнгө хураалт нь 9, 10 сард эхлэв. Ард иргэдийн хамтралжилтийн талаарх хятадын коммунист намын зааварчилгаа нь социалист хамтралын эзэмшилтээс социалист ардын эзэмшил, социализмаас үйлдвэрлэлээсээ шалтгаалсан эзэмшилд суурилсан коммунизмд шилжих аажим шилжилтийг чухалчилж байлаа. Гэвч үнэндээ, “том алхам урагш”, соёлын хувьсгал хоёрын хоорондын 4 жилийн (1966-1976) хугацаанд газар нь хамтралын эзэмшлээс улсын эзэмшилд шилжив. “Нэгдсэн хамтрал” нь өвөр монголд хэрэгжиж байсан бөгөөд монголчуудын газар эзэмших эрхийг бүр мөсөн цуцалж хятадын төр өвөр монголын газрыг эзэмшихээр болов.

Бэлчээрийн газрын эзэмшилтийн шилжилт нь ард түмний хамтралын зарчим болон 1954 оны хятадын үндсэн хуультай зөрчилдөж байна, ӨМӨЗО-ий улсын мэдлийн бэлчээрээс бусад газрыг зохицуулах эрх зүйн үндэс байхгүй байна гэх мэтээр Монголчууд маргаж байжээ. 1954 оны үндсэн хуулинд “зэрлэг газар” улсын өмч хэмээн тодорхойлсон нь энэ үгийг хэрхэн тайлбарлах вэ гэдгээс маш их зүйл хамаарч байлаа. Хятадууд тариалангийн зориулалтаар ашиглагдаагүй аливаа газрыг зэрлэг газар, бэлчээрийн газрыг хагалж боловсруулсаныгаа “хэрэглэгдээгүй эсвэл хэрэггүй газрыг боловсруулах” гэж үздэг байна.

Бэлчээрийн газрын эзэмшлийн асуудал нь яваандаа тодорхой болж ирэв. 1963 онд төв хорооны үндэсний комисс болон хөдөө аж ахуйн яам хамтран 40 өгүүлэл бүхий зохицуулах хуудсыг гаргав. Үүнд, “Тодорхой нөхцөл, түүхэн заншилд тааруулан үйлдвэрлэлийн баг нь бэлчээрийг ашиглах эрхийг өөрийн хэрэгцээний дагуу тогтооно” хэмээв. Энэ өгүүлэлд бэлчээрийн өмчлөх эрхий талаар дурьдаагүй ба түүнчлэн ӨМӨЗО-ий бэлчээрийг зохицуулах газраас 1965 онд гаргасан бичигт “бэлчээрийг төр эзэмшинэ” хэмээжээ. ӨМӨЗО-ийн бэлчээрийг төр эзэмших талаар 1973 оны ӨМӨЗО-ий бэлчээрийн зохицуулах газрын бичигт дахин дурдсан байдаг. Монголчууд Үндэсний ард түмний конгрессоос батлагдсан үндсэн хуулийн дагуу эдгээр зохицуулалтууд нь боловсруулагдаагүй байна хэмээн эсэргүүцсээр байжээ.

1980-аад оны эхэн болон дунд үед, хятадын тариачдад хөдөө аж ахуйн хамтралын шийдвэрээр газар эзэмших эрх өгөх, малчдад малаа бэлчээрлүүлэх эрхийг гача (хятадын засаг захиргааны нэгж/тосгон/) өгөх онцлогтойгоор ӨМӨЗО-ий засгийн газар хятадын хөдөө аж ахуйн реформыг бэлчээрийн аж ахуйд хэрэгжүүллээ. Хөдөө аж ахуйн хамтралууд нь хөдөө аж ахуйн газрын эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөгддөг шиг гача-нууд нь бэлчээрийн газар нутгийн эзэмшигч гэж ойлгомжтой хүлээн зөвшөөрөгдсөн зүйл байхгүй байлаа. Ийм хуулийн тодорхойгүй байдлаас үүдээд хятадын бизнесийн бүлэглэлүүд газрыг булаах, дээрэмдэх зэрэг ёс бус үйлдэл хийх нь энүүхэнд болжээ.

2003 оны БНХАУ-ийн бэлчээрийн тухай хуулинд “бүх бэлчээрийг төр юмуу эсвэл тусгайлан хуулиар зохицуулсан бол орон нутгийн хамтрал эзэмшинэ, төр гэдэгт төрийн зөвлөлийг ойлгоно” хэмээн заажээ. 2004 оны бэлчээрийг зохицуулах ӨМӨЗО-ийн хуулинд “бэлчээрийг төр юмуу хамтрал эзэмшинэ” хэмээн заасан нь асуудлыг тодорхой болгох талаар нэг их юм хийсэнгүй. Хууль цаашлаад “нутгийн удирдах газар нь улсын бизнес, байгууллага, цэрэг арми зэргийн хэрэгцээнд зориулан хамтралын бэлчээрийн газрыг улсын мэдлийн газар болгон шилжүүлэх эрх мэдэлтэй” хэмээн заасан байлаа. Одоогоороо монгол нутгийн бэлчээрийг улсын өмч гэж заахаас өөр ялгаж салгаж, тодорхойлсон хууль байхгүй. Үүний улмаас хятадын хөдөө аж ахуйн хамтралуудад газар эзэмших сертификат мэтийн зүйл монголын мал аж ахуйн хамтралуудад огт байдаггүй байна.

Мэдээж өр болон бүх шатны засгийн газар нь хамтралын газрыг өөрийн хэрэгцээ шаардлагад тааруулан хамтралын хүсэл зоригийг үл харгалзан шууд авах эрхтэй болохоор хөдөө аж ахуйн хамтралууд ч бас зөвхөн цаасан дээр л онолын хувьд газар өмчлөгчид юм. Тиймээс хөдөө, орон нутгийн газрыг маш бага үнээр авч дэд бүтэц, бусад салбарт бизнес эрхлэгчдэд өндөр үнэ хүргэн их хэмжээний ашиг олдог нь засгийн газрын түшмэдүүдийн ердийн ажил болоод буй билээ. Хятадын хаа сайгүй ингэж газар нутаг дээрэмддэг, булаадаг бусармаг явдлууд нь газаргүй тариачдад маш хүнд цохиолт болж байна. Монгол малчдын газар ашиглах эрх нь хуулиар бусдыг бодвол сул хамгаалагдсан болохоор ийм тонуул дээрэмд илүү ихээр өртөх болжээ. Бээжин, Шанхайгаас 10 дахин том бэлчээрийг хятадын засгийн газар хууль бусаар авах юмуу түрээслээд хариуд нь газар эзэмшигч малчинд ганц зоосны төлбөр төлөхгүй байх тохиолдол энүүхэнд болсон байна.

Үндэсний үзэл ба хууль ёсны байх асуудалд

Хамтралын түүхийг эргэн сөхвөл Өвөр монголд орон нутгийн хамтрал байгуулах үед монголчууд хятадын төрд өөрсдийн эзэмших хувиасаа дэндүү илүүг өгсөн байдаг. Националист засгийн газартай тэмцсэн иргэний дайны үед коммунист армийг дэмжснийхээ төлөө газаргүй тариачид газар өмчлөгч болох нийгмийн гэрээ нь эхэн үеийн коммунистуудын хууль ёсны байдал, тэдний ард түмний дэмжлэг авах нөхцөл нь болж байв. Коммунист засаг санал тавьж тариачид түүнийг нь хүлээн авдаг байлаа. Өвөр монголын хувьд, санал болгогч нь Хятадын коммунист засаг байсан боловч тэрхүү саналыг хүлээн авагч нь монголын малчид, тариачид биш үндэсний эрх чөлөөг амлан ард түмний дэмжлэг авсан монголын коммунистууд болон националистууд байлаа. Хятадын төв удирдлага соёлын хувьсгал эхэлмэгц Улаанхүү болон түүний дэмжигчдийг шахан зайлуулсанаар энэхүү нийгмийн гэрээ нь хүчингүй болон хувирчээ.

Соёлын хувьсгалын цэвэрлэгээний дүнд монголын боловсон хүчнийг “тийм” гэхээс өөр үг хэлж мэдэхгүй хэмжээнийх болтол нь цөөрүүлсэн байдаг. Улс төрийг оролддог хүн нь ганц засгийн газрын түшмэдүүд л байх Хятад мэтийн улсад монгол удирдагч нар орон нутаг, засаг захиргааныхаа эрх ашгийн төлөө тэмцэх ёс суртахуунаа умартан газар дээрэмдэх хууль бус үйлдэлд оролцох болж монгол малчин ардаа бүүр хуулийн хамгаалалтын гадуур гаргах болсон байна. Уугуул үндэстний Бюрократ систем ингэтлээ ажиллагаагүй болсон нь хэрэг дээрээ автономт тогтолцоо дампуурахад хүргэж байна.

Илүү өргөн утгаар авч үзвэл, хятадын коммунист засгийн газрын хууль ёсны байдал нь хятадын тариачдад газар өмчлүүлэх явдал дээр тогтож байдаг бол үүнийг монгол малчдын хувьд тэгж хэлэх аргагүй. Учир нь монгол язгууртан, засаглах анги хэзээ ч ард түмнээ газраа хамтран эзэмших эрхээс салгаж ойлгож байгаагүй юм. ар эзэмших эрхээс нь хасаж байсангүй. Хятад коммунистуудын Өвөр монгол дахь хууль ёсны байдал нь голчлон улс төрийн болон идеологийн шинж чанартай байлаа.

Хятад улс эдийн засгийн реформ эхлүүлсэн 1978 оноос хойш зах зээлийн эдийн засаг руу аажим шилжиж, хүчтэй төр улс байгуулах үзэл сурталт аргаас эдийн засгийн хөшүүргийг ашиглах болсон цаг үед хувьдаа газар эзэмших эрх төдийгүй хувийн хөрөнгө эзэмших эрхийг ихээр оролцуулан хөндөх болсон. Эдийн засгийн бүтээмжийг дээдлэх онол нь ижил түвшний бус ард түмэнд хүндээр нөлөөлж нийт олны сайн сайханы төлөө жижиг бүлэг, үндэстэн ястан золиос болж байна.

Хятадын коммунистууд тухайн цаг үеэс хамааруулан өөр өөр арга барилыг хэрэглэж байсан. Тухайлбал, Сино-Японы дайны үед нэгдмэл үндэстэн хэмээн ангийн ялгаварлалыг дарж байлаа. 1960-аад оны үед ЗХУ-аас идеологийн хувьд салан тусгаарлахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь хятад национализм гэж хэлж болно.Мөн монгол коммунистууд болох Улаанхүү болон түүний дэмжигчид националист логик ба ангийн тэмцлийн анализийг аль алийг нь хэрэглэдэг байлаа. Тийм болохоор тэднийг монголын үндэсний үзэлт коммунистууд гэх юмуу коммунист үндэсний үзэлтнүүд гэх юмуу тухайн цаг үед аль тохирохоор нь дуудаж болох юм. ӨМӨЗО байгуулагдах эхэн үед тэд хятад төрийг төргүй, ангигүй улс оронд бүгдээр нэгдэх монголчуудын мөрөөдлийн зүг чиглэж яваа завсрын алхам гэж бодож байсан байна. Харин одоо эдийн засагт төвтэй үндэстэнд ямар нийтлэг ирээдүй байж болох вэ? Хэрвээ пост-коммунист хятадын төр идеологийн үлдээсэн хоосон орон зайг дүүргэхээр хятад соёл, зан заншилд онцгой анхаарал хандуулаагүйсэн бол эдийн засгийн интеграци, глобальчлал зах хязгааргүй газар болж хувирах ч байсан юм байж магадгүй. Сүүлийн үеийн хандлага хятад биш, жижиг үндэстнүүдэд нэгэн асуултыг хөндөн гаргаж ирж байна. Энэ нь хэрэв глобальчлал гарцаагүй юм бол, энэхүү глобальчлалын үйл явцад оролцохоосоо өмнө Хятадад яагаад уусах ёстой гэсэн асуулт юм.

Идеологит цаг үед, “хятадын марксизм”-д суурилсан түүхэн хувьсгалч үзэл нь хятадын коммунистуудыг өөрсдийгөө монголчуудад өмнөх дарангуйлагч хятад төрүүдийг бодвол арай ондоо эсвэл арай дээр ханддаг гэх маягаар харуулах бололцоо олгосон. Ангийн тэмцлийн үүднээс авч үзвэл Хятадын Коммунист Нам монголчуудын хувьд явуулж байсан дарайнгуйлагч манж-хятадын бодлого, хятад цэргийн бодлого зэрэг нь нийт хятадын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл бус дээд удирдлагад байсан цөөн хүн, ноёлогч ангийн бодлого хэмээх юм.

Гэвч ийм хувьсгалч үзэл даанч эдийн засгийн реформ, олон улсын интегралчлал гэх мэт орчин цагийн үзэгдлүүдийн дүнд үгүйсгэгдэж, бүр эсрэгээр эргэсэн юм. Хонг Конг, Тайван, хилийн чанад дахь хятадуудын хөрөнгө оруулалтыг татах гэж ангийн бодлогыг няцаан хамтын, нийтлэг соёл, түүхэн холбоог хятадууд чухалчилсаар ирсэн. Хятад биш ард түмэнд националист чиг хандлагатай “Нэг улс Хоёр систем” хэмээх уриаг илгээдэг ч хариуд нь тэд Хонг Конг, Тайваны эдэлж буй автономит эрхийн хэмжээнд яагаад бусад бага үндэстэнгүүд байж болдоггүй юм бэ хэмээн асуудаг.

Улс орныг бүхэлд нь нэг болгон зангидах гэсэн дотоод механизм, өөрөөр хэлбэл зах зээлт эдийн засаг нь өмнө нь байсан нэгдсэн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоог нурааснаар бүс нутгийн, хот, хөдөөгийн ялгаа асар их болж, бага үндэстэнгүүд энэ улсын нэг хэсэг ер нь мөн үү гэж эргэлзэхэд хүргэлээ. Энэ байдал нь ялангуяа хууль эрх зүйн хамгаалалт муутай монголчуудыг хятад бизнесийн бүлэглэл, болон олон улсын хөрөнгө оруулалт нэртэй дарамтлалд өртөхөд илүү ихээр нөлөөлөв.

Мао Зедунг капитализм, АНУ-ын империализм, ЗХУ-ын социалист империализм гэх мэт дайсагнасан олон улсын орчныг тод томруун дүрсэлж түүгээрээ дамжуулан “улс төрд төвтэй үндэстэн” хэмээх үзэл суртлаа чангаруулсан. Одоогийн олон улсын эдийн засгийн интеграцчилал, өвөр хоорондын хамаарал зэрэг нь урдын адил өнөөгийн “эдийн засагт төвтэй үндэстэн”-ийг бэхжүүлэх хэрэгтэй хүчтэй хэрэгсэл болж чадахгүй юм. Харин ч улс хоорондын эдийн засгийн үйл ажиллагаа, худалдаа наймаа нь улсын хил, тусгаар тогтнолыг бүдэгрүүлж байгаа нэг хүчин зүйл мөн.

“Улс төрд төвтэй үндэстэн“ улсаас “эдийн засаг төвтэй үндэстэн” улс руу шилжих идеологийн шилжилт нь Хятадын төртэй харьцах монголчуудын харилцааг нэг мөсөн өөрчилж, нэг ёсондоо Хятадын төрийн хууль ёсны асуудлыг хямралд оруулж байна. Монголын улс төрийн элитүүдийн аймхай хульчгар байдал, монголчуудын эд хөрөнгийн эрхийн хуулийн хамгаалалт сул зэрэг нөхцөл байдлуудын улмаас хятад байгаль хамгаалагч нар монгол бэлчээрийг хамгаалах нэртэй лобби бүлгээр тодорлоо. Эдгээр нөхдүүд соёлын хувьсгалын үед өвөр монгол руу боловсорсон залуучууд хэмээн илгээгдэж очоод Шилийн голын нутагт малчидтай хамтран ажиллаж эхэлжээ.

Олон үндэстний улс гэсэн нэрээ авч гарах зохих идеологийн суурь муутайн дээр монголчуудад нүүрлэж буй асуудлуудаас болоод монгол үндэсний үзэл гэсэн сэтгэлгээ сүүлийн үед ихээр нэмэгдлээ. Харамсалтай нь төр улс байгуулах, газар нутагт тулгуурласан автономит эрхт улс болох гэх мэт хэтийн зорилго үгүй учраас эдгээр үндэсний үзэл нь эерэг гэхээсээ илүү сөрөг тал нь давамгайлж байна. Хятадын гэсэн харьяаллаа үгүйсгэх, хятад төрийн бодлогыг нүдний цаагуур ойшоож хэрэгсэхгүй байх гэх мэт. Тухайлбал, хятадын эсрэг ямар нэгэн өөр орны баг тоглож байлаа гэхэд тэднийг хөгжөөн дэмжих, хятад л биш бол хятад хүнээс илүүтэй хүндэтгэлтэй харьцах гэх мэтээр илэрдэг. Ийм маягийн зан үйл бусад хятад биш үндэстэн ястанд ч байгаа харагддаг. Тиймээс олон янзын хятад биш үндэстэнгүүд хоорондоо амархан холбоо тогтоож чаддаг.

Монголчуудын үндэсний үзлийн сөрөг тал нь аливаа авторитари засгийн хүчийг сулруулах тухайлбал, эдийн засгийн либериализм болон улс төрийн нь либериализм зэрэг бүх хүчинд ая тал засах маягтай байдаг явдал юм. Монголын үндэсний үзэлд тулгарч буй бас нэг ацан шалаа гэвэл Хятадын төр эмзэгхэн байгаа хязгаарлагдмал автономит системийг хадгалж дийлэхээ байвал монголчуудын нийтлэг эрх ашиг, бие даасан шинж нь харин ч хурдан алга болох аюултай юм.

Орчуулсан :

Эдийн засгийн ухааны доктор Мэндсайханы Энхсайхан


URL:

Сэтгэгдэл бичих