Улсын бүртгэл, даатгалын баримтыг хуурамчаар бүрдүүлдэг бүлэглэл

7980

Өнөөгийн Монголын том, жижиг хулгайчууд төрийн сангуудыг тал талаас нь ухаж хоосолсоор байна. Өмнө нь нийгмийн даатгалаас найз нөхөд, эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар их хэмжээний мөнгө хусаж хөлжсөн албан тушаалтнуудын хэргийг хэдэн жил дараалан мөрдөж шалгаад, шүүхээс заримд нь цөөн жилийн ял оноосон болоод өнгөрч байлаа. Өнгөрсөн хавар дампуурсан Капитал банкны эзэд мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зэрэг төр, түмний хөрөнгийг  хэдэн зуун тэрбумаар нь үгүй хийчихсэн  хэргийн маргаан одоо дээр дооргүй ид яригдаж байна. Энэ хэрэгт төрийн албаны томчууд холбоотой байж болзошгүй гэсэн хардлага ч бас хаа сайгүй өргөж байна. Тэгвэл жижиг гарын хулгайчууд буюу төр, засгийн дунд, доод шатны албан тушаалтнууд нь бас зүсэн бүрийн аргаар нийгмийн даатгалын мөнгийг хувьдаа авч баяжихаар улайрч байдаг аж.

Саяхан Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар нэлээд хэдэн байгууллага, хувийн компаниуд хүмүүсийг ажилд томилж ажиллуулсан баримт бүртгэлийг хуурамчаар үйлдэн, их хэмжээний мөнгийг даатгалд төлсөн мэтээр залилан мэхэлж байсан нь илэрсэн байна. Мөн түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд нь улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулж, зарим хүмүүсийн баримт мэдээллийг санаатайгаар өөрчлөх замаар даатгалын сангаас хулгай хийдэг байжээ. Тухайлбал, тус хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн дарга У.Хаш-Эрдэнэ гэгч нь улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нартай хамтран нийгмийн даатгалын хураамж огт төлж байгаагүй ная орчим иргэний бүртгэлийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд нэлээд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулан мөнгө аваад уг хуурамч баримт мэдээллүүдээ удалгүй устгаж байсан байх юм. У.Хаш-Эрдэнэ нар нь бас ийм аргаар мөнгө авсаныхаа дараа мөнгөө улам өсгөж баяжихын тулд цахим сүлжээг ашиглан “Өндөр үнийн дүнтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгоно” гэсэн зар түгээж, бусдад зээлдүүлэн хүүлж цулайдаг байжээ. Тэд иймэрхүү залилангийн хэрэгтээ мөн гадаад улсын виз гаргахад зуучилдаг залилагч нарыг ч татан оролцуулж, мөнгөө үржүүлэх арга ухаан сийлдэг байсан юмсанж. Ийм хамтрагч нарынх нь нэг Н.Болорсайхан гэдэг залууг саяхан цагдаагийн мөрдөгчид нь У.Хаш-Эрдэнэ нарын хамт шалгаж эхэлжээ. Нэг үгээр хэлбэл, эдгээр хүмүүс нь төрийн байгууллагад ажиллах далимаараа төрийн санг хоосолдог, улмаар бусад янз бүрийн залилангийн хэргүүдийг угсруулан хийдэг бүлэглэл болж ид хүчээ авч байх үедээ шударга иргэдийн мэдээллийн дагуу цагдаа нарт баригдсан байна.

У.Хаш-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст арваад жил ажилласан нэгэн ажээ. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараагаар томоохон дарга нарынхаа ивээлээр энэ хэлтэстээ тасгийн даргын суудалд заларсан бөгөөд чоно борооноор гэгчийн үлгэрээр дүүргийн удирдлагууд нь сонгуулийн будлиан зэргээс болоод солигдож, холигдон, эмх замбараа муутай байсан нь дээрх залилангийн хэргийг санаачлан, гардаж хийхэд тун аятайхан далим болж, тийнхүү хуурамч баримтуудаар мөнгийг бөөн бөөнөөр нь авч эхэлсэн байв. Ер нь хаана зохион байгуулалт, хяналт сул байна, тэнд залилан мэхлэгч, төрөл бүрийн хулгайч нар бугшиж байдаг хойно, арга ч үгүй биз. Хэрвээ тус дүүрэгт дэг журам чанга байсан бол ийм хэрэг гарахгүй байсан нь лавтай. Харамсалтай нь Баянзүрх дүүргийн засаг захиргааныхан одоо ч эмх замбараагүй хэвээрээ л байгаа ажээ. Иймд У.Хаш-Эрдэнийн толгойлсон залилангийн бүлэглэлд элссэн тэдгээр хүмүүс нь мөн арилжааны банкнаас зээл авч байгаа иргэдэд аж ахуйн байгууллагын албан бланк дээр цалингийн тодорхойлолтыг хуурамчаар бичиж, нийгмийн даатгалын дэвтэр, бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгснийхөө шанд хүн тус бүрээс дөрвөн сая төгрөг  авдаг байсан байна.

Тэдний талаар манай сайтад нэрээ  нийтлүүлэхээс татгалзсан нэгэн баттай эх сурвалж хэлэхдээ “У.Хаш-Эрдэнэ, П.Одбаяр, Э.Нямдорж нар маш нарийн зохион байгуулалттай бүлэг болж ажиллаж байсныг бид саяхнаас л мэдлээ. Тэд залилан мэхлэх ажлаа нэгбүрчлэн хуваарилж аваад хийдэг байсан юм байна” гэсэн юм. Мөн У.Хаш-Эрдэнэ тэргүүтэй залилангийн энэхүү бүлэглэлээс хуурамч баримт бичиг гардаж авсан хүмүүсийн тоо одоогоор ная гаруй болоод байгаа ажээ. Тэдгээр хүмүүсийн зарим нь арилжааны банкуудаас гуч орчим сая төгрөгийн зээл аваад бултдаг бөгөөд үүнээс болж арилжааны банкуудад хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан тухай яриа ч бас сүүлийн үед чих дэлсэх болжээ. Тэдний хэргийг хууль хяналтынхан сайтар шалгаад наад зах нь Эрүүгийн 23.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэдэг үндэслэлээр яллах биз ээ.   

О.Баяр

Шуурхай.мн 


URL:

Сэтгэгдэл бичих