Залуучуудын өвлийн олимпод Э.Энхсайхан шинэ түүх бичлээ

1100-4Швейцарын Лозанн хотноо залуучуудын өвлийн III олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас биатлон, гүйлтийн цанын төрөлд зургаан тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт монголчууд эхний уралдаандаа оролцсон юм.

Тодруулбал, өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг биатлоны эрэгтэй 12.5, эмэгтэй 10 км-­ийн зайн уралдаан болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн уралдаанд 99 тамирчин гараанаас гарахад 98 нь барианд орсон бөгөөд ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар олимпын аварга болжээ. Харин Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарав.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 10 км­-ийн зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орсон ба Монголын биатлонч Ч.Бямбасүрэн нь 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байр эзэлжээ. Монголын биатлончид итали мэргэжилтэн Албертогийн удирдлага дор Италид олимпын бэлтгэлээ базаасан бөгөөд үр дүн богино хугацаанд гарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Э.Энхсайхан Ази тивээс оролцогчдын хувьд хамгийн өндөр амжилт үзүүлэв. Өөрөөр хэлбэл, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн нэг ч орны тамирчин тус төрөлд эхний 11-­д жагсаагүй аж. Биатлоны уралдаан болж буй “Туффэ” хотхон нь Лозаннаас баруун тийш, хил даваад Францын нутагт оршдог бөгөөд тэмцээний үеэр цанын зам хэт зөөлөн цастай байсныг Швейцар дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Манай тамирчин Э.Энхсайхан буудлагын шугам дээр дөрвөн удаа зогсохдоо дөрвөн сум алдсан бол түрүүлсэн орос биатлонч хоёр сум алджээ. Э.Энхсайханы хувьд 2002 онд төрсөн, өдгөө 17 настай бөгөөд биатлоны спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа нэгэн аж.

Тэрбээр Монголын өвлийн спортын түүхэнд хоёр шинэ амжилт тогтоож байгаа юм. Эхнийх нь өөрөө эрхээ аваад олимпд оролцсон. Харин хоёр дахь нь Монголын өвлийн спортын түүхэнд ганцаарчилсан төрлөөр 12 дугаар байр эзэлсэн анхны тохиолдол юм.


URL:

Сэтгэгдэл бичих