Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын он солигдох мөчид хэлсэн үг
Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!
Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.
Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.
Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.
Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.
Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр хангагдана гэдэгт миний бие итгэж байна.
Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.
“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.
Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.
Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.
2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.
Төр засаг, тогтвортой
Түмэн олон амгалан байх болтугай.
URL: