Банкинд хүн буудаж хөнөөсөн А.Бат-Ялалт Англид амьдарч байгаад иржээ

-ТЭРБЭЭР ӨНГӨРСӨН ЖИЛ МӨНГӨНИЙ АСУУДАЛД ОРООЦОЛДСОН БОЛОЛТОЙ-

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбарт “Сэтгүүлч байна” гэж орсон этгээд бусдыг буудаж амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан билээ. Цагдаа нар гэмт этгээдийг хэргийн газраас холдоогүй байхад баривчилсан юм. “Мөнгө дээрэмдэх гэж очсоноос хүн ална гэж бодоогүй” хэмээн мэдүүлсэн сэжигтэн хэн байв. Тэрбээр мөнгөний дээрэм хийх талаараа эртнээс төлөвлөж байсан гэдэг. Шунахайн сэдэлтээр бусдын амийг хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж байгаа А.Бат-Ялалт гэгч хэн болох талаар сурвалжиллаа.

А.БАТ-ЯЛАЛТ ГАНЦ БИЕ БӨГӨӨД АХЫНДАА, АМЬДАРДАГ БАЙЖЭЭ

А.Бат-Ялалт 1986 оны тавдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт төржээ. Аав Алтансүх нь 46 настай. А.Бат-Ялалт дунд сургуульд байхдаа идэвхтэй, сурлага сайтай нэгэн байжээ. Сэтгэлгээ сайтай, сэргэлэн нь дэндсэн гэж багш нар нь түүнийг үнэлдэг байж. Багаасаа техникт сонирхолтой, программ хангамжийн мэргэжилтэй болно гэж ярьдаг байснаас нь үүдэж гэрийнхэн нь түүнийг ШУТИС-ийн лицейд есдүгээр ангиас нь оруулжээ. А.Бат-Ялалт 2001 онд лицейд элсч ороод 2003 онд төгссөн байна. Үүнийхээ дараа ХААИС-ийн Инженерийн сургуульд элссэн ч төгсөөгүй бололтой юм. Харин Англид амьдарч байгаад өнгөрсөн жил ирсэн байна. Англи явахаасаа өмнө нэгэн хувийн компанид нийгмийн ажилтан хийж байсан гэх мэдээлэл ч байна.

Тэрбээр сургуулийнхаа найзуудад “Англид магистрт сурч байгаа” гэж ярьдаг байжээ. Харин ойр дотныхон нь сурдаггүй, Англид ажиллаж байгаад ирсэн гэх юм билээ. Найзууд нь түүнийг Ялалт гэж дууддаг. Алитернатив хөгжим сонирхдог, авангард зураг цуглуулах дуртай. Хөгжилтэй ч зарим үед хэтэрхий дотогшоо болчихдог. Сэтгэх талдаа илүү сайн гэж тодорхойлж байсан юм.

А.Бат-Ялалтын ах А.Гансүх агрономич мэргэжилтэй. Тэрбээр Японд ажиллаж амьдарч байгаад ирсэн байна. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ Сонгинохайрхан дүүргийн XV хорооны нутагт байранд амьдардаг аж. Ойрынх нь хүний яриагаар А.Бат-Ялалтын бэр эгч III хороололд байртай. Сонгинохайрхан дүүрэг дэх гэртээ ирж очин байдаг байж. Харин А.Бат-Ялалт Монголд ирснээсээ хойш ахындаа амьдарч байжээ. Ойрын үед ахынхаа хоёр охиныг сургуульд нь зөөх төдийхөн ажил хийдэг байсан гэнэ. Мөн тэрбээр ахынхаа хаяган дээр бүртгэлтэй байдаг юм байна. Байрных нь хүн “А.Бат-Ялалтын ахыг сайн таньдаг. Их соёлтой сайн залуу бий. А.Бат-Ялалтыг сайн танихгүй. Нэг залуу ирж очин байдаг. Удахгүй гадаад явах талаар ярьж байхыг нь сонссон” гэж ярьсан юм.

ТҮҮНД ЯМАР АСУУДАЛ БАЙСАН БОЛ?

bat yalaltА.Бат-Ялалт Истанбул хотод

А.Бат-Ялалт өнгөрсөн жил нэг том асуудалд орсон бололтой юм. Энэ талаар дотныхоо найзтай ярилцсан байна. Тэрбээр найздаа “Истанбул хотод аялж явна. Бээжинд аяллаар очлоо. Сэтгэл санаа сайхан болж байна. Дэлхийн олон хотоор аялах төлөвлөгөөтэй байна” гэж ярьсан байна. Хариуд нь найз нь “Сэтгэл санаа давгүй бол болж дээ. Сэргэг байгаарай миний найз” гэж захиж байсан байх юм.

А.Бат-Ялалтын өөр нэг найз нь түүнийг гадаадад байхдаа мөрийтэй тоглоом сонирхдог болсон. Түүнээсээ үүдэж мөнгөний асуудалд орсон байх гэж байсан юм. Бас өөр нэг хүнд “9.5 сая төгрөг хэрэгтэй байна. Ийм хэмжээний мөнгөтэй болчихвол дахиад гадаад явна” гэж ярьж байсан мэдээлэл ч байна. Ерөнхийдөө түүний гэрийнхэн хангалуун амьдралтай. Амьдралын гачигдлаас үүдэж ер ширэнд ороод байхаар биш гэнэ. Харин мөрийтэй тоглоомноос болж өрөнд орсон эсвэл гадаадад аялах хүслээ биелүүлэхийн тулд их мөнгөний эрэлд гарсан гэх таамаг танилуудынх нь дунд байна.

ТЭРБЭЭР БАНК ДЭЭРЭМДЭХЭЭР ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨЖЭЭ

А.Бат-Ялалт 17 настайгаасаа тамхи татаж эхэлжээ. Харин саяхан тамхиа хаясан байна. Тэрбээр амьдралдаа өөрчлөлт хийх талаар сүүлийн үед их ярих болсон гэнэ. Харин дээрэм хийх сэдэл арваад хоногийн өмнө төрсөн талаараа мэдүүлжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн нэгэн иргэнээс Чех улсад үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай буу худалдаж авсан байна. Буу зарах хүнийг интернэтээр хайж олсон гэнэ. Улмаар танилтайгаа хамтран бууныхаа эд ангийг өөрчилж, дээрэм хийхэд бэлтгэжээ. Дээрэмдэх банкаа сонгоход мөн л интернэт ашигласан байна. Интернэтээр ХААН банкны салбаруудын байрлалыг нэг бүрчлэн судалж “Хотын төвд дээрэм хийвэл баригдах эрсдэл өндөртэй” гэж тооцсон байна. Ингээд захын дүүрэг, хүн цөөтэйг нь харгалзаж Налайх дүүргийн ХААН банкийг сонгожээ. Дээрэм хийхээр явах өглөө ах нь эзгүй байсан гэнэ. А.Бат-Ялалт хаяхаар шийдсэн тамхиа татаж, байрныхаа гадаа холхиж байгаад явсан байна. Гэрээсээ шууд “Нарантуул” зах гарч такси бариад Налайх руу хөдөлжээ. Тэрбээр “Хүн буудах талаар ерөөсөө төлөвлөөгүй. Мөнгийг нь аваад зугтана гэж бодож байсан. Гэтэл гаднаас гэнэт хүн ороод ирэхээр нь сандарсандаа буудсан гэж мэдүүлсэн байна. Хүн буудаж, мөнгө дээрэмдэх санаа нь бүтэлгүйтсэний дараа А.Бат-Ялалт таксины жолоочид буу тулгаж, төмөр замын нүхэн гарцны ойролцоо буугаа нуусан байна. Ингэж яваад цагдаагийнханд баригдсан нь тэр.

А.Бат-Ялалтад холбодох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц, хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа. Түүнийг шунайхан сэдэлтээр, уулгалан довтлох замаар, дээрэмдэх зорилгоор, урьдаас тохиролцон хүнийг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2, 91.2.7, 91.2.11, 91.2.16-д заасан зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих