Шадар сайд М.Энхболд өндөр довд 160 хүний суудалтай зоогийн газар, тансаг зэрэглэлийн жуулчны бааз байгуулахаар зураг төслөө хийлгэж байна
МАН-ын хамгийн нөлөө бүхий чинээлэг эрхмүүдийн тоонд Шадар сайд М.Энхболд багтдаг. Хотын даргаар олон жил ажиллаж, Ерөнхий сайдын албыг хашиж явсан энэ эрхмийн гарт “Хотын фракци” тэр чигээрээ бий. Намын Бага хурлыг, Нийслэлийг тэр чигээр нь атгаж байдаг Шадар сайдыг газрын наймааны хэрэгт холбогдуулж, бас Улаанбаатар хотын банк, Улаанбаатар сан, Нийслэлийн томоохон өмч хувьчлалын асуудалд буруутай хэмээн Н.Болормаа хатагтай зарлаж байсан ч нотлож чадсан нь үгүй. Хурдан морь уралдуулж, наадмын дэвжээн дээр байнга нэрээ гаргаж байдаг шадар сайд саяхан аймгийнхаа сум бүрийн уяачдын холбоонд нэгдүгээр үеийн эрлийз үрээ бэлэглэж, морины үүлдэр угсааг сайжруулахад гар татахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл тэрбээр хувийн бизнесээ ч бас өргөтгөхөөр шийдсэн бололтой. Гэхдээ Тэргүүн шадар сайд энэ удаа төрсөн нутаг ус, сонгогдсон тойргоо бараадан бизнес эрхлэхээр шийдсэн бололтой. Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Их ба Бага Гун, Аяган нууруудын завсар оршдог төвөнг Өндөр дов гэдэг. 1952 онд Х.Пэрлээ Өндөр довыг малтаж эндэх эртний хотын тодорхойлолт, дэвсгэр зургийг гаргажээ. Малталт хийх үед Өндөр дов нь эргэн тойрон дагтаршуулсан хэрэмтэй, хэрмийн дээр харуул манааны байр байсан бололтой овгортой, хэрмийн төв дунд том дөрвөлжин барилгын үлдэгдэлтэй байжээ. Энэхүү түүхийн дурсгалт газар дээр Тэргүүн шадар сайд өөрийнхөө жуулчны баазыг байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тэрбээр 160 хүний суудалтай, тансаг зэрэглэлийн зочид буудал, мөн тансаг зэрэглэлийн жуулчны бааз байгуулахаар зураг төсөл хийлгэж байгаа аж. Төв аймагт удахгүй шинэ онгоцны буудал баригдана. Орчин үеийн стандартад тохирсон, иргэ¬дийн ташаалд нийцсэн уг нисэх онгоцны буу¬д¬ал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшиг¬тийн хөндийд сүндэрлэх юм. Онгоцны буудлыг дагасан хурдны зам тавигдана. Гадаад дотоодын аялагчид, жуулчдын хөл хөдөлгөөн үл тасрах энэ газарт Шадар сайд шинэ жуулчны бааз, тансаг зэрэглэлийн зоогийн газар байгуулах гэж байгааг сонссон олон хүн “Алсын хараа”, бизнес ухаан гэж үүнийг л хэлдэг байх даа хэмээн уулга алдацгааж байна.
URL: