МАН-ынхан дахиад нэг гэмт үйлдэл хийлээ

712-157888746384947b19-a61c-4d14-99da-90305fa4f4a4УИХ-ын сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үед халамжийн бодлого хүчтэй болж мөнгө амладаг уралдаан өрнөдөг. Энэ эхлэлийг УИХ саяхан тавиадахлаа. Энэ нь ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хуулийг тун яаравчлан баталснаар харагдав.

Уг нь УИХ онцгой эрх мэдэлтэй газар шүү дээ. Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр үг хэлж заалт чиглэл өгч л байдаг. Үндсэн хуулийн цэц өөрийнх нь шийдвэрийг буруу байна гээд шийдэж л байдаг. Тэр бүхнийг УИХ-ынхан төдийлөн шүүрч аваад ажил хэрэг болгоно гэж байхгүй “тэгж л байдаг юм” гэсэн аястай ханддаг нь олон түмэнд ил байдаг л даа. Гэтэл ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ёстой л үг дуугүй дагаж гэрлийн хурдаар хуулийн төсөл боловсруулан түүнийгээ бушуу нь аргагүй хэлэлцсэн дүр үзүүлээд баталчихлаа. Энэ хууль батлагдсанаар тэтгэврийн зээлтэй ахмадын зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэгж төр халамжийн гараа сунгав. Зээлтэй ахмадууд баярласан байх. Зүгээр байтал нь зургаан  нь сая төгрөг алган дээр нь тавьчихаж байхад баярлахаас яахав тэд.
 Гэтэл цаана зээл авалгүйгээр өөрийгөө болгож байсан 190 гаруй мянган ахмад ялгаварлагдан үлдэв. Энэ бол УИХ-ынхан саяхан шинэчилж батлан гаргасан Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг боллоо гэж судлаачид хэлж байна. Зээлийг нэг удаа тэглэх хууль бий болголоо гэдэг нь зүгээр нэг ахмадуудаа халамжилсан хэрэг биш цэвэр улстөржсөн шийдвэр гэж харах хүн ч олон байгаа юм. УИХ-ын зарим гишүүн ч хэлэлцэх явцдаа иймийг хэлээд л байсан. Гэвч жаахан учир шалтгаан ярьсан бүхэн УИХ-ын дарга Г.Занданшатарт  буруутан болж байх шиг л санагдсан
Яагаад энэ хуулийг улстөржсөн шийдвэр гэж хэлж байна вэ гэвэл УИХ-ынхан өмнө нь үүнийг санаачлахгүй яасан юм. Заавал сонгууль хаяанд ирсэн үед хийдэг нь гээд олон асуулт хөвөрнө. УИХ-д олонхиороо асуудал бүхэнд хүчирхийлж ханддаг МАН-ынхан энд мөн л сүр хүчээ үзүүлэв. Ганц энэ хууль биш шинэ оны өмнөөс л нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг болиуллаа. Хүүхэд бүрт мөнгийг ялгаварлахгүй өгнө, насныхаа эртэд тэтгэвэрт гарч одоогоор бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ гэх зэргээр улс төрийн шинжтэй амлалтыг цувруулаад л байгаа. Ер нь энэ бүхэн юунд чиглэж байна вэ гэвэл эрх барьж байгаа МАН-ынхан олон түмний саналыг худалдаж авах гэсэн санаа гэдэг нь илт байгаа юм. Нөгөө талаар ахмадуудын зээлийг тэглэх хуулийг яаран сандран баталсан нь улс орны өсч ядаж байгаа эдийн засагт сөрөг нөлөөтэйг эдийн засагчид хэлж буй. Уг хууль хэлэлцэх үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд улсын эдийн засаг, санхүүгийн сахилга бат гайгүй сайжирсан. Үүний дүнд эдийн засаг өсөх хандлага ажиглагдаж байгаа юм билээ. Гэтэл халамжийн бодлогыг энэ мэтээр тэлэх бодлого давамгайлаад байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах хор уршигтай төдийгүй нийгэмд олон хүлээлт, ойлгомжгүй байдал үүсгэж байна. Бас ахмадын зээлийг тэглэх тухай хуулийг батлахдаа УИХ-ынханд нэг далд санаа ажиглагдав. Өнөөдөр тэр тухай мэдээлээд маргааш нь хуулийн төсөл өргөн бариад бараг нөгөөдрөөс нь яаруу хэлэлцсэн болж гурав, дөрөвхөн хоногт багтаан баталсан нь ч олон түмэнд хардлага төрүүлсэн юм. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж хэзээ гарсан, түүний нууц урьд нь задарсан эсэх гээд маргаан их байгаа нь хуулийг хэлэлцэх явцад зөндөө яригдсан даа.
ҮАБЗ-ийн шийдвэрийн нууц эрт алдагдсанаас өнгөрсөн оны сүүлийн сард олон хүн өндөр зээл авсан тухай УИХ-ын зарим гишүүн баримт түшин хэлж байсан. Тухайлбал, арванхоёрдугаар сард гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гарчээ гэж. Үүний хариу болгож МАН-ынхан тайлбарлахдаа 100 тэрбум хүрээгүй ээ, 55 тэрбумыг зээлсэн гэж зөөлрүүлэхийг оролдож байлаа.
Гэхдээ үнэн нь гэвэл гайгүй өндөр зээл оны сүүлчээр гарсан нь баримтаар харагджээ. Үүнийг шуудхан хэлэхэд уг нууц эрх баригчдын дундаас задарч тэдний хамаатан садан, ойрын хүмүүс зээл авсан шиг байгаа юм. Ингэснээр УИХ дахь МАН-ынхан үгсэн хуйвалдаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрсдөө зээл авсан хууль бус явдлын нэг үргэлжлэл нь энэ ахмадын зээл тэглэх шийдвэр гэж хэлэхэд болмоор байна. Яагаад гэхээр энэ шийдвэр цаанаа үгсэн хуйвалдсан дүр зурагтай байгаа. Тэгвэл Үндсэн хуульдаа хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтыг бас зөрчсөн юм. Зээлгүй байсан 192 мянган ахмад тэтгэврээ ч нэмүүлээгүй үлдлээ. Зээлтэй иргэдийн зээлийг тэглэх гэсэн санаандаа хүрэхийн тулд уг хуульдаа зээлгүй үлдэж байгаа ахмадуудад үнэт цаас олгоно гэсэн хуурмаг заалт шигтгэсэн байгаа. 192 мянган ахмадыг үнэт цаас гэх эрээн цаасаар хуурах юм гэнэ л дээ. Салхитын мөнгөний ордтой уялдуулсан бонд босгож тэтгвэрийн зээлийг тэглэх хөрөнгийг бүрдүүлэх тухай хэлэх юм. Энэ ч тун ойлгомжгүй. Уг орд газар нь одоогоор эргэлтэд ороогүй. Улс мэдэлдээ авсан гэдэг ч хэн эзэмших, ашиглахыг шийдэх нь тодорхойгүй, шүүхдэлцсэн үедээ яваа. Салхитын орд газрыг 850 тонн мөнгө, 1.1 тонн алттай гэж ярих. Энэ нь ч баталгаатай эсэхийг хэн мэдлээ. Тэнд хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Яагаад гэхээр олон улсын зах зээлээс мөнгө босгоё гэхээр урьд нь ашгийг нь хүртчихсэн байдаг. Тэгэхээр эндхийн ирээдүй туйлын бүрхэг юм. Гэтэл зээлгүй ахмадуудад олгох үнэт цаасыг Салхитын ордыг мөнгөжөөд ирэхээр нь буюу 2021 оны тавдугаар сараас олгоно гэж уг хуулиа “чимэглэжээ”. Ёстой үлгэр ярьсаар “хүүхэд нойрсуулна” гэдэг шиг юм л энэ. Ер нь эрх баригчид хуулиар халхавчлан өөрсдийнхөө эрх ашгийг хангах, улс орны эдийн засгийг сааруулахыг зүйл бүрээр оролдож байна. Тэдний хамгийн сүүлчийн мөрөөдөл нь сонгуульд ялж одоогийн байр сууриа хадгалах гэсэн санаа. Тиймээс тэднийг дахин нэг гэмт үйлдэл хийлээ гээд байна л даа.
Ц.Жаргалсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих