Хятадуудад алагдсан “Оюу Толгой”-н ажилчны хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюутолгой” төслийн гэрээт “CIS” ХХК-ны ажилчин, Монгол улсын иргэн З 2011 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө боомилуулж нас барсан хэрэг гарсан билээ.
Гэрчүүд буюу тэнд ажилладаг Монголчуудын хэлж буйгаар “Оюу Толгой” компанид ажилладаг хоригдол хятадууд түүнийг зодож амь насыг нь хохироосон хэмээн анхнаасаа мэдүүлж байсан юм.
Энэ дагуу ч түүний амиа алдсан шалтгааныг холбогдох байгууллагууд нь шалгаж байсан бөгөөд уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Улсын Ерөнхий Прокурорын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд:
“…мөрдөн байцаалтын явцад түүнийг зодож амь насыг нь хохироосон асуудал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг санаатай алах” болон “Амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ” хэмээн өгүүлсэн байна.
Ийнхүү “Оюу Толгой” компанид боомилуулж нас барсан хүн амиа хорлосон болж таарч буй бололтой.
Г.Батсүх
URL: