Шарын голын уурхайг дампууруулах сонирхол хэнд байна вэ?
Хувийн эзэмшлийн Шарын голын нүүрсний уурхай дампуурлын ирмэгт ирснээ зарласан нь энэ долоо хоногийн онцлох шуугианы нэг болж байна.
Хувийн компани дампуурах болсон шалтгаан төртэй холбоотой учраас шуугиан дэгдсэн хэрэг л дээ. Бүр тодруулж хэлбэл төрийг төлөөлж ажилладаг Эрчим хүчний зохицуулах хороо хувийн эзэмшлийн нүүрсний үнийг тогтоосон нь уурхайг дампууралд хүргээд байгаа юм. Хууль сөхье. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл нь “компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох” эрхтэй гэсэн заалт бий. Тэгэхээр “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нүүрснийхээ үнийг тогтоох эрхтэй гэсэн үг.
Одоо “Хувийн эзэмшилтэй компанийн бүтээгдэхүүний үнийг тогтоох эрх Эрчим хүчний зохицуулах хороонд бий юу” гэсэн асуултад хариу хайж хууль сөхье. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-т “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах бүрэн эрхтэй” гээд заачхаж.
Бүр энгийнээр тайлбарлавал Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тогтоохгүй, зөвхөн л өртөг хянах мэдэлтэй байгууллага болж таарч байна. Гэвч ЭХЗХ Шарын голын нүүрсний үнийг хатуу тогтоож, барьж явааг тус уурхайн төлөөлөл энэ долоо хоногт нийтэд мэдээлчихсэн. Нүүрс олборлодог өртгөөс нь хямд үнэ тогтоогоод өгчихөөр ямар ч компани дампуурлын ирмэгт очих нь хэн ч ухаад ойлгочихоор үнэн.
Эрчим хүчний зохицуулах хороо хэвлэлүүдэд өгч буй мэдээлэлдээ “Төрийн өмчит бусад компани нүүрсээ хямд нийлүүлдэг” гэсэн агуулгатай өгүүлбэрийг онцолсон байна лээ. Гэхдээ үүний цаана бас нэг шалтгаан бий. Нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлдэг компаниудад төр татаас өгдөг. Эрчим хүчний зохицуулах хороо үүнийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч олон нийтэд ингэж мэдээлэхгүй суугаа нь хачирхалтай хэрэг шүү. Алдагдлыг нь төрөөс татаас хэлбэрээр өгдөггүй бол Шивээ-Овоо, Багануур гэх мэт төрийн өмчийн компаниуд “Шарын гол” шиг хэцүү байдалд орох байсан нь хэтэрхий тодорхой асуудал.
Дараагийн хөндөх ёстой өнцөг бол “Шарын гол” хэнд нүүрсээ нийлүүлдэг вэ гэсэн асуулт. Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан станцад нийлүүлдэг гэсэн өнцөг дээр онилж байна. Шарын голын уурхай цахилгаан станцаас гадна төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэрт нүүрсээ нийлүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд 100 хувь төрийн мэдлийнх, олж буй ашиг нь ч өндөр тоогоор яригдаж байгаа.
Өнгөрсөн онд Орхон аймагт буюу орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл бий. Эндээс харахад төр засгийн зүгээс хувийн хэвшлийн Шарын голын уурхайн нүүрсэнд зориудаар хатуу хямд үнэ тогтоож, өөрсдийнхөө өмчийн “Эрдэнэт” үйлдвэрт хямд нүүрс өгүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл дампуурлынхаа ирмэгт ирсэн хувийн өмчийн “Шарын гол”-ын уурхай өчнөөн тэрбумын ашигтай ажиллаж яваа төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэрт бүтээгдэхүүнээ хямд үнээр өгдөг гээд хэлчхэж болно. Зүй нь төр “Цахилгаан станцуудад хямд өртгөөр нүүрсээ нийлүүл, харин Эрдэнэт үйлдвэрт арай өөр тарифаар нийлүүлж болно” гэсэн чиг өгөхөд л эрүүл, зөв харагдана.
Сүүлд хөндөх нэг том өнцөг бол Шарын голын уурхайг дампууруулах сонирхол хэн нэгэнд, бүр тодруулж хэлбэл төр, засгийн эрхэнд буй зарим эрхэмд байгаа юм биш биз гэсэн асуулт. Эрчим хүчний яамнаас Шарын голын уурхай ажиллахгүй болбол яг энэ уурхай шиг илчлэгтэй нүүрс гарах нь уу гэсэн тандалтыг нэгэн уурхайд хийсэн гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Тэр нь Хятадын хөрөнгө оруулалттай гэж яригддаг Зэлтэрийн уурхай гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Салбарын яам Зэлтэрийн уурхай дээр ийм судалгаа, тандалт хийсэн нь үнэн бол сая тавьсан асуултыг онцолж тавихаас аргагүй. Нэмж онцлоход Багануур, Шивээ-Овоо, Адуунчулууны уурхайн нүүрс Шарын голын уурхайн нүүрсний илчлэгт хүрдэггүй гэж салбарынхан ярьдаг юм билээ.
Г.Баттөр
IKON.MN
URL: