Дотоод интернэтийн хурд нэмэгдлээ

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Учир нь интернэтийн зангилаа төвийг шинэчлэн байгуулж, өндөр хурдтай өргөн зурвасын холболтыг саадгүй нэвтрүүлэхээр 2010 оноос Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар “Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр МИХХ-д холбогдсон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанид ноогдох хурд 10-100 дахин нэмэгдэн өндөр хурдаар дотоодын сайтуудад холбогдох боломжтой аж. МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ “Энэхүү төв байгуулагдсанаар хоёр хөршөөс ирж буй интернэтийн гадаад урсгал тасарсан үед ч дотоодын интернэтийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой. Монголын интернэтийн харилцан холболтын төвтэй (МИХХ) бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид төдийгүй контент үйлдвэрлэгчид, тоон телевизиин үйлчилгээ эрхлэгчдийг холбох юм” гэв. Тус харилцан холболтын төвийг “Үндэсний дата” төв хариуцан ажиллуулах бөгөөд мэргэжлийн боловсон хүчин, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Одоогоор интернэтийн үйлчилгээ эрхэлдэг 30 орчим байгууллага хамтран ажиллаж байгаа аж.

Д.ДАВААСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих