Гурван настай хүүхдийг амиа хорлосон гэдэг шүүх, цагдаа хөөрхий

Нэг аймшигтай хэрэг гарчээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Тавантолгой” ХК-ийн ажилчдын тосгонд усан оргилуур дээр тоглож байсан хоёр хүүхэд нас барсан байна.

Нэг нь ердөө 10 настай буюу ах нь, нөгөө нь учраа мэдэхгүй, хөлд орж яваа гурванхан настай балчир. Тэд “Тавантолгой” ХК-ийн ажилчдын тосгонд байрлуулсан усан оргилуур дээр тоглож байсан гэнэ.

Тус компанийнхан усан оргилуурыг байгуулахдаа цахилгаан угсралтын аюулгүй байдлыг огт хангаагүй нь ийн бяцхан хүүхдүүдийн аминд хүрсэн байна. Хамгийн сонирхолтой нь цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг хянаж үзээд, хүүхдүүдийг амиа хорлосон гэж үзсэн байх юм. Ингэхэд гурван настай хүүхэд амиа хорлох нь байтугай, амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй биз дээ. Тийм байхад амиа хорлох талаар бодож чадна гэж үү.

“Тавантолгой” ХК-ийнхан хүүхдүүдэд зориулж тус бүр нэг сая 200 мянган төгрөгийн нөхөн олговор өгчээ. Гэхдээ хүний амь гэдэг дөнгөж нэг сая гаруйхан төгрөгөөр үнэлэгдэнэ гэж үү. За энэ ч яах вэ, хүүхдийг ямар үндэслэлээр амиа хорлосон гэж үздэг байна аа. Ийм шийдвэр гаргаж байдаг мөрдөн байцаагч, түүний ажиллагаанд хяналт тавьж буй прокурор хоёрыг үнэхээр өрөвдөж байна. Тэд Тавантолгойгоос хэдэн төгрөг авсан болоод ийн илтэд хууль зөрчсөн, “сонирхолтой” шийдвэр гаргадаг билээ.

Усан оргилуурт унаад нас барчихсан бол ядаж арай өөрөөр бодож болохсон. Хөл алдаад эсвэл үнэхээр мөрдөгчдийн үзээд байгаа шиг амиа хорлосон байж болно. Гэтэл хоёр бяцхан хүүхэд усан оргилуурт тоглож байгаад цахилгаанд цохиулж нас барсан шүү дээ. Яаж ч бодсон “Тавантолгой” ХК-ийнхан хариуцлага хүлээхээр байгаа биз.
Юутай ч хүний эрхийн хуульч И.Ичинноров уг хэрэгт стратегийн өмгөөлөл хийхээр болсноо өчигдөр зарлалаа. Энэ өмгөөлөл амжилттай болно гэж найдъя. Ерөөсөө төрийн хуулийг уландаа гишгэж, бяцхан хүүхдүүдийн амь насаар “туг тахьчихаад” ичих ч үгүй, зүгээр явж байгаа “Тавантолгой” ХК-ийг татан буулгасан нь дээр юм байна. Энэ компани ер нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 40 гаруй жил ажилласан гээд ямар гавьяа байгуулсан юм бэ.

Камаз мөргөлдүүлж, хүний аминд хүрлээ л гэж дуулснаас биш Өмнөговьд тийм, ийм сайхан зүйл хийлээ гэж дуулдаагүй юм байна. Одоо бүр ажлаа хийж яваа жолооч нар бус бяцхан хүүхдүүдийн амиар ч “тоглох” аятай болжээ. Улсын төсөв хэчнээн төгрөгийн татвар төлөөд, хэчнээн төгрөгийн ашигтай ажилладаг нь тодорхой бус. Тэгсэн хэрнээ хувьцааных нь үнэлгээ хамгийн өндөр гэж байгаа. Ядаж ганц километр зам барьчихсан бол асуудлыг арай өөрөөр харж болохсон.

Гэтэл тийм зүйл байхгүй шүү дээ. За яах вэ, бизнесийн байгууллага ашгаа олоод явж болно. Заавал орон нутагт юм хийх шаардлагаүй гэж өмөөрсөн ч болно. Гэтэл бүхэл бүтэн хүний амь насаар тоглочихоод, ичих ч үгүй, амиа хорлосон гээд явж байгааг нь үнэхээр “үзэн ядаад” байна. Гуравхан настай хүүхэд яаж ч бодсон амиа хорлохгүй биз дээ, та минь.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих