Сонгинохайрхан дүүргийн МАН-ын зөрчил ширүүсч дүүргийн дарга намын дарга хоёр нь албан тушаалаа булаацалдаж эхэлжээ

Нийслэлийн нэг дүүрэг хоёр гурван аймагтай тэнцэх хэмжээний хүн амтай. Сонгинохайрхан дүүрэг гэхэд л 270 мянган хүнтэйгээс 100 гаруй мянга нь сонгуулийн насных. Өмнөх сонгуулиас энэ дүүргээс МАН-аас ганцхан Д.Тэрбишдагва гишүүн л гарч бусад нь унасан. Тэгвэл энэ сонгуулиар АН-аас суудал булаацалдах үүргийг МАН-ын Удирдах зөвлөлөөс дүүргийн намын хороонд буулгасан аж. Дээд байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэх гэсэн дунд шатныхан эхлээд хоорондоо сандал ширээгээ хувиарлаж учир зүйгээ ололцохоор бужигналдаж эхэлжээ.

Гол маргаан нь сонгууль дөхөж байгаа учир дүүргийн болон намын даргын албан тушаалыг нэгтгэх эсэх дээр хэл амаа ололцохгүй гацжээ. Дүүргийн даргыг Ц.Болд, намын хорооны даргыг Баярсайхан гэх эмэгтэй тэргүүлж байгаа. Аль алинд нь албан тушаалаа нэмж, бүх эрх мэдлийг гартаа атгах сонирхол байгаа нь мэдээж биз. Намын хорооны дарга нь сонгуульд ялалт байгуулахын тулд дүүргийн дарга, намын дарга хоёр нэг хүн байх ёстой. тэгэхгүй бол ялагдвал би хариуцлага үүрэхгүй хэмээн туниж тунирхсан сурагтай. Ц.Болд дарга ч бас л сонгуулийг өмнөө барьж нэр дэвшигчдээ бүгдийг нь гаргахын тулд намын даргыг надад өг хэмээн шаардаж байгаа гэнэ. Намын дарга эмэгтэй фракцынхан дүүргийн дарга байнга мөнгө төгрөг идэж уусан, үүнээс болж намын нэр хүнд унаж байгаа хэмээн овжин аргаар буруутгаж байна. Үнэхээр Ц.Болд дарга Хот тохижуулахад ажиллаж байхдаа их хэмжээний төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, үүнээс нь улбаалан баригдаж хоригдсон гэх шуугиан дэгдэж байсан. Тэгвэл засаг даргын талыхан ч намын дарга хатагтайгаа өндөг шиг өөгүй хүн биш гэх мессэж тарааж өгсөн.

Юуны өмнө өмнөх сонгуульд ялж чадаагүйн төлөө буруутгаж байгаа нь мэдээж. Дээр нь дүүргийн намын хороо нь талцсан тэмцэлдсэн бүлэглэлд хуваагдаж, хэм ам хэрүүлээс салахаа байсан нь намын даргын “хор найруулдагаас” болсон гэнэ. Баярсайхан дарга ч намдаа их “өртэй” хүн бололтой. Анх 2000 онд гишүүнээс элсэхдээ дэлгүүрийн худалдагч байсан тухай шивэр авир яриа байдаг. Тэгвэл гэрлийн хурдаар албан тушаал дэвшиж, дүүргийн ИТХ-ын даргын албыш хашсан, одоо хотод том дарга болсон. Бас 1 дүгээр хороололд нэгэн шинэ обьект бариулж байгаа нь олны хэл аманд өртсөн бололтой. Намын дарга, дүүргийн дарга хоёр нь хоёр тал болон өрсөлдөж байх энэ үеэр нэр дэвших сонирхолтой хүмүүс намын байрных нь хаалгыг байнга онголзуулах болжээ.

Шинэ шинэ хүмүүс ч гарч ирсэн гэнэ. МАН-ын шинэ байр болох Тусгаар тогтнолын ордонг барьсан Өндөр буянт компаний захирал Төмөрхүү нэр дэвших хүсэлтэйгээ нуухгүй байгаа аж. Тэрбээр Тусгаар тогтнолын ордонг барьсан гавьяагаа нуухгүй байгаа ч намын олон зуун мянган гишүүний хандив туслалцаагаар боссон юм шүү гэдгийг ч сануулах хүн олон байна. Гэхдээ МАН-ын шинэ байрыг барих хүсэлтэй хэдэн арван компаниас “Өндөр буянт” компани сонгогдсон гэдгийг бодолцож үзэхэд гэмгүй.

У.Хүрэлсүх намын генсек болонгуутаа л шинэ байрны ажилд орж, энэ компанид итгэл үзүүлсэн нь генсек захирал хоёр дотно болохыг нэгэн нотолгоо юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Тусгаар тогтнолын ордонг албан ёсоор нээхийн өмнөх өдөр У.Хүрэлсүх барилгачдын гарыг цайлгасан явдал нэгийг хэлээд байна. Барилгын ажилд нийтдээ 180 гаруй ажилласан бөгөөд оройхон нь генсек У.Хүрэлсүх Төмөрхүү захирал хоёр ирэн ажилчдыг жагсааж байгаад талархал дэвшүүлэхийн хамт хүн бүрт 300 мянган төгрөг бэлнээр өгч хишиг хүртээсэн гэдэг. МАН-ынхан нүнжигтэй гэдгийг харуулсан энэ арга хэмжээнд доод тал нь 55 сая төгрөг зарцуулагджээ.

Тэгэхээр У.Хүрэлсүх хэрвээ Өндөр буянт компаний захирлыг нэр дэвшвэл дэмжих нь тодорхой бололтой. Үүнээс гадна улсын аварга НИТХ-ын төлөөлөгч Д.Сумъяабазар “эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” болохыг ч хэлээд авч. Бас нэг сонирхолтой хүн дүүргийн намын хороогоор эргэлдэх болсон нь МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Барсболд гэнэ. Тэрбээр зохион байгуулж буй арга хэмжээ бүрт ирж, намын залуучууд ахмадуудтайгаа уулзаж ярилцаж байгаа нь тохиолдлын хэрэг биш биз.


URL:

Сэтгэгдэл бичих