Ялаас чөлөөлөгдсөн ч хохирлоо барагдуулаагүй Ерөнхий сайд сонгуулийн хуулийг тойрох уу
“Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ
Сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял авсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн заалт оруулсан. Энэхүү заалтыг байнгын хороон дээр унагасан ч чуулганы хуралдаан дээр гишүүд дэмжсэн учраас тэр чигээрээ батлагдсан. Нэг талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож ял авсан учраас түүнд зориулагдсан заалт гэж үзэж байгаа ч нөгөө талдаа одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хамаатай. Тиймдээ ч МАН-ын даргын нэр дэвших боломжийг эргэн харах л хэрэгтэй болов уу.
Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хамаатай “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэргийн хохирлыг одоо ч хэн нэгэн барагдуулаагүй. Тодруулбал, одоогоос 11 жилийн өмнө “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, ганцхан хүн ял авсан ч ганц төгрөгийн хохирлыг барагдуулалгүй өдийг хүрсэн.
Тухайн үед У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байсан. Тэрбээр 11 сая төгрөгийн Фургон машиныг “Хадгаламж” банкны мөнгөөр хувьдаа завшсан хэмээн буруудаж Эрүүгийн хуулийн 150.150.3-аар буруутгагдан хэрэг нь шүүх рүү шилжиж ял авсан түүхтэй. Түүнийг энэ хэргээс хэрхэн яаж мултарсан тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгийн сайн мэдэх хүн. Түүгээр ч зогсохгүй мань хүн дээр У.Хүрэлсүх “ах аа, намайг бодоорой” гэдэг шиг алтан аяга барьж очсон тухай яриа ч бий.
Уг нь У.Хүрэлсүхэд тухайн үед Анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял ногдуулсан байдаг. Гэтэл тэд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалт руу буцаасан байгаа юм. Тэр үеийг ашиглан У.Хүрэлсүх, Н.Энхбаяр дээр очихдоо хадган дээр алтан аяга барьж, өршөөл эржээ. Тэрхүү үйл явцын дараа У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож “Хадгаламж” банкны нягтлан бодогч асан Ц.Чимидцэрэн бүх бурууг ганцаараа үүрч 10 жилийн ял авсан түүхтэй.
Товчхондоо 14.2 тэрбум төгрөгийн хэргийн холбогдогч нар өдгөө УИХ-ын дарга, Ерөнхий сайд болчихсон яваа нь сонгуулийн хуулийг шударгаар хэрэгжүүлэх боломж хэр байгааг харуулах болох нь. Саяхан Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгдэж, кабинетийн гишүүд нь хэрэгжүүлсэн. Тэгвэл Ерөнхий сайд өөрийн холбогдсон хэргийнхээ хохирлыг өнөөг хүртэл барагдуулаагүйдээ ямар хариуцлага хүлээх вэ. Эсвэл одоогийнх шигээ шударга эх оронч дүрд тоглосоор явах уу.
URL: