1.4 тэрбум хүн амтай Хятад улс яагаад “Хү” шиг алдартай хамтлаггүй вэ?

Mongolian band The Hu. E. AltankhuyagВАШИНГТОН. /Foreign Policy/. Чингис хаанаас хойш морин дэл дээрээс дэлхийг байлдан дагуулсан хүн Монголд төрөөгүй ч бөмбөрийн нүргээнээр байлдан дагуулагчид гарч ирлээ. “Хү” хэмээн нэрлэгддэг тэд өнгөрсөн онд Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон хөөмийг Өрнөдийн рок, металл урсгалтай хослуулан яс чичиргэм хард-рокийг мэдрүүлж, дэлхий даяар шүтэн бишрэгчтэй болж, улс орноо төлөөлсөн соёлын элч нар болов.

“Wolf Totem”, “Yuve Yuve Yu” нэртэй хоёр клипээ жил гаруйн өмнө цацсанаар олны анхаарлыг татаж эхэлсэн “Хү” хамтлагийн хөгжмийн зэмсгүүд, нүд алдам талын зураглал “YouTube” цахим хуудсанд маш өндөр хандалт авжээ. Одоогийн байдлаар, уг хоёр клипийг 61 сая гаруй удаа үзсэн нь Монгол Улсын нийт хүн амаас 20 дахин их үзүүлэлт юм.

Өрнөдийн металл урсгалыг өөрсдийн орны хэв маягтай хослуулсан нь “Хү” хамтлагийн амжилтад ихээхэн нөлөөлсөн хэмээн уг хамтлагийн шүтэн бишрэгчид үзэж байна. Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн урлагтай холбохоор хичээж буй олон рок хамтлаг байдаг. Монголын нийслэл Улаанбаатар хотод байгуулагдсан “Алтан Ураг” хамтлаг уламжлалт хөгжмийн зэмсгүүдээрээ 15 жилийн өмнөөс тоглож эхэлжээ. Тэд 2006 онд гаргасан “Made In Altan Urag” цомогтоо хүнд металл, хөөмийг хослуулсан байна. Мөн “Хөсөгтөн”, “Алтайн Оргил”, “Жонон”, “Моханик” зэрэг хамтлаг ардын урлагийг орчин үеийнхтэй хослуулахад хувь нэмрээ оруулжээ.

Монголын 3 сая хүн амтай харьцуулахад 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын үндэсний урлагт орчин үетэй хослуулах өвөрмөц зүйл байхгүй байна. Монгол Улс болон хөрш Хятад улсын хооронд асар их ялгаа бий боловч Хятадад уламжлалт урлагаа орчин үеийн хэв маягтай хослуулан олон улсад танигдсан нэг ч уран бүтээлч байхгүй байна. Үүний зэрэгцээ Хятад улс бусад улс орны хөгжмийн жанрын уран бүтээлүүдэд талхиулжээ. Үүнтэй холбоотойгоор “Яагаад Монголчуудын дуу хөгжим байлдан дагуулж, Хятадын урлаг сул байна вэ?” гэх асуулт урган гарч ирж байна.

Энэхүү асуултын хариултууд бага зэрэг түүхэн шинж чанартай. XX-р зууны үед Монгол Улс Зөвлөлтийн дагуул улс байсан. Зөвлөлтийн урлагт чиглэсэн бодлого нь үндэсний ухамсрыг илэрхийлсэн ардын урлагийг хөгжүүлж, гадаадын хөгжмийн урсгалаас болгоомжлох зорилготой байжээ. Олон соёлын эсрэг үзлийг бий болгохын тулд ардын дуунуудыг цуглуулж, бичүүлж, туурвидаг байсан байна. Хэдийгээр 1930-аад онд хэлмэгдүүлэлт болсон боловч Монголын нүүдэлчин хийгээд тархан суурьшдаг соёл зөөлөн хэлбэрийн коммунист дэглэмийн дор мөхөлгүй үлдэж чаджээ. Харин залуу үеийнхэн цэнхэр жинс өмсөж, рок урсгалыг сонсохыг хүсжээ. Үүнийг 1970-аад онд Улаанбаатарын өсвөр насны хүүхдүүд Өрнөдийн хөгжмийн хуурцгуудыг нууцаар хадгалж байсан нь батлах бөгөөд тухайн үед Монголын Соёлын яам ардын урлагийг “rock ’n’ roll” урсгалтай хоршуулах кампанит ажлыг өрнүүлсэн боловч рокийн уг төрөл хүчээ аваагүй байна.

1980-аад онд Монголын залуучууд ардчиллын төлөө тэмцэхэд рок урсгал ч мөн хувь нэмрээ оруулсан байна. 2000-аад оны эхэн үеэс клубүүдэд залуу үеийнхэн сонсдог хөгжмийн урсгалаараа өрсөлдөж эхэлжээ. Тухайн үеэс консерваторид боловсрол эзэмшсэн ардын хөгжимчид “Алтан Ураг” тэргүүтэй хамтлагийг байгуулж эхэлжээ. Тэд морин хуурыг амжилттайгаар электрон болгож, шинэ хэв маягаар уран бүтээл туурвиж эхэлсэн байна. Үүнээс хэдэн жилийн дараа “Моханик” хамтлаг байгуулагджээ. “Монгол Улсад ардын хөгжим “хүчирхэг” хэвээр байгаа бөгөөд бизнесээ эхлүүлэх, хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх зэргийг морин хуураар эхлүүлдэг” гэж 2015 онд хэрэгжүүлсэн “Live From UB” төслийн ахлах Лорен Кнапп ярьжээ.

Харин Хятадын залуучуудын дийлэнх нь ардын урлагаа таньж мэддэггүй байна. Мэдээж Хятадад уламжлалт хөгжмийг хүн ам цөөн, соёлын мэдрэмж өндөр Монголынхтой харьцуулахад тийм ч түгээмэл сонсох боломжгүй. Күнз өөрийн амьдарч байсан Жоу улсын үеэс өмнөх урлагийг /ёслолын хөгжмөөс бусад/ нэг их ойшоодоггүй байсан бөгөөд үнэндээ тухайн үед ямар урлаг хөгжиж байсныг хэн ч мэддэггүй, дахин туурвих бүтэмжтэй оролдлогыг хийгээгүй байна. Мөн Хятад шиг өргөн уудам улсын хувьд бүс нутгийн ялгаатай байдал асар их байдаг ажээ. Сужоу хотын ардын хөгжим олон зуун километр зайтай Шаанси бүс нутаг төдийгүй 20 гаруй километрийн зайд оршдог Уси бүсээс тэс өөр байдаг байна. Мөн Өрнөдийн дууриас сүүлд үүссэн Хятадын дуурь хүртэл маш олон төрөлтэй байдаг ажээ.

Үүнээс гадна “Соёлын хувьсгал”-ын үед урлагийн бүх төрлийг хувьсгалынх байлгахыг шаардаж, дуурь болон ардын урлагийг илэрхий хориглож байжээ. Энэ шалтгаанаар ардын урлагийн цөөн хэдэн төрөл өөрчлөгдсөн хэлбэрээр үлджээ. Хэдийгээр Ухань хотод металл, Бээжин хотод панк зэрэг олон урсгал хөгжсөн боловч Хятадын хоригийн улмаас үндэсний хэмжээнд гарч чадаагүй байна. 1995 оноос хойш төрсөн Хятадын иргэдийн дунд хит болох урсгал хип-хипоос өөр гараагүй ажээ. 2017 онд “Хятадын рэп” нэртэй цахим шоу гарснаар ижил нэртэй урсгал хөгжжээ. Энэхүү урсгалын хамгийн гол төлөөлөгч нь уг шоуны хөтлөгч, “K-pop”-ын шүтээн, рэпер Ву Ифань ака Крис Ву ажээ. Хятадын хөгжмийг өөрчилсөн уг хувилбар морин дэл дээрх Монголчуудтай тэмцэнэ хэмээн үзвэл хойд нутгийн нүүдэлчид ялан дийлэх нь гарцаагүй юм.

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих