Ж.Эрдэнэбатын “халаасны хүн” гэгддэг “засаг ноёны” хэрэг шударгаар шийдэгдэх үү

b96b910646beac97f0b1dfa347adfbceСэлэнгэ аймаг тариа ногооны орон бөгөөд монголчуудын хүнсний хэрэглээний голыг нугалдаг буянтай нутаг. Гэвч энэ сайхан нутаг сүүлийн жилүүдэд алт ухагч нинжагийн “хар арми” болон эмийн ургамал сэлтийг хууль бусаар түүж хөлжигч, тонуулчдын хөлд дарагдаад баларч байна. Дээрээс нь аймаг, сумдынх нь удирдлагуудаас тэдгээр тонуулчингуудтай уралдан олз хайдаг болоод удаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны шөнө Авлигатай тэмцэх газрынханд гардуулж, 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж эхэлсэн тус аймгийн Засаг дарга Ш.Оргил тэдний нэг өрөөсөн дугуй ажээ. Түүнийг баривчлан саатуулсан учир шалтгааны талаар урьд нь манай сайт мэдээлж байсан юм. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Ш.Оргил нь МАН-ын залуучуудын “том хүч”  гэгддэг НАМЗХ-ны тэргүүнээр аймагтаа олон жил ажилласан бөгөөд энэ талаасаа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын “халаасны хүн” юм. Тиймээс ч Ж.Эрдэнэбат гишүүн нутаг усныхаа энэ залууг зүйл бүрээр дэмжин тордож явсаар 2016 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд болмогцоо аймгийнхаа Засаг даргаар томилсон байлаа.  Ухаандаа Ж.Эрдэнэбат нь намынхаа шинэ залуу үеийнхнийг НАМЗХ-ноос бэлтгэж төрд ажиллуулдаг хуучин уламжлалыг хадгалан тийнхүү засаг ноён болгож амжсан юмсанж.  Ш.Оргилын хувьд тухайн үед ёстой тэнгэрийн умдаг атгахтай адил санагдсан нь лавтай. Гэхдээ НАМЗХ-г голцуу улс төрийн карьер хөөж мөнгөжих шуналдаа дөрлүүлсэн залуусын гэмт бүлэглэл маягийн юм болж хувирсан хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Үнэндээ тийм л байгаа юм. Эрүүгийн хэргийн түүхийг сөхвөл өнөөх Д.Бадраа агсан болон түүний амийг хөнөөсөн Ц.Түмэнгэрэл, Хадгаламж банкны 14.2 тэрбумын хэргийн эзэн Ц.Чимэдцэрэн гэх мэт олон хүний тухай өгүүлж болно. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, хүчингийн хэргээр ял сонссон УИХ-ын гишүүн асан Гантулга, Зам тээвэрийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргийн гол холбогдогч Б.Махбал, талийгаач Г.Батхүү агсны үхэлд хардагдаж сэрдэгдээд яваа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар гээд цөмөөрөө л НАМЗХ-ноос угшилтай.  Өдгөө Ш.Оргил нь лиценз болон эмийн ургамлын хууль бус наймаа гэх мэт хэд хэдэн хэрэгт орооцолдоод сууж байна.

Засаг ноён Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Хятадын “Хэ Жүн Агро” компанид 300 га газар олгосон гэх дуулианы нэг гол эзэн гэгдэж буй. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн хавраас энэ талаар нийтэд дэлгэж эхэлсэн билээ.  Хятадын “Хэ Жүн Агро” компани нь монголчуудын нэр дээр анх авагдсан уг газрын тавин хувийг худалдаж авсан гэдэг боловч нарийн судлаад үзвэл анхан шатны баримтанд гарын үсэг зурсан, зураагүй, зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй гэх маргаан үргэлжилсээр байгаа ажээ. Зүйрлэвэл, Салхитын алт, мөнгөний ордыг эзэмших гэсэн хятадууд хоёр тал болж хоорондоо булаацалдан манай хууль хяналтныхныг багцаар нь хахуульдсантай нэлээд төсөөтэй хэрэг явдал Шаамарт өрнөж байсан юм шиг байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт бас бөөн хэрэг мандаад байгаа нь Ш.Оргилтой шууд болоод шууд бусаар холбоотой байж болзошгүй гэсэн хүн ч бий. Тус сумын Засан дарга, “бяцхан” хэмээх М.Ганбаатар нь АТГ-т шалгагдаад нэлээд хэдэн сар болж байна. Тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж 90 гаруй аж ахуйн нэгжид алт олборлох зөвшөөрлийг хуйвалдаанаар олгуулж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байхад Ш.Оргил нь түүний дээрээс зүгээр л хараад сууж байсан гэж үү.

Мөн Сэлэнгэ аймгийн нутагт Монголын ховор ургамлын жагсаалтад багтдаг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан хэрэгт Ш.Оргилыг буруутгаж буй. Тус аймгийн хууль хяналтын ажилтнууд хэд хэдэн сумын нутгаас тэрхүү ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн  хүмүүсийг саатуулж, уг ургамлын түүхий эдийг багаж хэрэгсэлтэй нь хамт хурааж авсан байв. Харин түүнийг нь улсын орлого болгоод дуудлага худалдаагаар борлуулахдаа Ш.Оргил нь зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж, өөрийн танил талын аж ахуйн нэгжид зарж, давуу байдал олгосон гэдэг. Түүний эдгээр асуудлыг хуулийнхан шударгаар шалгаад эцэслэн шийдэж чадах эсэхийг харж л суухаас.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих