“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”
Монгол Улсын Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийн дэмжих жил” болгон зарласан билээ. Нийслэл “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна.
“Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хуралд нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа. Ажлын хэсгийнхэн 102 байгууллага, харьяа газар, агентлагуудаас санал авах албан бичиг хүргүүлж 80 гаруй санал авсныг нийслэл, орон нутгийн хөтөлбөрт тусгажээ. “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ямар нэгэн дэмжлэг, халамжид хамрагдаагүй хөдөлмөрийн чадварай өрхөд дэмжлэг үзүүлэхээр болж байгаа юм. Төлөвлөгөө найман бүлэг 96 заалттай. 1.Хууль эрх зүйн орчинг сайжруулах, 2.Зохион байгуулах ажлын талаар, 3.Судалгаа мэдээллийн сан байгуулах, 4.Сургалт сурталчилгаа, 5.Ажлын байр бий болгох, зуучлах, 6. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, 7.Халамжийн үйлчилгээний талаар, 8.Өрхийн хөгжил хотын соёлыг багтаажээ.
“Гол нь иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын саналыг авсан уу. Үндсэн төлөвлөгөөндөө тэдний саналыг тусгаж өгвөл илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй байх болно. Тэд яг юу хүсээд байгааг нь мэдэж байж төлөвлөгөөгөө боловсруулах ёстой” гэсэн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн асуултад Нийслэлийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Д.Бямбасайхан
-Өрхийн хөглийг дэмжих төсөл, Ажил олгогч эздийн холбоо, бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн юм. Тэрбээр нийслэлээс 28 мянган өрхийг нүүлгэн шилжүүлэх гэсэн заалтын тухайд “Ажлын хэсэг Үндэсний зөвлөлдөх хороотой уулзаж тэр асуудлаар тодорхой зөвшилцөлд хүрсэн байгаа. 28 мянга гэдэг тоогоо аваад ер нь аюултай бүсэд буусан айлуудыг нүүлгэх болгож оруулсан байгаа” гэв.
Зөвлөлийн гишүүд ажлын хэсгийнхэнд иргэдийн оролцоог дэмжих гэдэг ерөөсөө иргэд ямар саналтай байгаа, байгууллагууд ямар санал оруулахыг хүсэж байна, тэд хаана, хэнд, яаж хандахыг нь хүртэл хэлж өгөх, энэ талаар маш нарийн судалгаа аваад төрийн байгууллагууд түүнийг нь томоохон бодлогын хэмжээнд төлөвлөгөөндөө тусгаж ажиллах нь зөв гэсэн санал өгснөөр асуудал дэмжигдлээ.
Нийслэлийн хэмжээнд зарласан “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг энэ сарын 15-нд зохион байгуулах юм. Энэ үер өнгөрсөн жил бичил зээл авч үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн иргэдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, олон танилцуулах аж. Бичил бизнес эрхлэгчдээс бизнес нь ажилттай явж улсад татвар төлөгч болтлоо өргөжсөн аж ахуйн нэгж ч бий гэнэ. Энэ үеэр иргэдэд хэрхэн зээл тусламжид хамрагдах, өрхийн хөгжлийг дэмжих жилд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, нэгдсэн ойлголт өгөх юм.
URL: