Антибиотикийн хэрэглээ буюу алсын хорлол

5635084013140072477_900_x_529

  • Монголын багачууд нэг настайгаасаа магадгүй хэдхэн сартайгаасаа эхлээд л антибио тиктой танилцаж байна
  • Эмч нар, эмийн бизнес эрхлэгчид нийлж ард иргэдээ шулж баяжиж байвал хүмүүс хордох юу ч биш болсон цөвүүн цагт бид амьдарч байгаа нь эмгэнэлтэй 

Монголд нэр төрөл нь олширч, хэрэглээ нь улам өсөж буй нэг зүйл бол эм. Өдгөө манай улсад 59 орны 5916 нэрийн эм бүртгэлтэй байна. Эдгээрийн багагүй хувь нь өндөр үйлчлэлтэй эм байдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс онцлов. Өндөр үйлчлэлтэй гэдэгт хамгийн түрүүнд антибитиокийн төрлийн эм орж байгаа юм. Манай орны хувьд антибиотикийн хэрэглээ 33.1 хувь байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт аж. Мөн импортын эмийн дунд антибиотикийн эзлэх хувь дэлхийн дунджаас 14.7 хувиар дээгүүр байдаг. Ялангуяа, өвлийн улиралд антибиотикийн хэрэглээ эрс өсдөг. Эмийг чихэр шиг идсээр бидний бие организм зарим антибиотикт аль хэдийн дасал болжээ. Монголын багачууд нэг настайгаасаа, магадгүй хэдхэн сартайгаасаа эхлээд л антибиотиктой танилцаж байна. Орчны бохирдол, тоосжилт тэднийг өвлийн улиралд сөхөө авахгүй өвчлүүлж, ханиад, хатгалгаанд дарлуулахад хүргэж буй. Амьсгалын замын өвчлөлд хамгийн түрүүнд өртдөг хүмүүс нь хүүхэд, хөгшид болон хамгийн их антибиотик хэрэглэдэг хүмүүс. Монголчуудын хувьд Ханиадыг анагаах хамгийн шилдэг жор нь антибиотик болоод удлаа. Уг нь Эрүүл мэндийн яам антибиотикийн хэрэглээг хазаарлаж, эмчийн жороор олгодог болгоод байгаа. Нэг үеийг бодвол дур зоргоороо антибиотик авч уух нь хязгаарлагдсан. Гэхдээ өрхийн эмч нарын бичиж өгдөг жоронд антибиотик заавал багтдаг. Хүүхэд ханиад хүрэх бүрт ампиллин эсвэл амокцилав бичиж өгч байна. Манай эмч нар Ингэж антибиотик бичиж өгөхдөө хор нөлөөнийх нь талаар огт хэлдэггүй. Тухайлбал, антибиотик хэрэглэсэн тохиолдолд хүүхдийн гэдэсний ашигтай бактерийг хэвийн байлгах эм уулгах, элэг хамгаалах, мөөгөнцрийн эсрэг эм  заавал хэрэглэх шаардлагатайг хэзээ ч зөвлөдөггүй. Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхдэд маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл ханиад хүрсэн хүүхэд бүр антибиотик “идэж” байна. Цаашлаад эм нэлэгт хэвтэж эмчлүүлбэл 2-3 төрлийн антибиотик тарь даг. Жишээ нь, гентамицин гэдэг тариаг хэвтэж эмчлүүлж буй хүүхэд бүрт хийдэг юм билээ. Энэ тариаг гаж нөлөө ихтэй гэж эмч нар өөрсдөө хэлдэг хэдий ч хэрэглэсээр байгаа нь жирийн иргэдийг гайхшируулдаг. Гентамицин нь сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг гаж нөлөөтэй эмийн жагсаалтад ордог. Түүнчлэн эдгээр эм нь хүний дархлааг буруулдаг сөрөг үйлчлэлтэй. Энэ бүхнийг эмч нар өөрсдөө хэлдэг ч байнгын эмчилгээний жор нь байсан хэвээр. Эм био бэлдмэлийн улсын хяналтын байцаагч нар эмийн жорыг бичиж хэвшүүлж буй нь сайшаалтай ч анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч нар антибиотик бичиж эмэнд дасал бий болох эрсдэл үүсгэж буй нь учир дутагдалтай. Эмэнд дасалтай болсон хүүхдүүдийг эмчлэхэд бүр хэцүү болно хэмээн ярив. Сүүлийн үед эмийн гаж нөлөө илрэх тохиолдол улам бүр нэмэгдсээр байгааг 2018 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс харж болно. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар гэхэд эмийн гаж нөлөөний 102 тохиолдол бүртгэгджээ.

Халаас хоослох эмийн хэрэглээг зогсоох арга нь урьдчилан сэргийлэх

Хөгжингүй орнуудтай харьцуулахад бидний авдаг цалин өчүүхэн бага. Гэтэл өвлийн улиралд сарын цалингийнхаа ихэнхийг эмэнд зарцуулдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй биз. Манай улсын эмийн компаниуд хэрэглэгчийн эрх ашгийг хэзээ ч бодож байсангүй. Аль болох өндөр үнэ тогтоож, иргэдийн халаасыг суйлах арга хэрэглэсээр олон жилийг үдлээ. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад зарим эмийн үнэ Монголд 300 дахин өндөр байна гэсэн тооцооллыг эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Уг нь өвчлөл өндөртэй оронд эмийн үнэ иргэдийн амьжиргаанд нийцсэн байх ёстой гэж олон улсад үздэг юм билээ. Монголын эм импортлогчдыг эмийн үнээ бууруулахыг ДЭМБ удаа дараа шаарддаг хэдий ч эмийн бизнес эрхлэгчид үл ойшоодог. Нэг иргэн сард багаар тооцоход 70-80 мянган төгрөгөөр ханиадны эм худалдаж авдгаа хэлж байлаа. Ийн томчууд, хүүхэдгүй ханиаданд дарлуулж, сарын цалингаа эмийн санд тушаасаар. Өнөө цагт эм шиг ашигтай бизнес алга хэмээн АШУҮИС-ийн оюутан Б ярьж байлаа. Тэрбээр дотрын эмч болох зорилго өвөртлөн тус сургуульд элссэн ч эцэстээ эмзүйчийн мэргэжил сонгоход хүрчээ. Энэ нь мөнөөх эмийн бизнесийн ашигтай холбоотой аж. Хоёр, гурван жил эмийн санчаар ажиллаад, дараа нь хувийн бизнестэй болох боломжтой гэж ярьж суулаа. Ийн мэргэжилтнүүд энэ бизнес рүү хошуурах боллоо. Уг нь төр засаг нь олигтойсон бол эмийн бизнес эрхлэгчдийг хэт даврааж, зах зээлээс хэд дахин өндөр үнээр эм худалдаж буй үйлдлийг нь хазаарлах цаг болсон. Уг нь эмийн талаар төрөөс баримтлах бодлого гэж байдаг ч амьдралд хэрэгждэггүй. Тус баримт бичигт зайлшгүй шаардлагатай эмийн үнийг олон улсын жишиг үнийн хэмжээнд зохицуулах бодлого баримтална гэсэн байдаг ч үнэн хэрэг дээрээ биелдэггүй. Энэхүү баримт бичгийг эргэн харж, эмийн үнийн талаар төрөөс зохицуулалт хийх шаардлага тулгарч байна.

Дэлхий дахины түгшүүр ба анхааруулга

Антибиотикийн өндөр хэрэглээтэй орнуудыг эмийн хэрэглээнд болгоомжтой хандахыг ДЭМБ байнга анхааруулдаг. Дэлхий дахиныг хамарсан халдварт өвчинд Монгол өртлөө гэхэд антибиотикоор угжуулж өссөн хүмүүсийг эмчлэхэд хүчин мөхөстөнө гэсэн үг. Хүний биед аль хэдийн дасал болсон тохиолдолд хэр баргийн өвчнийг анагаахад амаргүй болно гэж олон улсын судлаач эрдэмтэд байнга анхааруулсаар байна. Сүүлийн үед уушгины хатгаа, шээсний замын халдварууд антибиотикт улам бүр тэсвэртэй болж буйг ДЭМБ-ын тайланд дурджээ. Одоо хэрэглэж буй антибиотикууд хүний биед дасал болсон тул шинэ эм гаргаж авах шаардлага тулгараад байгаа юм. Гэвч эрдэмтэд шинэ төрлийн антибиотик гаргахад хүчин мөхөстөөд байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд ДЭМБ-д эмнэлзүйн судалгааны шатанд байгаа 51 зүйлийн антибиотик, био эм бэлдмэлийг эрдэмтэд танилцуулжээ. Гэвч эдгээр эм бэлдмэлийн дотроос ердөө найман зүйлийг шинэ ахиц гаргасан эм бэлдмэлд тооцож байна. Энэ нь одоогийн антибиотикийн нөөцийг хожим зохих хэмжээнд өргөжүүлэх боломж нээх найдлага төдий байгаа аж. Судлаачид 2050 он гэхэд антибиотикт тэсвэртэй нянгийн улмаас жилд 10 сая хүн амиа алддаг болно гэсэн тооцоолол гаргажээ. Иймээс улам бүр тэсвэртэй болж, мутацид орж буй нянгуудыг устгахын тулд шинэ антибиотикийн эрэлд эрдэмтэд гараад буй. Харин энэ эрэл бүтэл муутайхан байгаа талаар ДЭМБ-ын Сүрьегийн халдвар эмчлэх хөтөлбөрийн хэлтсийн дарга, доктор Марио Равиглионе нэгэнтээ мэдэгдэж байв. Гэхдээ шинэ эм бэлдмэл бүтээлээ гээд нянгийн эсрэг тэсвэржилтийн заналхийллийг хангалттай шийдвэрлэж чадахгүйг ДЭМБ мэдэгдсэн. Иймээс улс орнууд, хамтын ажиллагааны түншүүдийн хамт халдвараас сэргийлэх, тогтоон барихыг сайжруулахын тулд хичээн зүтгэж, одоогийн болон ирээдүйд бүтээгдэх антибиотикийг зөв зүйтэй хэрэглэхийг ДЭМБ анхааруулсаар байна. Тус байгууллага “нянгийн эсрэг эм бэлдмэлд тэсвэрлэх шинж нь орчин үеийн анагаах ухааны дэвшилд ноцтой саад болж байна. Сүрьеэ зэрэг антибиотикт тэсвэртэй халдварын судалгаа, хөгжилд улам их хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарлаа. Эс бөгөөс ердийн халдвараас айж цочирддог, жижиг хагалгаа хүртэл амь насанд аюул учруулдаг байсан, он жилүүд рүү буцаж очих болно гэж тэмдэглэжээ. Тиймээс өнөөдрийн багачуудын антибиотикийн хэрэглээ идээдүйд үхэлтэй нүүр тулах эрсдэл болж буйг монголчууд ухаараасай билээ.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих